Азид тэр дундаа Монголд анх удаа зохион байгуулах гэж буй бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход ердөө хоёрхон хоног үлджээ. Дэлхийн шилдгийн шилдэг тамирчид нэгэн дор хуран чуулж, эрүүл чийрэг бие цогцос, их спортын сайхныг мэдрүүлэх эл тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улс өнгөрсөн жил авсан юм. Энэ сарын 24, 25-нд болох тус тэмцээнийг тэсэн ядан хүлээж буй хүн цөөнгүй. Сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуус эрүүл чийрэг, төгс бие галбиртай болохын төлөө эл спортоор хичээллэх нь нэмэгджээ. Тийм ч учраас удахгүй болох бодибилдингийн ДАШТ энэ спортын цаашдын хөгжил, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх цаашлаад гадаад улс оронд эх орноо сурталчлах боломж олгож буйгаараа өндөр ач холбогдолтой. Энэ тухай холбогдох албаны хүмүүс, тамирчидтай уулзаж ярилцлаа.
Г.Очир: Хүн бүр хөдөлж байх ёстой
Тэмцээн ойртож буй энэ өдрүүдэд бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очиртой ярилцлаа.
-ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг өнгөрсөн онд авсан. Бэлтгэл ажил сайн хангагдсан байх?
-Бодибилдингийн тэмцээний бэлтгэл ажлын хамгийн гол нуруу нь тэмцээнд оролцох тамирчдын хоол унд, байрлах буудал, тээврийн асуудал байдаг. Үүний дээр тайзан дээр болдог спорт болохоор тэмцээн болох газар болоод тайз заслын асуудал нэн чухалд тооцогддог. Мэдээж, гадаадын нэр хүндтэй тамирчид зорин ирж буй учир тав тухтай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Наад зах нь, маш их биеийн хүчний бэлгэл хийдэг болохоор чанартай хоол хүнс, цэвэр, тав тухтай орчин шаардлагатай. Ямартай ч, бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Одоо тамирчдаа угтан авах л үлдээд байна. 42 орны 300 гаруй тамирчин ирэх учраас манай талаас тэмцээний үеэр ажиллах хүн хүч, хөрөнгө мөнгө дутмаг буйг эс тооцвол бусад зүйл жин тан болсон. Юутай ч, Монгол Улсынхаа нэр хүндийг хөөдөхгүйн тулд ажиллаж байна.
-Ази тивд тэр дундаа манай оронд анх удаа болж байгаа болохоор өндөр ач холбогдол өгч байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. ДАШТ бол бодибилдингийн спортын ноён оргил, хамгийн нэр хүнд бүхий тэмцээн. Энэ ч утгаараа шилдэг тамирчид оролцдог. Азийн орнуудаас манайд анх удаа болох гэж байгаа нь Монголын бодибилдинг, фитнессийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал юм.
-Ахмадын болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн гэсэн. Хэдэн төрөлд, ямар насны ангиллаар өрсөлдөх вэ?
-Залуучуудын төрөл нь 23 хүртэлх насанд эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай.
Харин ахмадын төрөл нь эрэгтэй, эмэгтэй гэсэн 35-аас дээш, 40-өөс дээш, 50-иас дээш, 60-аас дээш гэсэн насны ангиллаар болно. Тамирчид нийт 25 төрлөөр өрсөлдөнө. “Баянгол” болон “Фловер” зочид буудалд тамирчдаа байрлуулахаар болсон. Тэмцээн “UB Palace”-ийн концертийн их танхимд энэ сарын 24-26 -ны хооронд болно.
-Төсөв хөрөнгөний хувьд хэр хангалттай төсөвлөсөн юм бол?
-Яамнаас 100 сая төгрөгийн санхүүжилт гаргаж өгсөн. Гэхдээ тэмцээн зохион байгуулахад зарцуулсан нийт зардлаа тооцоход одоогийн байдлаар 400 орчим сая төгрөг болж байна. Ямар ч байсан манай холбоо болон эл спортод элэгтэй хүмүүсийн ач тусаар бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэдээж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоор чамгүй хөрөнгө мөнгө шаардана. Ер нь, бодибилдинг фитнесс нь тухайн улс орны ард иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд маш их нөлөөтэй спортын нэг. Хүн болгон бокс тоглоод байдаггүй, жүдогоор барилддаггүй. Харин нийтийн биеийн тамирыг сурталчилж дэмждэг спорт нь бодибилдинг фитнесс юм. Тийм ч учраас гадаадаас ирж буй нэр хүндтэй тамирчдын үзүүлбэрийг төр засгийнхан, ард иргэд, хүүхэд залуус үзэж энэ спортын гоё сайхан, үр өгөөжийг танин мэдэх хэрэгтэй. Хоёр өдрийн тэмцээний тасалбар ч хаямдхан арван мянган төгрөг шүү дээ.
-Бодибилдингийн спорт маш сайн бэлтгэл, техник, тоног төхөөрөмж шаарддаг учир нэг тамирчныг дагаад 1-2 туслах нь ирнэ. Энэ ч утгаараа манай аялал жуулчлалд багагүй үр өгөөжөө өгөх байх?
-Тэгэлгүй яахав. Дан ганц дэлхийн аваргын тэмцээн болоод өнгөрөх бус энэ талын ач холбогдол тун их. Тэдгээр тамирчны дийлэнх нь Монголд анх удаа ирж байгаа. Нэг хүн ядаж сувинер, бэлэг дурсгалын зүйл авлаа гэхэд гар урлал эрхлэгчдэд чамгүй хөрөнгө оруулалт болно доо. Ресторанд хоол идэх, жуулчдад зориулсан урлагийн тоглолт үзэх, такси, нийтийн тээврийн унаагаар зорчино гээд л багагүй нөлөөтэй. Цаашлаад манайд саатах хугацаагаа сунгавал төдий чинээгээр аялал жуулчлалын салбарт ашигтай. Наад зах нь, гадаад валютын эргэлт бага ч гэсэн нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэт олон улс, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүд эх орондоо зохион байгуулах нь гаргасан зардлаасаа ч илүү өгөөжтэй шүү дээ.
-Манайхаас хэдэн төрөлд хэчнээн тамирчин оролцох вэ?
-Манайхаас 11 төрөлд 17 тамирчин оролцоно. Бодибилдингийн спортыг ерөнхийд нь төрөл, жингээр ангилдаг. Фитнесс, бодифитнесс гэхчлэн цөөнгүй төрөлд хуваагддаг бол энэ дотроо мөн жингээр ангилагддаг.
Жишээ нь, фитнессийн 70, 80, 85 кг гэхчлэн жин, төрөл тус бүр өөр өөр онцлогтой. Товчхондоо, бодибилдинг их спорт бөгөөд түүний дотор бодифитнесс, фитнесс гэж ангилагдаж байгааг нь салбар нэгж нь гэж ойлгож болно. Бодифитнессийн тамирчдыг 163 см-ээс дээш болон доош өндрийн хэмжээгээр нь ангилан төрөл болгон хуваах жишээний. Энэ мэтчилэн бодибилдингийн спорт нийт 25 төрөлтэй.
Г.Мөнхбаяр: Спортыг дэмжинэ гэдэг эрүүл мэндийг дэмжинэ гэсэн үг
Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэг “Мистерсжим” фитнесс клубийн захирал, бодибилдингийн спортын мастер Г.Мөнхбаяртай тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрээр өнгөрсөн сарын 21-нд манай улсад болсон Азийн хэвтээ шахалтын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
-Юуны өмнө, Азийн хэвтээ шахалтын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медалийн эзэн болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ дашрамд танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
-Бэлтгэлээ хэр базааж байна?
-Өдөр бүр л бэлтгэлээ хийж байна. Ер нь, давгүй шүү. Форум сайтай, тогтмол бэлтгэлтэй байгаа болохоор дажгүй ээ. Азийн хэвтээ шахалтын тэмцээнд оролцоод удаагүй болохоор энэ тэмцээний бэлтгэл арай оройтсон болов уу гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө боломжийн сайн байгаа. Богино хугацаанд ч гэсэн өөрийнхөө хэмжээнд биеэ нэлээн дайчилж бэлдлээ.
-Азийн орнуудад нэг ч удаа болж байгаагүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манайд болох гэж байгаа болохоор тамирчид, багш дасгалжуулагчид өндөр ач холбогдол өгч байгаа байх?
-Тэгэлгүй яахав, манай улсад олон улсын чанартай тэр дундаа дэлхийн аваргын тэмцээн болох гэж байгаа нь тамирчин бидний хувьд гэлтгүй энэ спортоор хичээллэдэг, сонирхдог хүүхэд залуус, хүн бүхэнд өндөр ач холбогдолтой. Товчхондоо, ийм том тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр хүндийн хэрэг. Дэлхийн хэмжээний том тэмцээн зохион байгуулж байгаагийн хувьд тухайн улсыг бусад улс оронд таниулж, сурталчлах ач холбогдолтой. Манайх шиг хөгжиж буй орныг гадаадын улс орнууд, ард иргэд төдийлөн мэдэхгүй тохиолдол их. Тийм болохоор танин мэдэхүйн талдаа мөн ач холбогдол ихтэй. Түүнчлэн, тухайн спортыг өндөр хэмжээнд сурталчилна, хөгжилд нь томоохон түлхэлт өгнө гээд л үр өгөөжийг нь яриад байвал маш их.
-Тэмцээн ойртсон энэ өдрүүдэд манай тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна уу?
-Ер нь, хамтарсан бэлтгэл үе үе хийж туршлага солилцож, харилцан зааж зөвлөж байгаа. Гэхдээ ерөнхий бэлтгэлээ хувь хувьдаа, өөр өөрийн клуб дээр хийж байна даа. Мэдээж, эх орноо төлөөлөн оролцож буй болохоор багийн спорт гэсэн үг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа хамтын бэлтгэл хийсэн. Өсвөрийн ангилалд ирээдүйтэй сайн хүүхдүүд нэлээд оролцож байгаа.
-Таны хувьд энэ спортоор хэзээнээс хичээллэх болов?
-Би хүүхэд байхаасаа л хичээллэж эхэлсэн. Одоо 20 гаруй жил болж байна. Монголчуудын хувьд энэ спорт үнэхээр гайхалтай зохицдог. Эрс тэс уур амьсгалтайн дээр нүүдлийн мал аж ахуйтай ард түмэн. Мөн монгол хүний төрөлхийн тэсвэр, хатуужилтай зан нь энэ спорттой төгс уялддаг. Тийм ч учраас цаашид манай шинэ залуу үеийнхэн дэлхий дахинд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.
-Хүмүүс бодибилдингээр хичээллэдэг гэхээр л булчин шөрмөс нь зангирсан бүдүүн бараг хүмүүс гэж ойлгодог. Гэтэл цаана нь эрүүл, өв тэгш бие хаатай хувь хүний хүмүүжил төлөвшил сайтай хүмүүс байдаг шүү дээ?
-Тийм шүү. Бодибилдинг аугаа спорт. Энэ спортоор хичээллэдэг хүнээс олон жилийн нөр их хүч, хөдөлмөр, тэсвэр хатуужил, тууштай байхыг шаарддаг болохоор дэлхийн аваргын тэмцээнд орж тамирчидтай өрсөлдөнө гэхээс илүүтэй өөрийгөө ялан дийлэх нь чухал. Энэ спортоор хичээллэж буй залуусын хувьд хамгийн түрүүнд гадна төрхөөрөө гоё сайхан харагдахыг эрхэмлэдэг. Гэхдээ дотоод гоо сайхан гэж бий. Тэр нь чиний хэлээд байгаа хувь хүний хүмүүжил төлөвшил юм. Төмөр өргөж хүмүүжинэ, төлөвшинө гэхээр гайхах хүн цөөнгүй. Гэхдээ тэр их ачаалал дааж, биеийн болоод сэтгэлийн тэнхээтэй байж чадсан хүн хүмүүжиж төлөвшихөөс өөр аргагүй. Компьютер тоглоом, зугаа цэнгэл хөөсөн залуус энэ спортоор хичээллэснээр тэдгээр цаг хугацаа, мөнгө гарзадсан муу зуршлаасаа бүрэн салж чаддаг нь хүмүүжиж буйн шинж.
-Манай улсын бодибилдингийн спортын хөгжил, үүх түүхийг сөхвөл?
-Манай улсад үүсч хөгжөөд 20-иод жил болж байна. Хэдий богино хугацаа ч хүүхэд залуус их хичээллэдэг болж. Топ спортын төрөлд багтдаггүй ч хөгжил нь жил ирэх бүр ахисаар байна. Төр засаг, яам тамгын газраас бодлогын төвшинд дэмждэггүй ч гэлээ өнгөрсөн хугацаанд энэ спортоор хичээллэдэг цөөнгүй хүмүүс өдий зэрэгтэй авч явна. Нэг үгээр, сайн дурын уран сайханчид шиг цөөн хүний сонирхолд үндэслэн хөгжиж ирсэн. Хэдий тийм ч одоо болох тэмцээнд өндөр хөгжилтэй орнуудын тамирчидтай өрсөлдөхөд эх орныхоо нэрийг гаргах, тэр олны дунд монгол хүний хөгжил хаана нь байна гэдгийг харуулах, энэ спортод зориулсан олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх гэсэндээ л тэр.
-Гэхдээ бөх болгон наадамд түрүүлэх гэж барилддаг гэдэг байх аа?
-Бүгд л дор бүрнээ хичээж байна. Миний хувьд л гэхэд Азийн хэвтээ шахалтын аваргад орохдоо 105 кг жинтэй байсан бол одоо 90 хүрэхгүй жинтэй болтлоо бэлтгэл хийжээ. Энэ бол их хөдөлмөр шүү. Би гэлтгүй манай бүх л тамирчин бэлдэж байна. Үүнийг л ард түмэн ойлгоосой гэж бодож байна даа.
-Мэдээж, спортын хөгжлийн түүх нь ахархан болохоор тив дэлхийн тэмцээн уралдаанд байр эзлэхэд хэцүү байх. Америкт энэ спорт үүсч хөгжөөд 100 орчим жил болж буй. Ямартай ч, дэлхийн аваргын тэмцээнийг Монголдоо зохионо гэдэг том амжилт шүү?
-Тэгэлгүй яахав. Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо, удирдлагуудын зүтгэл чармайлт их байгаа. Бодибилдингийн спорт бол хамгийн их хөрөнгө мөнгө шаарддаг спортуудын нэг. Нэг сайхан мэдээ дуулгахад ҮХАА-н сайд Х.Баттулга манай холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон. Энэ хүн хийсэн зүйлтэй, спортын байгууллагыг хөгжүүлж чаддаг гэдгээ харуулсан хүн. Зөв хүний удирдлага, дэмжлэгтэйгээр спортын тамирчид ямар өндөр амжилт үзүүлдгийг манай жүдочид эхнээсээ харуулж байна. Жүдогийн холбоог олимп, дэлхийн аваргатай болгосон хүн манай холбоог авч явах болсонд миний хувьд их баяртай байна.