Чечений Грозный хотын 195 жилийн ойг тохиолдуулсан гала концертэд урилгаар оролцсон Холливудын жүжигчин Стивен Сигал өрнөдийн хүний эрхийг хамгаалагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дургүйг хүргэх үг хэлжээ.
Тэрээр “Чечений бүгд найрамдах улс, өөрийн анд Рамзан Кадыровт баяр хүргэе. Рамзан Ахматович намайг болон миний гэр бүлийг энэ гайхамшигтай арга хэмжээнд урьсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би цаашид ч энэ улсын нэгэн хэсэг хэвээр байна гэж найдаж байгаа. Рамзан Ахматович аа, би ямагт таны найз байх болно. Рамзан Кадыровын эцэг Ахмат Хажи гуай шинэ Чечень улсын үндсийг тавьсан. Түүний хүү эцгийнхээ заасан замаар явж дайны хөлд сүйдсэн бүс нутгийг цэцэглэн хөгжсөн нутаг болгожээ. Би Рамзан Ахматовичийг найз нөхрөө, агуу дайчин гэж хүндэлдэг ч юуны түрүүнд агуу их удирдагчийн хувьд хүндэлдэг” гэсэн байна.
ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Чеченийн бүгд найрамдах улсын Грозный хотын баярыг 2007 оноос хойш тогтмол тэмдэглэдэг болсон. Ойн баярт Оросын болон дэлхийн урлагийн оддыг урьж оролцуулдаг уламжлалтай. Ингэснээр хоёр ч удаагийн дайны хөлд өртөн балгас болсон хотын одоогийн хөгжлийг дэлхийн хэмжээнд сурталчилдаг. Уг нь, ямар ч хотыг хөгжил цэцэглэлтээ сурталчлан харуулахын тулд дэлхийн хэмжээний оддыг урихад сонин хэвлэлүүд шүүмжлэн, хүний эрхийг хамгаалагчид бухимдаад байх зүйлгүй мэт.
Хэргийн гол нь Грозный хотын баяр нь Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын төрсөн өдөртэй давхацдагт байгаа юм. Рамзан Кадыровыг өрнөдийн хүний эрхийг хамгаалагчид өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг устгадаг, тэдэнд зохиомол хэрэг тулган хүлээлгэхийн тулд тамладаг, Оросын эрх баригчдын зүгээс чеченүүдийн эсрэг явуулж байгаа хэлмэгдүүлэлт, харгислалыг нуун далдалдаг гэж хүчтэй шүүмжилдэг. Тиймээс олны танил алдартнууд Кадыровын зохион байгуулсан арга хэмжээнд, ялангуяа түүний төрсөн өдрийн баярт оролцоно гэдэг нь оросуудын харгислалыг дэмжсэн, хүний эрх зөрчихийг зөвтгөсөн зүйл болно гэдэг.
Иймд Стивен Сигал баярын ажиллагаанд бүр гэр бүлээрээ оролцон, айхтар шүүмжилдэг, бүр үзэн яддаг хүнийг нь “агуу удирдагч”, “анд” гэж хэлснийхээ төлөө тун удахгүй өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ээлжит дайралтад өртөх нь гарцаагүй гэж болно. Өмнө нь ч, Сигалыг Орост айлчиллаа, Путиныг сурталчиллаа, Орос дахь хүний эрхийн байдлын талаар ташаа ойлголт олон нийтэд хүргэлээ гэж өрнөдийн сонин хэвлэлүүд шүүмжилж, зарим нь бүр доромжилж байсан юм.
Өнгөрсөн зургадугаар сард Бостон хотноо чечень гаралтай ах дүү Царнаевууд алан хядах ажиллагаа хийсний дараагаар Америкийн конгрессын хэсэг гишүүн мөрдлөгө явуулахын тулд Орост айлчлахад Сигал тэдэнтэй хамт явж, чухал албан тушаалтнуудтай уулзан мэдээлэл авахад нь тусалсан. Орост айлчилсан конгрессын гишүүдийг ахлаж байсан Дэн Рорабахер ч түүнийг магтаад авсан. Гэтэл үүний дараа Америкийн дийлэнх сонин хэвлэл Сигалыг гутаан доромжилсон нийтлэл бичиж эхэлсэн юм. Кадыровыг шүүмжлэхийн оронд ах, дүү Царнаеваар далимдуулан Чеченийн босогчдын нэр хүндийг гутаахаар оросуудын өрнүүлсэн ажлыг дэмжлээ гэж Сигалыг тэнэгээр нь дуудав. Ингээд ч зогссонгүй “тэнэг” жүжигчний үгэнд орлоо гэж конгрессын гишүүдийг “дүйнгэ” гэж цоллож байсан.
Энэ оны гуравдугаар сард Москвад шинээр нээгдсэн спортын төвийн нээлтэд Сигал нь Путины хамт оролцсон юм. Түүний дараа өрнөдийн зарим хэвлэл “Сигал Путиныг хүүхдүүдээс хамгаалав” гэсэн нийтлэл бичиж даапаалж байлаа.
Ер нь, өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кадыров, Путин хоёрыг нэг нүдээрээ үздэггүй гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Тиймээс ч өнгөрсөн жил Грозный хотын баярт Кадыровын урилгаар Францын кино од Жерар Депардье, Моника Белуччи нар оролцоход өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш хүчтэй шүүмжилсэн.
2011 онд хотын баяр, Кадыровын төрсөн өдрийн баяраар жүжигчин Хилари Суонк, хийлчин Ванесса Мэй, Жан-Клод Ван Дамм нар ирж оролцож байсан юм. Хилари Суонк тайзан дээрээс Кадыровт зориулж “Happy birthday, Mister President!” гэж дуулаад хамгийн ихээр буруудаж байв.
“Human Rights Watch” хүний эрхийг хамгаалах байгууллага нь оддыг Чеченьд очиж Кадыровт төрсөн өдрөөр нь баяр хүргэлээ гэж маш ихээр зэмлэсэн төдийгүй арга хэмжээнд нь оролцсоны төлөөх авсан шагналаа хүний эрхийн аль нэгэн байгууллагад нэн даруй хандивлахыг уриалж байв. Үүнээс болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй шүүмжлэл гарч эхлэхэд Хилари Суонк дарамтыг дийлэлгүй Чеченьд очсондоо албан ёсоор уучлалт гуйж, анхнаасаа арга хэмжээг зохион байгуулагчид нь түүнд тус улс дахь хүний эрхийн талаар ташаа мэдээлэл өгснөөс буруу алхам хийлээ гэж өөрийгөө зөвтгөж байсан юм.
Шуудхан хэлэхэд, саятнууд, тэрбумтнуудын төрсөн өдөр, хот эсвэл улсын тэмдэглэлт баяраар одод очиж оролцох, дуу дуулах, магтаал үг хэлэх нь нэгэн төрлийн “халтуур”. Хэдхэн цаг ямар нэгэн арга хэмжээнд оролцсон болоод чамлахааргүй их мөнгө авах боломжийг хэн алдахыг хүсэх билээ. Дийлэнхдээ оддыг ийм арга хэмжээнд оролцоод мөнгө авлаа гэж шүүмжилдэггүй. Харин ч тэр од тийм хувцас өмсч, тэдэн ам.доллар авчээ гэж ирээд л сонирхуулдаг. Гэтэл улстөрчид, өрнөдийн “харшилтай” орнуудад “халтуур” хийхийн өмнө сайтар бодох шаардлагатай болдог.
Саяхан сагсчин Денис Родманыг Хойд Солонгост айлчлан Ким Чен Унтай уулзсаны дараа Америк тэргүүтэй өрнөдийн сонин хэвлэлээр түүнийг шүүмжилсэн олон тооны нийтлэл гарч байсныг уншигч та санаж байгаа байх. Женнифер Лопесийг энэ оны долдугаар сард Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын төрсөн өдрөөр “Happy Birthday” дуулж өглөө гэж Хүний эрхийн сангийн ерөнхийлөгч хүчтэй шүүмжилсний хариуд Лопес албан ёсоор уучлал гуйж, анхнаасаа Туркменд хүний эрх зөрчигдөж байгааг мэдсэн бол очихгүй байсан гэж мэдэгдсэн.
Хүний эрхийг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ мэтээр өөрийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэх, дарамт шахалтад оруулах кампанит аян явуулах нь олонтаа. Манай урд ба хойд хөрш, Иран, Хойд Солонгос гэх мэт улсууд ийм аяны гол бай болдог. 2008 оны Бээжингийн Олимпын өмнө төвдүүдийн эрхийг хамгаалах нэрийдлээр эдгээр байгууллага олон арга хэмжээ зохион байгуулж байсан. Одоо Орост ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцааг насанд хүрээгүйчүүдэд сурталчлахыг хориглосон хууль гаргасны дараагаар Сочийн Олимпыг хаах, зогсоохыг уриалсан кампанит аян явуулж байна. Энэ бүх кампанит аяндаа олон нийтийн анхаарлыг татахын тулд олны танил хүмүүс, оддыг татан оролцуулдаг. Оролцохоос татгалзвал тэдний нэр хүндийг гутаах, тоглосон кино, дуулсан дууг, бичсэн номыг нь худалдан авахаас татгалзах хүртэл аян өрнүүлэн таагүй байдалд оруулдаг. Иймд одууд цаашид ч од гэж хэлэгдэн ашиг орлого өндөртэй байхын тулд дийлэнхдээ ийм кампанит ажлуудад сайн дураар оролцдог.
Олны танил байх ч амаргүй ажил шүү.