Холливудын од Орландо Блум, топ модель Миранда Керр нар гэр бүлээ цуцлуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэдний гэр бүлийн харилцаа хөндийрсөн тухай энэ оны эхнээс хойш л хэвлэлүүдээр шуугьж байсан боловч тэд салж байгаа гэдэг мэдээллийг үгүйсгэсээр байсан билээ. Тэр ч бүү хэл хамтдаа олны өмнө гарч, өнгөрсөн сард гэхэд Орландо Блумын Броудвейн шинэ жүжгийн нээлтэнд эхнэр нь оролцсон юм. Гэтэл энэ бүхэн зөвхөн жүжиг байсан бололтой. “Сүүлийн хэдэн сард тэд үндсэндээ тусдаа амьдарч байгаад гэр бүлээ албан ёсоор цуцлуулах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн Орландо Блумын хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Холливудын хамгийн дур булаам залуусын нэг гэгддэг Орландо Блум Австралийн загвар өмсөгч Миранда Керртэй зургаан жилийн өмнөөс болзож эхэлсэн юм. Тэд гурван жилийн өмнө хуримаа хийж, 2011 онд хүүтэй болсон билээ. Тэд чухам ямар шалтгаанаар салж байгаагаа мэдэгдээгүй ч ажлын завгүй хуваарийн улмааср байнга тусдаа байсан нь нөлөөлсөн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Орландо Блум сүүлийн хоёр жил “Хоббит”, “Зулу” кинонд тоглохоор Африк, Шинэ Зеландад ихэнх цагийг өнгөрүүлж, эзгүй байсан бол Миранда Керр загварын ажлаар голдуу Европыг зорьж байсан юм.