Дуучин Майли Сайрус одоохондоо засрах бодолгүй байгаа бололтой. Нийгмээс хангалттай их шүүмжлэл сонсч байгаа ч тэрээр бараг порнографик гэмээр ил задгай зургаа цацсаар байна. МТV-гийн шагнал гардуулах ёслол дээр үзүүлсэн эротик бүжиг, дараа нь гарсан "Wrecking Ball" хэмээх дууны клип мөн өдий төдий ил задгай зураг дээрээ нэмээд дахиад л тиймэрхүү өнгө аястай зураг авахуулж орхижээ.
Шүтэн бишрэгч хүүхэд залуустаа хэтэрхий муу үлгэр дуурайл үзүүлж буй Майли Сайрусыг иймэрхүү байдлаар хөгжмийнхөө карьерыг сүйтгэх хэрэггүй гэж Ирландын дуучин Синид ОКоннор түүнд хандан захидал бичсэний дараа тэрээр түүний үгийг үл тоож буйгаа харуулах гэсэн мэт зургуудаа нийтэд цацсан байна.
Майли Сайрус одоо хит болоод буй "Wrecking Ball" дууныхаа клипний санааг дээрх дуучны тэртээ 90-ээд онд хит болж байсан "Nothing Compares To U" дууны клипнээс хуулбарласан юм. Тийм ч учраас Синид О"Коннор түүнд хандаж, ахмад уран бүтээлчийн зүгээс, бас өөрөө түүн шиг учир зүгээ олохгүй төөрөлдөж явсан үе бий учраас сургамжилсан өнгө аястай захидал илгээжээ.
Захидалдаа тэрээр Майлиг зөвхөн авьяас билгээрээ олон нийтийг байлдан дагуулах хангалттай чадвартай атал ийм зохисгүй, эмэгтэй хүний үнэлэмжийг унагасан байдлаар биеэ авч явж, бусдын анхаарлыг татах хэрэггүй гэж зөвлөсөн байна. Гэвч түүний захидлыг хүлээн авсны дараа тэрээр Твиттертээ түүнийг галзуу солиотой хүн мэтээр бичсэнээс гадна Синидийн бүтэлгүйтэж явах үеийн зургийг нийтэлжээ.