Хоёр өдрийн өмнө “Гал үндэстэн” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэт радикал үзэлт хөдөлгөөнийхөн Улаанбаатарын төвд, төрийн ордны ойролцоо буун дуу гаргаж, гранат шидсэн ч гэх шиг урьд хожид үзэгдэж байгаагүй үйлдэл гарч олны гайхшралыг төрүүлэв. Уг нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн гээд өнгөц харахад их л зөв санаатай мэт.
Гэвч зэвсэг хэрэглэх, тэсрэх бодис байршуулах гэх мэтээр хүч хэрэглэх, хэт радикал буюу хэрээс хэтэрсэн туйлширсан байдлаар асуудалд хандах нь юуг ч шийдэхэд тус болж байгаагүйг дэлхий нийтэд өнөөдөр болж байгаа олон үйл явц харуулж байна. Зөвхөн байгаль орчин гэлтгүй улс төр, эдийн засаг гээд хүний харилцааны бүх л салбарт хэт туйлширсан, ультра радикал байр суурь нь хүмүүсийн анхаарлыг тухайн асуудалд хандуулах гэхээс илүүтэйгээр жигшил дургүйцлийг хүргэх нь олонтаа.
Байгаль орчин, экологийг хамгаалах нэрийдлээр бусдын өмч хөрөнгийг тэсэлж, дэлбэлэх, хүч хэрэглэн гэмгүй хүмүүсийн амь насанд аюул учруулах замаар тэмцэхийг дэлхийн хэмжээнд экотерроризм гэж нэрлэдэг. Энэ үзэгдлийн анхны илрэлийг Монгол Улсад хоёр өдрийн өмнө бид харлаа. Харин уул уурхай, үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад экотерроризмын асуудал нь олон жилийн түүхтэй. Ямар ноцтой асуудал болохыг харуулсан жишээ мундахгүй.
АНУ–ын Мөрдөх товчоо нь экотерроризмыг тус улсад нүүрлээд байгааг алан хядах хамгийн том аюулын нэг гэж үздэг тухайгаа албан ёсоор мэдэгдэл хийсэн нь үүний жишээ. Байгаль орчныг хамгаалах хууль, хуулийн гүйцэтгэл гэх мэт зүйлээрээ дэлхийд үлгэр жишээ болдог орон шүү дээ. Хэдхэн жилийн өмнө экологийн тэнцвэртэй байдал, байгаль орчныг хамгаалах нэрийдлээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хүмүүс Америкийн эдийн засагт 100 сая ам.долларын хохирол учруулсныг тус улсын тусгай албад тогтоосон байдаг аж.
Тухайлбал, Америкт үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийг чөлөөлөх фронт” нэртэй экотерроризм үйлддэг байгууллагын гишүүд гэхэд л 1996 онд Вейл дэх уулын цанын баазыг шатаасан, Орегон мужийн газрын нөөц ашиглалтын товчоог шатаасан, Ок Риж Дэх Америкийн холбооны ойн албаны ажилтнуудын салбарыг шатаасан, Калифорни мужийн мал нядалгааны газрыг шатаасан, Чилид мод боловсруулах машины үйлдвэрийн цогцолбор барих гэж байсан “Boise Cascade” компанийн байрыг 1999 онд дэлбэлсэн, 2003 онд Сан–Диего хотод орон сууцны цогцолборыг шатаасан гээд хэдхэн жилийн дотор 40 гаруй сая ам.долларын хохирол учруулсан байх юм.
Энэхүү “Дэлхийг чөлөөлөх фронт” өөрийн зорилгоо “Хүн төрөлхтний хувиа хичээсэн ичих нүүргүй үйлдлийн улмаас устгагдсан экологийн системийг унаган төрхөөр нь эргэн сэргээх” гэж тодорхойлдог. Тэд “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн байр сууринаас хандан элдэв хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг бөгөөд “хүний амь нас хохирох гэх мэт ямар ч гаж нөлөө энэ зорилгод хүрэх явцад биднийг зогсоож чадахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл хүн төрөлхтөн байгаль орчингүй амьдарч чадахгүйтэй адил хүн гээч бодгаль байхгүй бол байгаль гээч ойлголт ч аяндаа үгүй болно гэсэн маш эмзэг холбоостой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээр дурдагдсан орон сууцны цогцолборыг шатаалаа гээд Сан-Диего хот орчмын байгаль орчинд эерэг нөлөө гарсан нь юу бол. Харин эсрэг зүйл болж олон нийт зөөлөн хэлэхэд хачирхалтай үйлдэл хийсэнд нь гайхан бухимдаад л өнгөрсөн.
Энэхүү “Дэлхийг чөлөөлөх фронт” нь энэ зууны эхээр “Амьтдыг чөлөөлөх фронт” нэртэй экотеррорист үйл ажиллагаа явуулдаг өөр нэгэн байгууллагатай нэгдсэнээр хийдэг үйлдэл нь бүр утгаа алдсан гэж болно. Жишээлэхэд, 2008 онд энэ байгууллагын ажилтнууд Британийн био анагаах ухааны төвийн ажилтнуудын талаар илэрхий гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан, сүрдүүлсэн гэж буруутгагдан шүүхээр орсон.
Экотеррористууд нь амьтдыг хамгаалах нэрийдлээр шинжилгээ судалгааны ажилдаа амьтад дээр туршилт явуулдаг энэ төвийн ажилтнуудын ар гэрийг нь хүйс тэмтрэхээр заналхийлсэн, машин унааг нь сүйтгэсэн, амьдардаг байрны ханан дээр “Бага насны хүүхдийг хүчирхийлэгч энд амьдарч байна” гэх мэт бичиг тогтмол бичдэг байсан, сүрдүүлэгтэй захидал явуулахын сацуу, хаягаар нь хуурамч тэсрэх бодис илгээх гэх мэтээр зургаан жилийн турш дарамтласан гэж буруутгагдсан юм.
Их Британид 2009 онд ан амьтдын эрхийг хамгаалах хөдөлгөөний гишүүн долоон хүн шинжлэх ухааны шаардлагаар амьд эд эс, амьтад дээр туршилт хийхээс өөр аргагүй үйл ажиллагаа явуулдаг эм үйлдвэрлэл, судалгааны компаниудыг сүрдүүлэн мөнгө авах, үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хүртэл дарамтлаж байсан хэргээр 4-11 жил хүртэл шоронд хоригдох ял сонссон.
Энэхүү байгууллагын Орос дахь салбарын идэвхтнүүд Москвагийн их сургуулийн биологийн тэнхим рүү удаа дараа дайралт хийж судалгааны чиглэлээр туршилт хийгдэж байсан мэлхий, харх, туулай гэх мэт олон амьтадыг суллаж байжээ. Хэдэн үе дамжин лабораторын нөхцөлд үржиж зэрлэг байгаль, хүний хараа хамгаалалтгүйгээр амьдрах чадваргүй болсны дээр тусгай эм бэлдмэл хийж туршсан амьтдыг суллаж тавих нь гарцаагүй үхэл рүү нь илгээсэн хэрэг гэж судлаачид энэ үйлдлийг эрс шүүмжилсэн юм.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Америкийн Охайо мужид амьдардаг Мередит Лоуэлл гэгч эмэгтэй нь булган дах өмссөн хүнийг алуулахын тулд “Facebook”-ээр дамжуулан хөлсний алуурчин хайж байгаад Мөрдөх товчооны ажилтнуудад баригдсан. Хожим энэ бүсгүй амьтадтай зэрлэгээр харилцах замаар байгаль орчныг сүйтгэх үйлдэл хийхийг зогсооход олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн юм хэмээн өөрийгөө зөвтгөхийг оролдсон байдаг.
Энэ мэтээр олон гаж үйлдэл гарч байгаа болохоор Америкийн Мөрдөх товчооны захирал асан Луис Фри нь амьтны эрх, байгаль орчныг хамгаалах, цөмийн эрчим хүч ашиглахын эсрэг хэт туйлширсан байр сууринаас тэмцэгчдийг алан хядах үйл ажиллагаа гэж үзсэнд гайхах зүйлгүй.
Байгаль орчныг хамгаалах нэрийдлээр хэт радикал байр сууринаас тэмцэгчидтэй холбоотой бас нэгэн эрсдэл байдаг. Байгаль орчныг хамгаалахын төлөө янз бүрийн байгууллагуудыг аль нэгэн улсын тусгай албад нь хоёрдагч орны эрх ашгийн эсрэг санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулахдаа ашигладаг гэж буруутгадаг.
Тухайлбал, 2011 оны сүүлчээр Энэтхэгт оросууд арав гаруй жилийн турш барьж байгаа "Куданкулам" цөмийн цахилгаан станцын эхний блокийг ашиглалтад оруулах гэхэд нутгийн иргэдийн дунд үйл ажиллагаа явуулдаг байгаль орчныг хамгаалахын төлөөх нэртэй байгууллагын ажилтнуудын суртал ухуулгын улмаас нутгийн иргэд дургүйцэн олон тооны жагсаал цуглаан болж, барилгачид, станцын ажилтнуудыг ажлын байранд оруулаагүй. Энэ болон үүнтэй төстэй олон удаагийн үйлдлийн улмаас энэ цөмийн цахилгаан станцыг 2012 оны сүүлчээр л ашиглалтад оруулсан юм. Энэтхэгийн Засгийн газар мэдэгдэл хийж "Куданкулам" цахилгаан станцыг ашиглалтад оруулахыг эсэргүүцэж байгаа хөдөлгөөн, байгууллагууд нь АНУ, Скандинавын орнуудаас шууд санхүүжилт авч байгааг онцлов. Эдгээр байгууллагууд нь Иранаас эхлээд Хятад, Болгар, Энэтхэг гээд олон оронд цөмийн станц барих ашигтай гэрээ байгуулж байгаа Оросын талын үйл ажиллагааг боогдуулах гэсэн далд зорилгодоо хүрэхийн тулд цөмийн станцын экологийн аюулгүй байдлаар бамбай барин өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бага зардлаар хангах ажилд саад болж байна гэж буруутгасан.
Тиймээс аливаа нэг асуудлыг хэт явцуурсан, туйлширсан байр сууринаас хүч хэрэглэн шийдэх гэх нь нэгд асуудлын гол утга, ач холбогдлоос олны анхаарлыг өөр зүгт шилжүүлэх, ор үндэсгүй бухимдлыг нийгэмд бий болгохын сацуу өөрсдөө ч мэдэлгүй харийн улс, гүрний алсын бодлоготой явуулгын золиос болох эрсдэлийг үргэлж дагуулж байдаг гэдгийг мартах учиргүй.