100 буудалт даамын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт аравдугаар сарын 1-15-нд болох гэж байна. Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамын аваргын төлөө дэлхийн шилдэг 16 даамчин өрсөлдөх юм.
Тэр дундаа Дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Зоя Голубева, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны Дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, Олон улсын мастер Ханчин Жао нарын энэ цаг үеийн шилдэг даамчин оролцохоо илэрхийлжээ.
Харин манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар оролцох юм байна. Тэмцээн “Пума Империал” зочид буудалд болно.