Амьд организм гэж юу вэ. Хэрхэн энэ амьд организмыг зогсоохгүй байж болох вэ. хүн мөнхийн настай байж болох уу гээд л эрдэмтэд заримдаа хүний ой ухаанд багтамгүй тун хачирхалтай судалгаа, шинжилгээний ажил хийдэг. Гэвч зарим эрдэмтдийн хийсэн аймшигтай судалгааны ажлууд түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хэдийгээр шинжлэх ухааны нээлт, судалгаа гэж нэрлэж байгаа ч энгийн хүмүүсийн хувьд аймшиг, жихүүдэс төрүүлэм зүйлс байсан гэдгийг энэхүү судалгааны амьд гэрч болсон хүмүүс баталдаг.
Иоганн Конрад Диппель
Энэ хүнийг өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн хачин эрдэмтэн хэмээн онцолдог. Тэрээр 1673 онд Франкештейн буюу Германы Дармштадтад мэндэлсэн билээ. Тэрээр философийн чулууны эрэлчин гэсэн тодотголтой. Үнэндээ мөнхийн залуу нас гэсэн ойлголтыг энэ ертөнцөд бий болгохоор бүхий л судалгааны ажлаа зориулжээ. Мэдээж өөрийнхөө судалгаанд хүний яс, үс бүүр цусыг ч ашиглаж байсан гэдэг. Түүнтэй ихэвчлэн оршуулгын газарт таардаг байж. Диппель өөрийн цуглуулсан бий болгосон бүхий л баялгаараа тухайн үедээ хамгийн сайн лабораторыг бий болгожээ. 1734 онд ноён Конрад ямар ч ор сураггүй алга болжээ. Эрдэмтнийг хамтрагчид хийгээд өрсөлдөгчид нь хөнөөсөн байх хэмээн нэг хэсэг нь таамагладаг ч нөгөө хэсэг нь тэрээр хойд нас, мөнхийн амьдралд итгэн өөрийгөө хаа нэгэн газарт нуучихсан ч гэдэг.
Жованни Альдини нас барсан хүний биед цахилгаан гүйдэл залгахыг анх санал болгосон эрдэмтэн. Италийн анатомич Луйджи Гальвани 1780 онд эрчим хүчний тусламжтайгаар амьсгал хураасан мэлхий амь орохыг харжээ. Тэгэхээр үүнийг хүн дээр туршиж яагаад болохгүй гэж хэмээн өөрөөсөө эхлээд асуусан гэдэг.
Тэрээр өөрийн туршилт судалгааг хийх боломжийг эрин Европоор тэнүүчлэхдээ энэхүү туршилтаа хийхийг олон удаа санал болгож үзсэн ч тэр бүр амжилтанд хүрээгүй байна. 1803 оны нэгдүгээр сарын 17-нд цаазаар авах ял авсан алуурчин Жорж Фостерийн цогцос дээр анх удаа туршиж үзэв.
Түүний туршилт амжилттай болов. Цогцос амь орон төдийгүй «London Times» сонинд “ Алуурчныг амилуулах үзүүлбэр нь хүмүүст үнэхээр ер бусын санагдлаа. Нэг эр удахгүй хүн үхэхгүй мөнх болох юм байна гэж хүртэл бодсон тухайгаа ярилаа.” хэмээн бичжээ.
Эндрю Юр: Шотландын “мах эвдэгч”
Шотландын эмч Эндрю Юр Мэтью Клайдесдэйлийн цогцост дөрвөн ч удаа эрхтэн залгах мэс засал хийснээрээ алдартай. Тэрээр 1818 онд анх хүзүүний үеэр нь залгах мэс засал хийсэн юм. Дараа нь зүүн хөлний дунд чөмөг болон өсгий залгах ажилбар хийжээ. Эхний мэс ажилбарын дараа тэрээр цахилгаан хүчдэлээр зүрхийг ажиллуулсан бөгөөд харин дараагийнхаа мэс заслын дараа хэрвээ зүрх ажиллаж эхэлбэл дараагийн туршилтаа хийхгүй гэж өөртөө андгайлсан ч зүрхийг цохилуулж чадаагүй гэдэг.
Юр энэхүү цогцсыг хүний амьдралд эргүүлж авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Эхний мэс ажилбарын дараа Клайдесдэйлийн нүүрэнд айдас, гайшрал зэрэгцсэн тийм нэг хачин инээмсэглэл тодорчээ. Долоовор хуруунд нь холбосон цахилгаан гүйдэл үхдэл болсон биеийг сэрээхэд эмчийн туршилтыг харахаад танхимд цуглагсад шооконд орж, үхэтлээ айсан гэдэг. Энэ явдлын гэрч болсон олон хүн хэсэгтээ сэтгэл мэдрэлийн цочролд орсон талаар тэмдэглэн үлдээсэн байдаг.
Эрдэмтэн Стаббинс Фирф бөөлжис уугч
Анагаахын их сургуулийн эрдэмтэн Стаббинс 19 дүгээр зууны эхэн үед амьдарч байсан нэгэн. Тэрээр шар хумхаа өвчин нь халдварт өвчин биш гэдгийг батлахын тулд өөр дээрээ туршилт хийсэн нэгэн. Тэрээр өөрийн онолоо батлахын тулд энэ өвчний вирусыг өөртөө халдааж болох бүхий л аргыг хэрэглэж үзжээ.
Тэрээр шар хумхаа туссан өвчтөний халуун бөөлжисийг хүртэл уусан гээд та бод доо. Дараа нь тэрхүү бохирдсон гараа нүдэндээ үрж үзсэн гэдэг. Тэр ингээд зогссонгүй цус шүлс, шингэнийг нь хүртэл уусан гэдэг. Ингээд л өөрөө эв эрүүл байсан учраас шар хумхаа бол халдварт өвчин биш гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч энэ аймшигт өвчин шумуулаар хүртэл дамжиж халдварладаг гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан баталсан билээ. Чухам ямар дархлааны ачаар Стаббинс эмч халдвар аваагүйг өнөөг хэр нь тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Зөвлөлтийн эрдэмтэн Сергей Брюхоненкогийн бүтээсэн амьд толгой
Физиологич Сергей Боюхоненко цусны эргэлтийг хиймлээр зохицуулж болох аппарат бүтээсэн юм. Автожектор хэмээн нэрлэдэг энэ аппаратны тусламжтайгаар биеэс нь тасалсан нохойны толгойг амьтай байлгах туршилт хийж үзжээ. 1928 онд түүний хийсэн туршилтаар биеэс нь салгаж аппаратанд залгасан нохойн толгой өөрт нь хүрэхэд хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй бяслаг ойртуулахад идэж байсан гэнэ.
Энэ тухай 1940 онд бүтээсэн “ Организмыг амилуулах туршилт” хэмээх баримтат кинонд тодорхой гардаг. Брюхоненко нохойг нүд анихад л өөрийн туршилтаа зогсоожээ. Туршилтыг хийхийн тулд нохойн бүх цусыг юүлээд дараа нь 10 минутын турш аппаратаар зүрхийг нь ажиллуулж байжээ. Харин тархийг нь цөөнгүй хоног ажиллуулж туршсан байдаг.
Йозеф Менгелийн туршилтын туулай нь хоригдлууд байв
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн аймшигт зүйлсийн нэг бол хорих лагерийн хүүхдүүд дээр хийж байсан туршилтууд. Энэхүү аймшгийг гардан үйлдэгч нь “Освенцими дэх үхлийн сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдэх Йозеф Менгель эмч юм. Тэрээр энэ хорих лагерт ажиллах хугацаандаа 40 мянган хүнийг нөгөө ертөнц рүү илгээжээ.
Тэрээр хорих лагерт ирж байгаа хоригдлуудыг баруун зүүн талдаа ялган нэг хэсгийг нь шууд шатаах зуух руу нөгөө хэсгийг нь аймшигт туршилтынхаа туулай болгож байсан гэдэг.
Тэрээр хорих ангид ирж байгаа хүүхдийг хагас метрээс л дээш гарч байвал туршилтанд тэнцлээ хэмээн үздэг байсан гэнэ.
Тэрээр хүмүүс дээр химийн туршилт хийхээс гадна эд эрхтэнийг нь шилжүүлж хүртэл туршиж байсан гэдэг. Түүний аймшигт яргаллыг хүүхдүүд ихэвчлэн даалгүй нас барж байсан аж.
Зураг дээр: Зөвлөлтийн цэргүүд1945 оны нэгдүгээр сарын 27 нд Освенцимийн шоронг эзлэх үеэр олдсон Менгел эмчийн химийн бодисууд
Менгелийн хувьд туршилт хийхэд хамгийн тохиромжтой “туулай” нь ихрүүд байсан аж. 3000 гаруй хүүхэд энэ шоронд ирсэн ч тэднээс 300 нь л амьд үлдсэн байдаг.
Хамгийн аймшигтай нь тэрээр туршилт хийхдээ хэзээ ч нойрсуулах эм хэрэглэж байгаагүй аж. Тэр мангас, тамлан зовоогч гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байлаа.
Дайны хамгийн том гэмт хэргийн эзэн хэмээн түүнд ял оноохоор зэхэж байсан ч Бразиль руу оргон 1979 онд зүрхний шигдээсээр нас барсан гэдэг.
Широ Ишии: Хамгийн аймшигт яргачин
Ишии бол микробиологич төдийгүй Японы армийн ахмад. Хятад Японы дайны үеэр тэрээр өөрийн туршилтыг Японы армийн №731 отрядын нууц төсөл нэрийн дор явуулж байв.
Түүний туршилтын хэрэгсэл нь амьд хүн. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нь элдэв төрлийн вирусээс халдварлуулж, өвчлөлийг нь танадах байлаа.
Хүмүүсийг элдэв вакцины туршилт нэрээр халдварт өвчний вирусээр тарьж, эд эрхтэнд нь задлан хийж туршиж байжээ. 200 мянган хүн энэ хүний туршилт дор амиа алджээ. Харамсалтай нь энэ аймшигт хэргийнхээ төлөө тэрээр ямар ч шийтгэл амсаагүй төдийгүй 67 насандаа улаан хоолойн хорт хавдрын улмаас нас баржээ.