Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд “Хайрхан аялал” клубийн 30-аас дээш насны 14 тамирчин авирахаар шийджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн Ж.Бямбасүрэн “Манай улсаас 2006 оноос хойш Килиманжаро ууланд найман хүн л оргилд нь хүрсэн байдаг. Харин манай багийн хувьд олуулаа оргилд нь гарахаар зорьж байгаагаараа онцлог. Килиманжаро уулын өндөр нь далайн түвшнээс 5895 метр бөгөөд долоон тивийн ноён оргилын нэг. Тамирчид замын зардал болон бүхий л зүйлүүдээ өөрсдөө гаргаж байна” гэлээ. Сонирхлоороо тус уулын оргилд хүрэхээр сэтгэл шулуудсан багийнхан энэ сарын 12-19-нд дайралт хийх юм байна.
Тус клуб нь 2011 онд байгууллагдсан бөгөөд 100 орчим идэвхтэй гишүүнтэй уулын спортын хоёр мастер, таван нэгдүгээр зэрэгтэй тамирчинтай аж. “Хайрхан аялал” клубээс долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох уулуудаар алхалт хийж бэлтгэлээ хангадаг байна. Уг спортыг сонирхсон хэн бүхэн амралтын өдрүүдээр тэдэнтэй хамт алхаж болох гэнэ.