Bluе хамтлагийн гишүүн Данкан Жеймс манайд ирж тоглосныхоо дараахан дампуурлаа зарлаж байсан бол хамтлагийн өөр нэг гишүүн Саймон Веббе мөн л төлбөрийн ямар ч чадваргүй болсноо мэдэгдсэн байна. Тэрээр саяхан Лондонгийн дээд шүүхэд хандан дампуурлын өргөдлөө мэдүүлжээ. Үүгээр “Blue” хамтлагийн гурван гишүүн нь санхүүгийн хувьд хүнд байдалд ороод буйгаа олон нийтэд мэдэгдээд байна. Тус хамтлагийн дуучин Энтони Коста оны эхээр ярилцлага өгөхдөө “Хамтлагийнхаа ид оргил үед сарын 250 мянган фунтын орлоготой байснаа хамтлаг тарсны дараа ердөө 400 фунтээс өөр орлогогүй нэгэн болж хувирсан нь хүнд цохилт болж, бүр орох оронгүй болохдоо тулж байсан” тухайгаа дурсч байсан удаатай.
2000 онд байгуулагдсан Blue хамтлаг 15 сая хувь цомог борлуулж, 80 сая фунтийн орлого олсны дараа 2005 онд тарсан. Гэвч энэ их мөнгөнөөс хамтлагийн гишүүд тийм ч өндөр хувь хүртэж чадаагүй хэмээн тэд гомдоллодог. Тус хамтлагийн менежментийг хариуцаж байсан “Blueworld” хамтлаг энэ оны тавдугаар сард хэдэн мянган фунтийн өр зээлээ төлж чадаагүй дампуурсан юм.