Дэлхийд алдартай Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро Монголд хүрэлцэн ирээд байна. Тэрээр өнөөдөр, маргааш нийслэл хотноо зохион байгуулах “Tiger” гудамжны хөлбөмбөгийн тэмцээний шугамаар өчигдөр манай улсад иржээ. Тоглож байсан үедээ хамгийн шилдэг хамгаалагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж “Берлиний хана” хэмээх алдрыг хүртэж явсан тэрээр хөлбөмбөгийн гайхамшгийн нэгээхэн хэсгээс монголчуудад мэдрүүлэх бөгөөд түүний тоглолт болон Англи, Герман, Тайланд, Сингапурын гудамжны хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг үзэхийг хүсвэл Улсын Драмын Эрдмийн театрын өмнө тусгайлан зассан стандартын торон талбайд маргааш хүртэл үргэлжилнэ.
“Тайгер” гудамжны хөлбөмбөгийн тэмцээнийг “ESPN Star Sports Management” багийнхан гурав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд 2013 онд Азийн долоон хотод зохион байгуулахаас нэг нь Улаанбаатар юм. Тэмцээний үйл явцыг FOX Sports сувгаар 24 орны 310 сая үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэх ажээ.
“Tiger” гудамжны хөлбөмбөгийн тэмцээнд насанд хүрсэн, хөлбөмбөгч сонирхогч хэн ч болов долоон гишүүнтэй багаа бүрдүүлэн оролцох эрхтэй байдаг. Энэ удаагийн тэмцээний хувьд бүртгэл нь өнгөрсөн долдугаар сард явагдаж, багуудаа аль хэдийнэ сонгон шалгаруулсан байна.