ОХУ-ын Костром хотноо буухиалан аялж явсан “Сочи-2014” өвлийн олимпын бамбар 13 настай охины гарт дэлбэрсэн тухай “Эхо Москвы” мэдээллээ. Галыг хурдан унтраасан болохоор охины гар л түлэгдсэн хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Дэргэд нь байсан хүмүүс галыг унтраах гэсэн ч чадалгүй бамбарыг охины гараас салгажээ. Харин “Сочи-2014” зохион байгуулах хорооныхон энэ мэдээллийг няцааж байгаа ч сайтуудад дүрс бичлэг нь нэгэнт тавигджээ. Өвлийн олимп зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко бамбар дэлбэрээгүй, 13 настай ямар ч охин байгаагүй, бамбарыг зөвхөн Оросын иргэн, 14-өөс дээш насны хүмүүс буухиалж байгаа гэж мэдэгдсэн байна.
“Сочи-2014” олимпын бамбар буухиалж эхэлснээс хойш Москвад Кремлийн орчим явж байхдаа унтарсан тохиолдол гарсан юм. Үүнээс хойш бамбар унтарсан тохиолдол дөрвөн ч удаа гараад байгаа юм. Олимп эхлэх хүртэл буухиалах энэхүү бамбарыг Красноярскийн машин үйлдвэрлэлийн завод 207 сая рубиэр үйлдвэрлэсэн юм. Олимп зохион байгуулах хорооныхон цаашид цас бороо, хүчтэй салхитай байсан ч бамбар унтрахгүй гэж амлаж байна.