100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхэллээ.
Энэ төрөлд манай улсын 10 гаруй залуу даамчин өрсөлдөж байна. Энэ төрлийн аваргууд маргааш тодрох юм. Харин баасан гаригаас эхлэн Дэлхийн оюутны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамын тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин аравдугаар сарын 16 хүртэл оюун ухаанаа сорих юм.
Энэ удаагийн ДАШТ-д “Дэлхийн аварга” цолыг эзэмшигч, Дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, Дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, ОУХМ Зоя Голубева, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны Дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, ОУМ Ханчин Жао нарын энэ үеийн шилдэг даамчид багтжээ.
Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэмцээний нийт шагналын сан 22 мянган евро /үндсэн тэмцээн нь 20 мянга, түргэн тоглолт нь 2000 евро/ байгаа аж. Оролцсон бүх тамирчин үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж 400-5000 евро хүртэх юм. Тодруулбал, түрүүлсэн тамирчин 5000, удаалсан нь 3500, хүрэл медалийн эзэн 2500, IV байрт 1500, V байрт 1000-г тус тус хүртэнэ. Харин блиц болон рапид тоглолтын гурван байрт шалгарагсад 500, 300, 200 еврогоор шагнуулна.