Нийгэм өөрчлөгдөж дээр дооргүй бужигнаж байхад хөдөөнөөс хот газрыг зорьж амьдрах аргаа олсон "Цагаан шонхор холдинг" компанийн захирал Ч.Энхтайван гэгч эрхэм түүхч мэргэжилтэй.
Олон жил улс үндэстнийхээ түүх соёл, өв уламжлалыг судалж яваа тэрээр Монголоо дэлхийд таниулан сурталчлах ажилд багагүй оролцож яваа. “Чингис хаан судлалын олон улсын төв”-ийг үүсгэн байгуулж, олон улсын монголч эр дэмтдийн уулзалт, бага хурлыг зохион бас ч үгүй нэлээдгүй ном ивээн тэтгэж хэвлүүлжээ.
Бага залуудаа алдаж аавын хаалга татаж байсан ч өдгөө мэргэжлийнхээ дагуу хоббигоо хөгжүүлэн гадаад дотоодынхныг гайхшруулах цуглуулгыг бий болгожээ. Тэрээр 1992 онд Чингисийн хүрээ жуулчны баазаа байгуулсныхаа дараа Ерөнхий сайд асан П.Жасрай гуайд хандаж захидал илгээн гааль дээр хураагдсан ирвэсний арьсийг жуулчны баазынхаа гэрийг тохижуулахад зориулан өндөр үнээр авсан байдаг. Агуулахад өмхөрөх байсан эдлэлүүд нь өдгөө олны нүдийг хужирлах үнэт үзмэр болжээ. Түүний цуглуулгад Богд хааны хэрэглэж байсан толиноос эхлээд эртний эдлэл, хуяг дуулга олон бий. "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай цэцэн хатан" киног бүтээхэд ашиглаж байсан гэр тэрэг, өргөө, хувцас хэрэглэл, зэр зэвсэг, арьсан эдлэлийг нь ч худалдан авч Чингисийн хүрээгээ чимсэн.
Бүгд л ганзагат хөл тавьж байхад Ч.Энхтайван ноёнтон ч бизнесээ Одтой эхэлж байсан гэдэг. Тухайн үед автомашин, сэлбэгийн наймааг зөвхөн Оросын компаниуд Монголд эрхэлдэг байсан болохоор яагаад заавал оросууд хийдэг юм монгол хүн чадна гэж хэлээд л зүтгэсэн тухай учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Олон мянган УАЗ-469 машин оруулж ирж амжилттай борлуулсан түүний бизнес цэцэглээд эхлэхээр хотын зарим бизнесмен, компани нийлж өөрсдийгөө “Арбатын хүүхдүүд” гэж нэрлээд Улаанбаатарт хөдөөний амьтан орж ирээд эзэлдэггүй юм. Зах зээл булаацалдаж өрсөлдөөд гэж шахаж эхэлсэн гэж хожим тэр дурсдаг. Зарим нь бүр домог шиг ч яриа бий.
Нийслэл хотын бараг бүх л “атамануудад” солонгос хөргөгч, тус бүрт нь сая төгрөг амлаад Ч.Энхтайвныг зайлуулах гэж байсан гэдэг. Хор шартай, омогтой хэнд ч дийлдэхгүй, дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой мань эрхэм бууж өгөлгүй үзэлцсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Монгол хаадын амьдарч байсан ахуй, өргөөг гадаад дотоодынхондоо үзүүлж үлдээхээр тэрээр ирвэсний арьс бүхий цуглуулгатай, чимэглэлүүдийг нь алт мөнгөөр бүрсэн 10 ханатай алт мөнгөн өргөөнүүд, дэлхийд хамгийн том 32 ханатай их өргөө ордыг барьж анхны алтадсан их хааны хөшөөг бүтээсэн байна. Уншигч та ч нэг очоод үзээрэй.