Оросын төдийгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Роман Абрамович Нью-Йоркийн Манхэттен арал дээр 75 сая ам.доллараар байшин худалдан авсан тухай “Новости” агентлаг мэдээллээ. Тэрбумтны худалдан авсан байр нийт 903 ам.метр талбайтай, Манхэттен аралын хамгийн үнэтэй газар байрладаг аж. Хөлбөмбөгийн “Челси” багийн эзэн гэдгээрээ дэлхий нийтийн танил болсон Абрамович нь үе үе олны анхаарлыг татсан наймаа хийдгээрээ зартай. 2003 онд тэрбум гаруй ам.доллараар “Челси” багийг худалдан авсан бол 2005 онд эзэмшиж байсан “Сибнефть” компаниа “Газпром”-д 13,1 тэрбум ам.доллараар зарж байв.
Тэрээр дэлхийн олон оронд хамгийн үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгөтэй. Жишээлэхэд, Британийн Баруун Сассекст 28 сая фунтын үнэтэй харштай, Кесингтонд 29 саяын үнэтэй пентхаустай, Францад 15 сая фунтын байшинтай, Лондоны Белгравид 11 сая фунтын үнэтэй таван давхар харштай, Сен-Тропе амралтын хотод 40 сая фунтын үнэтэй байшинтай, Москва орчим найман сая фунтын үнэтэй зуслантай.
Мөн олон тооны тансаг завь, машинтай. Зөвхөн тансаг завь гэхэд гурав байна. 72 сая фунтээр захиалан хийлгэсэн сум нэвтэрдэггүй шилтэй, шумбагч “Pelorus “, дотроо бассейн, турк халуун усны газартай 77 сая фунтын үнэтэй “Ecstasea”, нисдэг тэрэг буух талбайтай, 60 сая фунтын үнэтэй “Le Grand Bleu” гэсэн гайхамшигтай гурван завьтай. “Eclipse” буюу “Нар хиртэлт” завины тухайд илүү дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байх. Бараг 170 метр урт энэ тансаг завь дэлхийн хамгийн урт ийм төрлийн завь бөгөөд 340 сая еврогийн үнэтэй. Завины их биеийг сум нэвтэрдэггүй гангаар, цонхыг хуягласан шилээр хийсэн. Дотроо пуужингийн довтолгоо мэдэрдэг системтэй, хоёр нисдэг тэрэг, 50 метрийн гүнд шумбадаг бичил шумбагч завь тээж явдаг. Тэрээр “Le Grand Bleu” завиа бизнесийн түншдээ бэлэглэж байсан байх юм.
Нисэх онгоц гэхэд 56 сая фунтээр авсан “Boeing 767”, 28 сая фунтээр авсан бизнес ангилалын “Boeing 737”, тус бүр 35 сая фунтын үнэтэй хоёр нисдэг тэрэгтэй.
Абрамович урлагийн бүтээл сонирхон цуглуулдаг гэдгээрээ алдартай. Одоо түүнд байгаа урлагийн бүтээлүүдийн үнийг шинжээчид тэрбум гаруй ам.доллар гэж үнэлдэг. Хамгийн сүүлд гэхэд зураач Кабаковын бүтээлүүдийг 60 орчим сая ам.доллараар худалдан авсан. Түүний энд тэнд аялж зугаалахдаа гаргасан зарлагын талаар үлгэр домог шиг л зүйлс яригддаг. “Сибнефть”-ийг зарсны дараагаар Альпийн нуруунд байдаг Лансерхоф амралтад 10 хоног амрахдаа сая гаруй ам.доллар үрсэн байна. Ийм их мөнгө зарлагадаж байгааг харсан амралтын эзэд, ажилтнууд шоконд орж байсан гэдэг. Учир нь тус амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс 10 хоногт дунджаар 4000 ам.доллар л үрдэг.
Товчхон хэлэхэд Абрамович хүссэн зүйлдээ гар татдаггүй нэгэн бөгөөд жилдээ 60-70 сая ам.долларыг ийм зүйлсд зарцуулдаг аж. “Челси”-ийг худалдан авсныхаа дараа Андрей Шевченког багтаа авахын тулд солилцоонд 59 сая ам.доллар зарж байв. Оросын хөлбөмбөгийн шигшээд гадаадын дасгалжуулагч хэрэгтэй гэдэгт улсынхаа спортын удирдлагуудыг итгүүлэн Гус Хиддинкийг урьж ирүүлээд өөрийн халааснаас жил болгон долоон сая евро төлж байв. Энэ нь тухайн үед Европтоо дасгалжуулагчид олгосон хамгийн өндөр цалин болж байсан юм.
Үүнээс гадна Абрамович өглөг буяны ажилд гар татдаггүй нэгэн. Сүүлийн гурван жилийн дотор энэ эрхэм буяны үйлсэд 310 сая ам.доллар хандивлажээ. Үүний дээр 2000-2008 онд амбан захирагчаар нь ажиллаж байсан Чукоткийн автономит тойргийн хөгжилд 110 сая ам.доллар хандивлажээ. Тэрээр 2008 оноос энэ оны долдугаар сар хүртэл Чукоткийн парламентын даргын албыг хашиж байгаад төрийн албан тушаалтан хилийн чанадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хууль гарсны дараа суудлаасаа буусан юм.
Абрамовичийн нийт хөрөнгийн хэмжээг шинжээчид янз бүрээр үнэлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар түүнийг 12,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Оросын тэргүүн баяны жагсаалтад есдүгээр байранд орж байна гэж мэдээлж байсан юм.
Абрамовичийн аюулгүй байдлыг өндөр бэлтгэгдсэн 40 хүн хамгаалж байдгаас 20 нь Их Британид тогтмол байдаг бусад нь тэрбумтныг дагалдаж явдаг аж. Хамгаалалтын албаных нь жилийн зардал 1,2 сая фунт. Түүнийг хэрхэн баяжсан талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа явдаг. Ямартай ч Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт гэгч зүйл эхлэн иргэд хувиараа бизнес эрхлэх боломжтой болсон үед тэрээр резинэн тоглоом үйлдвэрлэдэг хамтын ажиллагааны жижиг хоршоолол эзэн байсан гэдэг. Удалгүй газрын тос, түүнээс гаргаж авдаг бүтээгдэхүүнийг дамлан наймаалдаг компанийн эзэн болсноор санаанд багтамгүй баян болох гараагаа эхэлсэн юм. Тэрээр их мэдрэмжтэй бизнесмэн гэдгээ харуулж тухайн үеийн Оросын Ерөнхийлөгч Б.Ельциний ойрын хүрээлэлд багтдаг, итгэлтэй хүн болж чадсан нь үүнийг нотолж байна. Хэр их мэдрэмжтэй нэгэн байсан тухай нэгэн сонирхолтой түүхийг Ельцины охин Татьяна ярьсан байдаг. Ирээдүйн тэрбумтан эр цэрэгт алба хааж байхдаа халагдахын өмнөхөн нэлээд том талбайн моддыг унагах даалгаврыг ангийн удирдлагаасаа авчээ. Гэвч юу юугүй ханцуй шамлан сүх бариад дайрах гэж яарсангүй. Мод бэлдэх ёстой байсан газрыг жигд дөрвөлжилж хувааж байгаад зэргэлдээх тосгоны тариачдад түлээний мод бэлдэх газар гэж зараад социализмын үед хэр баргийн хүн харж байгаагүй их мөнгө олж бусад хал цэргүүдтэйгээр хувааж байсан гэдэг. Тэгэхээр мань эр бүр залуугаасаа л сийрэг ухаантай, суусан газраасаа шороо атгаж босдог эр байсан бололтой.