Хөрш зэргэлдээ Казахстан улсын Алмата хотноо долоо дахь өдрөө үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спорт сонирхогч тэр дундаа боксын спортод шимтэн дурлагсдын анхаарлын төвд байна. Энэ удаагийн дэлхийн аваргын рингнээ Монгол Улсаас долоон тамирчин хүч үзэхээр алс хол Алматагийн зүг хүлгийн жолоо залсан билээ. Тэмцээний эхний дөрөв хоногт манай тамирчид нэг ч ялагдалгүй амжилттай оролцож байсан ч Гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Н.Шинэбаяр нар 18-ны өдөр өрсөлдөгчдөө хожигдсоноор тэмцээнийг орхисон билээ. Нэг ордонд хоёр тулаан зэрэг өрнөж байгаа болохоор зохион байгуулагчдын үзэмжээр аль нэгийг нь нэвтрүүлж, зарим тоглолт үзэгчдэд хүрч чадахгүй байгаа. Гавьяат тамирчин Төгсцогтын тоглолт бүрэн эхээрээ цацагдаагүй ч тэмцээний дүнгээс харахад Азербайжаны тамирчинтай эн тэнцүү өрсөлдсөн гэдэг нь харагдана. Шүүлтийн кодекс гарч Вьетнамын шүүгч 29:28-ын харьцаатайгаар манай хүнд ялалт өгсөн бол Словак, Колумбын шүүгч 28:29 буюу ганц онооны зөрүүгээр ялалтыг Азербайжанд өгсөн юм. Ямартай ч, онооны харьцааг харвал эн тэнцүү тулаан болсон бололтой. Боксын рингнээ илт давуу ялалт ихэвчлэн 3:0-ээр дуусдаг бол энэ тоглолт 2:1-ээр өндөрлөсөн нь тэр.
Харин 75 кг-ын жинд тоглосон Н.Шинэбаярын хувьд учраа тамирчин Польшийн Ковальчикийг гурван үеийн турш илт давуу хожсон ч оноо тэнцсэн гэж үзсэнээр дахин тоглосон юм. Нийт зургаан үе үргэлжилсэн тоглолт цэнгэлдэхэд цугласан олны сонирхлыг эрхгүй татаж байв. Угсраа хоёр тоглолтод илт давуу илүүрхсэн манай тамирчны хожилд дэлхий даяар дамжуулж буй гадаадын телевизүүдийн тайлбарлагчид болон тоглолт үзэж байсан хөгжөөн дэмжигчид ч эргэлзэхгүй байсан. Н.Шинэбаярын хувьд эхний учраа Израйлийн тамирчин болох Константин Снигурыг 3:0-ээр илт давуу ялсан нь цаашдын тулаандаа чамгүй өндөр амжилт үзүүлэх, техник сайтай тамирчин хэмээн шүүүмжлэгчдээс багагүй магтаал сонсоод байсан юм. Гэвч Польшийн тамирчинтай хийсэн тулаанд рингний хажууд суух гурван хүний харсан, тоолсон, шүүсэн гэх үзэмжээс хамааран ялагч нь тодордог боксын шүүлт гэдэг боловсронгуй болоогүй харьцангуй зүйл болох нь харагдаж Н.Шинэбаяр ялагдал хүлээсэн. Ялагч тодрох болж Польшийн тамирчны гарыг өргөхөд тэрээр өөрөө ч гайхаж орхино билээ. Уг нь, үнэн зөвөөр шүүж манай тамирчин ялсан бол Румины тамирчинтай тоглож ялбал дараагийн тулаанаа медалийн төлөө рингэнд гарах байсан юм.
Өчигдөр ОУХМ Д.Отгондалай тэргүүтэй манай гурван тамирчин өөр, өөрийн жинд хүч үзсэн. Д.Отгондалайн хувьд Бразилийн тамирчин Консэлцио Робсонтой тоглож эхний хоёр үед илүүрхсэн ч, гуравдугаар роундад хоёр ч удаа торгуульснаар оноогоор ялагдсан юм. Хоёр тамирчны тулаан үнэхээр үзүүштэй байсан ч шийдвэрлэх гуравдугаар үед Бразилийн тамирчин манай тамирчныг мөргөж толгойноос нь цус гаргаснаар гэмтэл авсан юм. Гэмтэл нь тоглолтод нөлөөлж гуравдугаар үед тонгойсон гэх шалтгаанаар хоёр ч удаа торгуульсан юм. Тоглолтын дүн гарч оноог танилцуулахад Алжир, Францын шүүгч хоёр тамирчинд 27, 27 оноо өгсөн бол Шотландын шүүгч манай тамирчинд 26, Бразилд 28 оноо өгч харамсалтайгаар хожигдсон. Ердөө ганцхан оноогоор хожигдсон манай тамирчны хувьд эл тоглолт харамсаад барахгүй зүйл байв. Маргааш медалийн төлөөх тоглолтууд эхлэх болохоор өчигдөр болсон мөн өнөөдөр болох тулаанууд чухал нөлөөтэй билээ. Медальтай буцаж ирнэ хэмээн ам гарсан Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд наймны нэг шигшээд шалгарсан. Дэлхийн аваргад оролцохын төлөө ОУХМ З.Энхзоригтой сорилго тулаан хийн байж эрх авсан Гавьяат маань одоогоор ялагдалгүй байгаа. Эхний тоглолтод одтой байж гоц мөргөсөн нь дараа дараагийн тулаанд нь нөлөөлсөн болов уу. Ямартай ч хоёр ялалт байгуулсан У.Мөнх-Эрдэнэ маань медаль хүртэх магадлал өндөр. Дан ганц У.Мөнх-Эрдэнэ гэлтгүй манай тамирчидад олон улсын ажиглагч, мэргэжилтнүүд ам сайтай байгаа.
Өндөр амжилт үзүүлнэ хэмээн таамаглаж байсан АНУ-ын багийн тамирчин Малик Жексон Анголын Вивальдог дэлхийн аваргын салхийг хагалсан хамгийн эхний тулаанд техникийн нокаутаар ялсан ч бусад тамирчин нь дараагийн дөрвөн тулаанд дараалан ялагдал хүлээсэн нь багийн амжилтыг чамгүй хойш татсан хэрэг болсон. Харин төдийлөн олны анхаарлыг татахгүй байсан “битүү морьд” үзүүштэй тоглолтууд хийж, өндөр амжилт үзүүлж буй жишээ цөөнгүй байна. “Украйны атаман”-ууд багийн бүрэлдэхүүнд багтан “Дэлхийн боксын лигт”-т тоглож байсан молдав эр Александр Ришканыг бокс сонирхогчид андахгүй сайн мэдэх билээ. Тэрээр 52 кг-ын жинд АИБА-гийн нэр дээр өрсөлдөж буй Энэтхэг тамирчин Медан Лайтай өрсөлдсөн нь хамгийн үзүүштэй тулаануудын нэг байв. Энэтхэгийн боксчин үе үе хүчтэй тэсэрч, огцом савалтууд хийж, олныг баясгаж байсан бол өрсөлдөгч нь туршлага заан хянамгай тулалдсан. Эцэст нь, өрсөлдөгчөөсөө цөөн цохилт хийсэн ч илүү үр дүн үзүүлсэн молдав эр 3:0-ээр илүүрхсэн. Мөн 91 кг-ын жинд Нигерийн Апочи Эфотобор өрсөлдөгч Туркийн тамирчныг 2:1-ээр ялсан нь содон тулаан байв. Хүнд жингийн арвин туршлага, уламжлалтай Туркийн боксчин Африк тамирчинд ялагдсан нь эрхгүй үзүүштэй тулаан байсан юм. Сонирхуулахад, Вьетнам Колумбын шүүгчид 30:26-аар Африкийн Апочид ялалт өгсөн байхад нэг тивийн Алжир улсын шүүгч Хелра Сиди 28:29-өөр эсрэг талд ялалт заасан байсан.
Энэ жилийн ДАШТ нь олон улсын боксын холбооноос гаргасан шинэ дүрмийн дагуу явж байгаа нь гол онцлог. Тамирчид шинэ дүрмийн дагуу толгойны хамгаалалт буюу шлемгүй тулалдаж байгаа юм. Гэхдээ энэ дүрэм зөвхөн насанд хүрэгчдэд мөрдөгдөж буй. “Би анх удаа толгойны хамгаалалтгүй тулалдаж үзлээ. Давгүй өнгөрсөн гэж бодож байна. Толгой хөнгөрөөд, өрсөлдөгчийнхөө цохилтыг сайн харж чадаж байна. Тоглолтыг, өөрийгөө илүү сайн мэдэрдэг юм байна” хэмээн Английн боксчин Чарльз Эдвардс эхний тулаанаа хийж ялсныхаа дараа ийн өгүүлжээ. Тэмцээний мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд АИБА тоглолтуудыг үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм. Энэ удаагийн дэлхийн аваргыг АИБА-ийн албан ёсны вэб хуудсаар орж сонирхох боломжтой. Мөн тоглолтын оноолт, үр дүн, шүүгчдийн өгсөн оноог ч шууд дэлгэцээр харах боломж олгосон байна.
Харин манай улсаас шууд дамжуулж буй телевиз байхгүй болохоор дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ мэдээлэл, фото зураг, сурвалжлага, үзэгчид, багш дасгалжуулагч, тамирчдын сэтгэгдэл, санаа оноо үнэхээр дутагдаж байна. “Албан ёсны эрх авлаа” хэмээн аль эртнээс зарлаад байсан ТВ 9-ийн сайт руу ороохоор “Таны телевиз” гээд л таг. Ямартай ч, мэдээ мэдээлэл тун хомс байна. Мэдээллийн эрин зуун гэхдэх энэ цаг үед хажууханд байгаа Казахстаны нийслэлд юу болж байгаа тухай эрэл сурал болоод сууж байгаа нь шүүмжлүүштэй. Юутай ч, дэлхийн аваргын рингнээс манай тамирчид медаль өвөртлөн ирэхийг хүсэн ерөөе.