Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ШАГНАЛ, ХАРИУЦЛАГА НЬ ТЭНЦҮҮ БОЛ Ч...

Монгол Улсад хамгийн нэр хүндтэй хүмүүс бол тамирчид. 2008 оны Бээжингийн олимпын амжилт ардчилсан нийгэмд хэзээ ч байхааргүй хар өдөр болох долдугаар сарын 1-нийг цайруулсан. Энэ үеэс л нийгмийн сайн сайхан бүхний түрүүнд дурсагдаж, ард түмний хүндлэлийг хүлээсэн. Хүүхдүүд мэдээ орохдоо олимпын аварга шиг хүн болно гэж мөрөөдөж, хүмүүс шинээр төрсөн хүүхэддээ тэдний нэрийг хайрлаж, цэнхэр дэлгэцээр гэрийнх нь хойморт зочлох бүрт шимтэн үздэг тамирчид маань тэр хэрээр бусдыг үлгэрлэх ёстой. Гэтэл сүүлийн үед гавьяа шагнал авахын хэрээр ёс зүй нь алдагдаад байна уу даа гэх бодол төрөх болов. Хүн л юм хойно уурлаж, бухимдах зүйл гаралгүй л яахав. Гэхдээ л өөрсдөөр нь ард түмэн бахархаж, тэднээс үлгэр дууриал авдгийг санан хүмүүсийн нүдэн дээр ёс зүйтэй байвал ямар вэ гэсэн ядмагхан гуйлт хэлэх гэсэн юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг бий.
Тун удахгүй Казахстаны Алматы хотноо болох боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 кг-ын жинд хэн оролцох талаар саяхан нэлээд шуугиан дэгдсэн. Монголын боксын холбооноос ОУХМ З.Энхзоригийг 2013 оны улсын аварга болсон учир явуулахаар тогтсон ч 64 кг-д дэлхийд чансаагаараа нэгт бичигдсэн Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ явна гэснээр маргаан үүссэн. Энэ маргааныг шударгаар таслахын тулд сорилго тулаан хийхээр болж, уржигдар асуудал шийдэгдсэн. Эхний үед хоёр тамирчин тэнцүүхэн өрсөлдсөн ч, нэг онооны зөрүүгээр гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын тэмцээнд явах эрх авсан.
Гэхдээ хоёр тамирчин тэмцээний цаг дууссан ч барьцалдаж, нэг нэгэн рүүгээ дайрахыг монголчууд маань цэнхэр дэлгэцээрээ дамжуулан харсан. Шүүгч тэднийг хүчээр салгаж галыг нь намжаасан ч тэмцээний дараа энэ явдал үргэлжлээгүй гэж найдах байна.
“Бөхчүүд зодоон хийлээ” гэсэн мэдээ үргэлж л гардаг. Монголчууд эрчүүдээ хүндлэн дээдэлдэгийг эрийн гурван наадмаас л харагддаг. Гэтэл энэ наадмынхаа үеэр уран мэхийг уралдуулж, хүчийг үзэн наадамчин олныг баясгах үүрэгтэй тэд маань зүлэг ногоон дэвжээгээ доромжилж, барилдааны үеэр гар зөрүүлэх нь сүүлийн жилүүдэд олширсон. Бүр наадам бүрээр бөхчүүд барилдах биш зодолдох гэсэн дуулиан, олиггүй явдал гарах болсон. Энэ тухай наадамчид хачирхан ярьж, сонинуудад бичиж л байдаг. Уг нь, зөвхөн яриа шуугиан төдийхнөөр өнгөрүүлж болохгүй асуудал энэ баймаар. Үзэгч, наадамчин олныг талцуулж, олны өмнө ёс зүйгүй авирлах нь монгол бөхөд байх ёстой нөгөө гүндүүгүй чанар биш л байлтай.
Энэ жилийн наадмаар гэхэд хоёрын даваанд улсын начин Ч.Гансүх, харцага Т.Өсөх-Ирээдүйтэй барилдахдаа зодооны эхлэл тавьсан. Тэгвэл тавын даваанд улсын заан Л.Соронзонболд, улсын арслан Г.Эрхэмбаярт амлаж унахдаа нүүр рүү нь нударгалсан. Бас аймгийн арслан Н.Адъяабат улсын гарьд Д.Рагчаад унахдаа бас зүгээр байгаагүй л гэсэн. Улсын заан Д.Баасандорж ч өрсөлдөгчдөө гар хүрсэн нь нөлөөлж харагдсан. Тэр бүхнийг зодоон гэж дэвэргэлээ гэж хэлэх хүн байж магадгүй. Тэгвэл алгадсан ч, дэлссэн ч бай зодоон шүү дээ. Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэдэг.
За дээрх зодооноос гадна бас дуулиантай ил тод зодоон олон бий. Тухайлбал, Далай аварга Г.Өсөхбаяр л гэхэд Дархан аварга А.Сүхбатыг 2001 оны улсын баяр наадмын дэвжээн дээр өшиглөж байсан. Мөн л үзэгчид үүнийг хоёр талтай хүлээн авч, өөрийн дэмждэг, нутгийн бөхөө өмгөөлөн талцав. Үүнээс хойш л бөхчүүд ямар нэг зүйл нь болохгүй, хүссэн амжилтаа гаргаж чадаагүй бол өрсөлдөгч бөхөө зохих, өшиглөх тохиолдол олон гарах болсон юм. Өнгөрсөн жил гэхэд ардчиллын ойн баярын барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва, улсын начин Б.Пүрэвсайханыг цохьсон. Мөн хоёр жилийн өмнө улсын начин Б.Пүрэвсайхан улсын наадамд зодоглоод улсын харцага Л.Пүрэвжавыг өшиглөж байсан удаатай. Гэхдээ миний дээр дурдсан жишээ бол улсын наадам болон заалны барилдааны үеэр гарсан бөхчүүдийн зан харилцааны алдаа дутагдал. Үүнээс гадна жирийн үед ч гэсэн хаа газрын зодоонтой бөхчүүдийн нэр холбогдох нь элбэг. Гэхдээ нэгэнт л монгол бөхийн нэрийг зүүж, сүрийг далайлган яваа бол ядаж бөхийн тэнгэрлэг хийморийг хүндэтгэн хаа газар ёс зүйг эрхэмлэмээр. Үүнийг нь сахиулах ёстой Монгол бөхийн холбоо ч хэдхэн сарын барилдах эрхийг нь хасаад, үзэгчдээс уучлал гуйлгаад л өнгөрдөг. Хэрэв ард түмний итгэлийг хүлээж, алдар нэрээ хүндэтгэлтэй авч явж чадахгүй бол цолыг нь хурааж авсан ч багадахаар.
Энэ мэтчилэн үндэсний бөхчүүдийн зодооныг тоочвол сонины нэг нүүр ч багадахаар. Гэхдээ бас үүнээс ч илүү зодоон, цохио хийдэг салбарынхан бол сагсчид. Лигийн тоглолтууд эхэлсэн үед цохилцоон, муудалцаангүй орой цөөн. Тоглолтын дараа шүүгчээ хүртэл зодоод тоглох эрхээ сараас дээш хугацаагаар хасуулж, мөнгөн торгууль төлсөн тамирчин гарын арван хуруунаас хол илүү гарна.
Дөнгөж өнгөрсөн оноос л спортын холбоод тамирчдын ёс зүйн дүрмийн талаар ярьж эхэлсэн. Үүнийхээ дагуу бүгд л дүрэмтэй болсон. Гэсэн ч төдийлэн тамирчдад цочроо өгөөгүй нь спортын дэвжээнээ гарч буй ёс зүйн зөрчлүүд илтгэнэ.
Монгол Улсын Ерөн­хийлөгчийн 151 дүгээр зарлиг ёсоор олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд дөрвөн сая, мөнгөн медаль хүртвэл гурван сая, хүрэл медаль хүртсэнд нь хоёр сая төгрөг мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд хоёр сая, мөнгөн медаль хүртвэл нэг сая, хүрэл медаль бол 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгож байхаар тогтон энэ оны эхнээс олгож буй. Энэ жишгээр урамшуулал олгоход энэ жилийн нэгдүгээр сарын байдлаар сар бүр 106 сая төгрөг сар бүр зарцуулах тооцоо гарч байсан. Гэхдээ сар бүр Дэлхийн аваргын тэмцээнээс төрөл бүрээр медаль авч байгаа спортынхон маань оргил үед энэ мөнгө нь хэдээр нэмэгдсэнийг тооцоход хүндхэн.
Мөн Үндэсний баяр наадмаар улсын цолонд хүрсэн болон үзүүр түрүүний бөх гээд бүгдэд нь улсаас болон сум орныхон нь хөөрч баярласан сэтгэлээрээ байдгаа барьдаг. Тэр үедээ инээж, талархаж авчихаад нутгийн зон олныхоо ч нэрийг бодохгүй туйлах нь юуных вэ.
Манайхан нутаг усаараа талцах дуртай хүмүүс. Цолоо дуудуулж, нутгийнхаа нэрийг гаргахдаа тэр хэмжээний хариуцлага үүрч яваагаа ухамсарладаггүй, хүчээр бүхнийг шийдээд байвал үзэгчдэд хэр хүндлэх бол.
Ингэж спортын шударга өрсөлдөөний талбарыг бу­зарладаг нь тамирчдын цол илүү, олон жил тухайн спортоор хичээллэсэн гэсэн бардамналыг өгдөгөөс үүдэлтэй байж болох. Тэгвэл өгсөн гавьяа шагналтайгаа дүйцэхээр хариуцлага хүлээлгэдэг дүрэм журамтай болбол ямар вэ, Спортын холбоод минь.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Аанхаа...
ингэж баахан юм болж явчаад медаал чирээд ирээрэй дэ дураакаа
Хамгийн их уншсан