Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
С.Дамдин: Жүжигчин болж амжаагүй байтал явах цаг болчихож


-Жижиг дүр гэж байдаггүй, жижиг жүжигчин л гэж байдаг-

Монгол Улсын Гавьяат жүжигчин Совдын Дамдин гуайтай ярилцлаа. Өмнө нь энэ хүнтэй хаа нэг театрын хонгилд таарахаараа жаахан эмээсхийн өнгөрдөг байв. “Таниас яриа авъя” гэж хэлж зүрхлэхгүй хажуугаар нь тэгс гээд л өнгөрнө. Түүнийг харахаар нэг л сүрдмээр. Хэрвээ амандаа байнга бэлэн хадгалдаг асуултаа түүнээс асуух юм бол “Юу яриулах гээв” гэж ч хэлчихэж магадгүй байх гэж боддог байлаа. Харин энэ удаа жаахан жийрхсээр утас цохилоо. “13:00 цагаас УДЭТ орно. Тэгээд л уулзъя даа” гэлээ. Нөгөө л нэг жаахан айдас арилж өгөхгүй байсан болохоор асуултаа бэлдээд очлоо. Удаан хүлээсэнгүй. 13:00 цагаас 10 гаруйхан минутын өмнө бор гар цүнх барьсан, малгайгаа духдуулсан өвөө ирлээ. Тэр өвөө болчихож. Хөх чоно гуай гэж дуудуулж явсан шилийн сайн эрийг би өнөөдөр л өвөө болсныг нь анзаарав. Арга ч үгүй биз дээ. Гэхдээ тэр 70 хүрч яваа гэхэд ануухнаараа. “Чих жаахан хатуу” гээд надаар “Ардчилал” гэж дөрвөн удаа давтаж хэлүүлэв. Тэгснээ “Ах нь ардчиллын буянаар л Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон юм шүү дээ. Хэрэв нэг намтай байсан бол авгайчин, архичин Дамдин байх байлаа” гэсээр өрөө рүүгээ дагуулан оров. Тэр өөрийн суудаг ширээнд очиж цүнхээ тавиад, толинд нүүрээ хараад дадал болсон мэт үсээ илбэв. Ингээд л бидний яриа өрнөсөн юм.

-Танд зориулсан хүн­дэтгэ­лийн тоглолт тун удах­гүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэр явж байна даа?
-Энэ сарын 11-нд “Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” гэсэн нэртэй хүндэтгэлийн тоглолт маань болох гэж байна. Нас 70 хүрлээ. Уг нь, ах нь 60-тай тэтгэврээ тогтоолгосон юм. Тэгсэн Цэрэнсамбуу захирал, Сувдаа дэд захирал нар намайг тэтгэвэртээ гарах болоогүй ээ, театртаа ажилла гээд үүнээс хойш 10 жил болжээ. Одоо нас өндөр болсон учраас үлдсэн насандаа Монгол орныхоо очиж үзээгүй газруудаар явж, агаар салхинд явж байгаад бурхны оронд очъё гэж бодсон учраас чөлөө гуйж, гавьяандаа суух гэсэн чинь урлагийнхан маань надад хүндэтгэлийн тоглолт хийж өгье гэлээ.

-Хөх чоныг ч яахав хүмүүс мэднэ. Та өөрөө амьд хөх чоно учраас. Харин гэрийн сайхан өвөө Намхай гэж ямар дүр байна вэ?
-МҮОНТ Онцгой байдлын газрын тухай 50 ангитай кино хийж байгаа юм билээ. Үүний 20-иод ангид нь гардаг Намхай гэж өвгөний дүр дээр хамгийн сүүлд ажиллажээ. Насаараа гал сөнөөгч хийсэн өвгөн байгаа юм. Үргэлж л нэгдүгээр дэлгүүрийн үүдэнд нохойтойгоо сууж байдаг. Сайхан дүр л дээ.

-70 хүрч байгаа гэхээр хэдэн жил урлагийн тогоонд чанагдаж, хэдэн жилд нь театрын тайзнаас үзэгчидтэйгээ уулзав?
-1963 онд Улсын багшийн сургуулийн Кино драмын ангид орж байлаа. Энэ ангийн хоёр дахь төгсөлт болж төгссөн. Анхных нь төгсөлтөөр Ардын жүжигчин Мэндбаяр, жүжигчин Нарантуяа, Лхамхүү, Сэлэнгэ, Бужгар, Зориг гэсэн хүмүүс төгсч байсан. Эдний дараа Цэрэндарьзав гавьяат, Латиф, Баатарүү, Шагдаржав, Жарантав гээд олон сайхан жүжигчин надтай хамт төгссөн юм.

-Нэг үеийн мундаг жүжигчид байсан байна. Гэхдээ одоо тал нь байхгүй?
-20 гаруй хүн төгсч байснаас тал нь бий. Маш сайхан авьяастай хүүхдүүд төгсч байлаа.

-Хэд нь УДЭТ-ын өндөр босгоор алхаж байв?
-Зургаан жүжигчин л энд ирсэн. Латиф, Цэрэндарьзав, Жарантав, Баатархүү, Шагдар­жав бид зургаа театраас ажлын гараагаа эхэлсэн дээ. Латиф маань театрт анх сайхан дүр бүтээсэн. Тэгээд хошин шогийн хүн байсан учраас удалгүй цирк рүү шилжсэн.

-Тэр үед жүжигчний мэргэжил түгээмэл биш байсан шүү дээ. Анхны ангийнх нь хоёр дахь элсэлт гэхээр Булганы хүүхэд яаж яваад кино драмын ангид орсон юм бэ?
-Булганаас ах нь Багшийн дээд сургуулийн зургийн ангид орсон юм. Зурдаг байлаа. Зургийн ангидаа шалгуулж явтал олон хүн дугаарлаад зогссон байна. Очоод юунд дугаарласныг нь асуухад кино драмын ангийн элсэлт явж байна гэнэ. Юу шалгах юм гэсэн бүжиглүүлж, дуулуулж, шүлэг уншуулж байна л гэлээ. Дунд сургуульдаа хошин шүлэг уншдаг байсан болохоор шалгуулаад үзэхээр шийдсэн хэрэг. Би чинь залуудаа сайхан дуулдаг байсан. Хэдэн жилийн өмнө даанч цагдаа нартай зодолдож яваад хоолойгоо шахуулаад, дээд өнгө маань тасраад бүдүүн паржигнасан дуутай болчихсон л болохоос биш. Гэхдээ энэ маань надад зохидог юм л даа. Ингээд шалгуулах гээд орлоо. Тэгсэн урдаас буржгар үстэй, том алаг нүдтэй хүн хараад сууж байна. Балетмистер Раднаа байсан юм билээ. Намайг дуу дуул гэлээ. Дуу дууллаа. Шүлэг уншлаа. Би жаахан бөгтгөр байхгүй юу. Одоо ч гэсэн. Тайзан дээр гарахаараа жаахан тэгшилчихдэг л болохоос. Тэгсэн надаас “Чи бүжиг хийдэг үү” л гэж байна. Хийдэг гэсэн чинь “Ямар” гэж байна. Тэгэхээр нь нийтийн бүжиг гээд хэлсэн чинь “За тэгвэл амаараа аялаад бүжиглэ” гэлээ. Урдаас нь хос алга байна гээд хэлчихсэн чинь “Наад сандлаа аваад бүжиглэ” гэдэг юм байна. Нөгөө модон сандлыг нь тэврээд, амаараа вальс аялаад бүжиглэж өглөө шүү. Үүний дараа этюд хий л гэж байна аа.

-Хөдөөнөөс дөнгөж ир­сэн хүүхэд чинь этюд гэж мэдэхгүй биз дээ?
-Гадаа дугаарлаж байхад миний өмнө байсан хүүхдүүд этюд гээд нэг юм яриад байсан юм. Дуу гаргахгүй, үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг гээд. Түүнээс би юугаа мэдэх вэ. Тэгсэн л нөгөө хүн “За чамайг сургуулиасаа ирэхэд гэр орон чинь шатчихсан байна. Тэгсэн дүү чинь шатаж байсан байшин дотор уйлах нь сонсогдлоо. Тэгвэл чи яах уу” гэж байна. Гадаа байхад миний ард байсан нэг нөхөр утаан дунд босоогоороо явж болохгүй гээд яриад байсан юм. Тэгээд л гэрийнхээ хаалгыг онгойлгоод л пий паа гэж байгаад л унаад мөлхчихлөө. Тэмтчиж, дуу чагнаж мөлхсөөр багшийн хөлийн өмнөөс л дүүгээ олоод авлаа шүү. Тэвэрч аваад л үлээчихээд, хэд сэгсрээд л буцаад мөлхчихлөө. Хаалгаа олохгүй жаахан будилж байгаад гараад явлаа. Буцаад ороод ирсэн чинь багш инээчихсэн сууж байна. Тэгснээ эгнүүлээд тавьчихсан 10 сандал руу заагаад “За чи эмгэн бол. Энэ сандалнууд чиний хүүхэд. Хүүхдээ хэрхэн загнадаг эмээ вэ, харуул” гэж байна. Тэгэхээр нь сандал руу очоод хөдөө өссөн учраас хөдөөний  ахуйн яриагаар загналаа. Эхнийхийг нь “Хонь хурга нийллээ. Энд юугаа хийж яваа юм. Явж хонио эргүүл” гээд явуулчихлаа. Дараагийнх дээр нь очоод “Үнээ тугал чинь нийллээ. Орой сүү, хоолгүй болох нь” гээд л хөөгөөд явуулчихлаа. Гурав дахь нь ажил төрөл ярилаа. “Аав, ээж чинь ажлаасаа ирэх гэж байхад очиж хоол ундыг нь хийхгүй. Юугаа хийгээд байгаа юм. Яв чи” гээд л. Тэгсэн дөрөв дэх сандал дээр очоод таг болчихсон. Багшид цаашаа хэлэх үг алга гээд хэлсэн “Гараад хүлээж бай” гэдэг юм байна.

-Ингээд л тэнцчихсэн үү?
-Үгүй ээ. Тэгэхэд зарим хүүхдийг явуулаад, заримыг нь авч үлдсэн юм. Хүлээгээд байж байтал багш гарч ирээд хэдэн хүүхдийн нэр хэлсэн. Тэгснээ маргааш УДБЭТ-т цугла гэлээ. Би анх удаа хөдөөнөөс ирсэн учраас хотоор тэнэж яваад мартчихаж. Миний найз Боря намайг чирсээр шалгалтад маань аваачлаа. 10 гаруй хүн суучихсан шалгаж байна аа. Одоо бодсон Раднаа багш, Оюун гуай гээд л мундаг хүмүүс байсан юм билээ. Нөгөө л дуугаа дуулаад, шүлгээ уншчихлаа. Тэгсэн Раднаа багш надаас чи өөр шүлэг мэддэггүй юм уу гэж байна. Мэднэ гээд л “Аргалын утаа бургилсан...” гээд цээжинд орсон дөрвөн мөртийг нь уншчихлаа. Оюун багш “За чи ууланд жимс түүгээд явж байсан чинь гэнэт баавгай дайрлаа. Тэгвэл чи яаж амь гарах хүн бэ, үзүүл” гэж байна.

-Дахиад л нөгөө этюд үү. Мөн ч хэцүү даалгавар өгч дээ?
-Хөдөөний хүүхэд болохоор жимс түүхийг үзүүлэх амархан л байлаа. Нэг гартаа саваа барьчихсан жимсээ түүгээд, заримыг нь ам руугаа хийгээд л явж өглөө. Тэгсэн гэнэт урдаас баавгай гарч ирсэн дүр үзүүллээ. Аз болж нэг том багана байсан юм. Тэгэхээр нь тэрийг тойроод гүйгээд л байлаа. Эргэж хараад л гүйгээд байсан чинь хальтираад уначихлаа. Үхсэн хүн л болъё гэж бодоод доошоо хараад л хэвтээд байсан чинь “Гүйгээч ээ, чи яачихав аа” гэж байна шүү. “Баавгайд идүүлчихээд байна аа” гэсэн. /инээв/
Бэлдээгүй этюдээ ингэж нэг үзүүлчихээд бэлдсэнээ үзүүлэх болов. Юун этюд бэлдэх. Хотоор зугаалаад юу ч хийгээгүй хүн чинь хоол л хийлээ. Сандал тавьчихаад “Энэ зуух” гэсэн чинь дуугарч болохгүй гэж байна. Миний өмнөх төгсөлтийн ах маань байсан байна лээ. Тэгээд дуугарахгүй л хийж өглөө. Гал түлээд, гурил зуураад, хоолоо хийж дуусгаад л тогоогоо жийргэлж байгаад нэг сав руу юүлчихлээ. Тэгсэн чинь “За чи юу хийв” гээд нэг бүдүүн хоолойтой хүн асууж байна. Хоол хийлээ, лапша. Гэсэн чинь “Махаа яасан юм” гэдэг байгаа. Ээ, би мартчихжээ гэсэн чинь тэндээс “Давсаа яасан юм” гэж байна. Мартчихжээ л гэсэн. /инээв/. Тэгээд гараад хүлээ гэхээр нь хүлээж байсан чинь үйлдэл нь зөв байсан юм байлгүй тэнцүүлсэн.

-Өмнө нь зүүдэлж ч байгаагүй мэргэжлээр зур­гийн ангиа сольсон хэрэг үү?
-Үгүй ээ. Энэ хооронд бас зургийн ангидаа шалгалт өгөөд яваад л байсан. Зургийн, кино драмын анги хоёр чинь нэг факультет байсан юм. Тэгээд очсон чинь Аюуш гэж декан сууж байна. Намайг оруулаад энэ хүүхэд кино драмын ангид тэнцсэн гэсэн чинь Аюуш гуай их хүн таництай, харснаа “Энэ хүүхэд чинь зургийн ангид тэнцчихээд байгаа шүү дээ” гэдэг юм байна. Тэгээд л хоёр ангийн нэгийг сонгох хэрэг гарлаа. Тэрнээс өмнө Занабазар гуайн Дарьбазарын дүрийг бүтээдэг “Ардын эрх” киног үзэж байсан. Тэгэхэд Занабазар гуай мотоцикльтой явж байгаад манай суманд эвдрээд, би хоол өгч, мотоциклийг нь янзлалцаж өгөөд явуулж байсан юм. Тэгэхэд ах нь жүжигчин, надтай уулзаарай гэж байсныг нь санаад жүжигчний ангийг нь сонгосон доо.

-Тэр үед дүрийн судалгаа хийнэ гэдэг агуу зүйл байсан гэж ярьдаг юм билээ. Оюутан байхад хамгийн хөгжилтэй бас хэцүү зүйл байж гээд л?
-Тэгэлгүй яах вэ. Одоо жүжиг найруулах, кино хийх амархан болжээ. 10 гаруйхан өдөр л хийчих юм. Тэр үед бол ширээний уншлага 15 хоног, тайзан дээр сар бэлдэж байж жүжиг бүтдэг байлаа. Дөрвөн улирал бичигдсэн киног бол цагийг нь хүлээж байж хийдэг байсан. Хөх чонотой киног чинь хоёр жил шахуу явж байж хийсэн. Найруулагч нар нь ч жүжигчнээ сайн сонгож олдог байсан.

-Хөх чонын дүрийг танд яаж өгсөн юм бэ?
-Сумхүү гуай энэ талаар бүр сүүлд хэлсэн. Анх бол найруулагч зохиолоо уншаад намайг сонгосон юм билээ. Гэхдээ илүү сайн жүжигчин олох гээд яваад байж л дээ. Тэгж яваад гэнэт нэг өдөр зураач Цогзол гуай, Асалбай хоёр орж ирээд “Энэ дүрд таныг хуваарилж байна. Маргааш очиж зурганд ор” гэдэг юм байна. Та нар яагаад надад хэлдэггүй юм гэсэн чинь “Уучлаарай анх чамайг сонгосон байсан. Даанч өөр хүн хайгаад цаг алдчихлаа” гэсэн.

-Жүжигчний ангийг төгсөөд ирэхэд жинхэнэ алтан үеийнхэн угтаж авсан биз дээ?
-Алтан үеийнхэн бүгдээрээ байсан. Ёстой сайхан хүмүүсийн дунд орж ирсэн. Намайг оюутан байхдаа театрт ирэхэд Цагааны Цэгмид гуай нас барчихсан зураг нь театрт залаатай байсан. Тэр хүнээс бусад нь л байсан даа. Тэр хүмүүсээс сурах, асуух юм их. Ингэж жүжигчин болсон хэрэг л дээ. Болсон ч гэж дээ, болоогүй байтал явах цаг болчихлоо.

-Ингээд та өөрийгөө жүжигчин биш гээд хэлчихээр таны бүтээсэн дүрийг хайрладаг үзэгчид гомдох болов уу?
-Сургуулиуд намайг багшил гэдэг. Гэхдээ би өөрөө жүжигчин болоогүй байж чадахгүй байх аа гээд хэлчихдэг юм. Үзэгчид намайг хайрладаг. Тийм ч учраас Монгол Улсын Гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрыг өгсөн байх. Гэсэн ч би өөртөө чамлалтай л явдаг.

-Та гавьяат цол авсныхаа дараахан манай сонинд ярилцлага өгч байсан юм билээ. Тэр үед таны амьдралд баяр жаргалтай хамт уйтгар гуниг хамт ирсэн тухай уншсан?
-Тэрийгээ тэгээд хуулаад биччихгүй яасан юм. /инээв/ Ахынх нь амьдралд янз бүрийн л юм болсон. Тэр бүгдийг тэвчиж өнгөрүүлэх хэрэгтэй. Одоо бүх зүйл сайхан болсон.

-Урлагийн музейд Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайн “Овод” жүжгийн Оводын дүрийг бүтээгээд бичсэн тэмдэглэл байдаг юм билээ. Тэр тэмдэглэлд Оводыг үхэхэд миний зүрх дагаад зогсох шиг болдог байсан гэсэн байдаг. Таны хувьд иймэрхүү сэтгэлд үлдсэн дүр бий юү?
-“Эхийн сэтгэл” жүжгийн бага даргад тоглодог байлаа. Георгий Васильевич гээд нэг ноёны дүрд “Цогт тайж”-д тоглосон Лувсанжамц гуай маань тоглосон. Би түүнийг хөнөөгөөд толгойг нь жадныхаа үзүүрт хатгаад бариад явдаг юм. Тэгсэн манай уран барималч Гавьяат Гүрдорж гээд хүн байсан юм. Тэр Лувсанжамц гуайн толгойг нүгэлтэй адилхан хийсэн юм. Тэр толгойг нь бариад явахаар л Лувсанжамц гуайтай адилхан харагдаад, дээрээс цус нь дусах гээд байгаа юм шиг харагдаад, жигтэйхэн их айдаг байсан. /инээв/ Тэр толгойноос их айдаг байсан. Жүжигчин дүрдээ орж байгаагийн шинж л юм билээ л дээ.

-Сүүлийн үеийн шинэ төгсч байгаа жүжигчдийг хүмүүс их шүүмжлэх юм. Чадвар муу байна гээд. Та тэднийг хэрхэн хардаг вэ?
-УДЭТ босго өндөртэй, шалгуур ихтэй учраас чадваргүй хүүхдүүд ирдэггүй. Гэхдээ сүүлийн үеийн залуучуудын бодол сэтгэл өөр болжээ. Хааяа хүлээж авахааргүй үе гарах л юм. Тэд ч мөн адил. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг мэдэх биш дээ, ах нь. Ард түмэн уран бүтээлчдийн ажлыг шүүдэг. Гэхдээ жижиг дүр гэж хэзээ ч байдаггүй. Жижиг жүжигчин л гэж байдаг юм шүү дээ.

-Долоон жил тайзнаас завсарласан гэж байсан. Ээжийнхээ эцсийн мөчүүдэд хамт байсан тань үнэхээр бахархалтай санагддаг?
-“Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Доржсамбуу гуай манай театрын захирал байхдаа ээжийн маань хэвтэрт байсан сүүлийн дөрвөн жилд надад цалинтай чөлөө өгөөд сахиулж байсан. Би чинь ээжээсээ гурвуулаа. Нэг дүүгээ хүнд өргүүлээд, нэг нь нас бараад ганцаараа үлдсэн учраас би л ээжийгээ асрах ёстой.

-Ээж тань амьд сэрүүн байхдаа таны тоглосон нэг л киног үзсэн гэсэн. Тэрэнд харамсдаг уу?  
-Угаасаа анх “Өндөр ээж” кинонд тоглосон. Тэрийг маань ээж үзсэн юм. Манай сумын төв дээр гарч л дээ. Кино механикч очоод “Баасанжав гуай хүү тань сайхан кинонд тоглосон байна. Та очиж үз” гэж л дээ. Тэгсэн ээж яаж тоглосон байна гэхээр нь “Байлдаж байгаад үхсэн” гэхэд “Тэгээд бүр үхчихсэн үү” гээд гайхсан гэсэн. “Үгүй ээ тоглоод үхэхгүй юү” гэж хэлээд үзүүлж л дээ. Тэгсэн чинь ээж механикчаас “Үхэх дөхөхөөр нь хэлээрэй” гэж. Анх яриад л үзээд байсан гэсэн. Тэгээд л цэрэгт яваад дайн болохоор нь хэлтэл манай ээж год үсрээд гараад явчихсан юм гэсэн. Хүүгээ үхэхийг харж чадахгүй л байсан юм байлгүй.

-Хоёулаа амьдарч, ээжээ­рээ хань хийж байсан бо­лохоор хотод оюутан болж ирээд их санадаг байв уу?
-Нэгдүгээр курст байхад юм даг. Хичээлээ тараад гараад ирсэн баганын хажууд нэг таньдаг лоовууз, дээлтэй хүн зогсч байна. Цаашаа харчихсан. Очоод харсан ээж. Тэгсэн чинь ээж намайг тоож байгаа ч шинж алга, ийш тийшээ хараад “Миний хүү ямар сайхан сууцанд суудаг юм. Ямар олон найзтай болсон юм” гээд л. Ээж маань хотод ирэх нь байтугай, аймгийн төв ч орж үзээгүй хүн байсан. Би чинь оюутны тэтгэмжээ өгнө гээд хадгалчихсан байсан учраас ээжийгээ эмнэлэгт үзүүлээд, дуурийн театрт “Учиртай гурван толгой”-г үзүүлсэн. Тэгээд онгоцоор буцаая гэж санаж яваад хоцорчиж. Ашгүй нэг хүн дутуу гэж байж байна шүү. Ээжийг оруулчихаад араас нь хартал онгоцны наана очоод дахаа өмсөөд, дэгтийгээ өмсөөд зогсоод байна. Цаанаас үйлчлэгч нь дуудаад байдаг. Арга барсан уу үйлчлэгч  нь ирээд аваад явсан. Зуны амралтаараа очоод асуусан чинь ээж “Тэр урт цагаан юман дээр чинь нэг хүн мордуулж өгөх юм. Тэгээд санаад дах, дэгтийгээ өмсөж байхгүй юу” гэж байж билээ.

0 Сэтгэгдэл
яв яв.
mundag jujigchin shuu. hairlaj yavmaar
Хамгийн их уншсан