Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эгэлхэн хэрнээ энгүй эрхэм


Намрын шаргал наран зулай дээрээс төөнөсөн халуун өдөр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир багшийг зорин очлоо. Өмнө нь түүнтэй уулзаж байгаагүй болоод ч тэр үү, халгасхийгээд ч байх шиг. Уулзахаар товлосон “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр очвол 70 нас хол гарсан болов уу гэлтэй өвөө инээд алдсаар угтан авлаа. Тайван дөлгөөн, аливаа зүйлд их л нухацтай, буурь суурьтай ханддаг, энэ хүн бол тамирчдын хайртай багш нь. Ингээд бид хоёр түүний ажил, амьдралынх нь баяр гуниг, хөдөлмөр хөлснийх нь дусал бүрийг шингээсэн спорт заалаар нь зочиллоо...




Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир нь
/Хүн өөртөө итгэж эхэлмэгц хэрхэн амьдрахаа олж мэддэг/

        Энэ нэрийг Монголд бөхийн төрлөөр хичээллэдэг, сонирхдог тэр ч бүү хэл эл спорттой холбогдож явсан хүн бүр мэднэ. Тэрээр 1942 онд хуучнаар Засагтхан аймаг буюу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй суманд Хангай гуайн хүү болон мэндэлжээ. Бага сургуулиа сумынхаа сургуульд, ахлах ангиа хажуугийн сум болох Нөмрөгт суралцах болжээ. Балчир наснаасаа эхлээд л үе тэнгийн багачуудтай ноцолдож, дээлийнхээ сугыг ханзалж өссөн нь хожим түүнийг спорт хэмээх их айлд бүл нэмэхэд нөлөөлсөн буй за. Нөмрөг сумын арван жилийн дунд сургуульд суралцаж байсан Х.Намшир зургадугаар ангид орох жилээ Улаанбаатар хот руу шилжин ирэхээр болов. Мэдээж, дунд ангийн хүүхэд төрсөн нутаг, тоглож өссөн найз нөхдөөсөө холдоно гэдэг амаргүй байсан нь лавтай.
Спорт тэр хоёрын хүйн холбоо
/Хүсэл мөрөөдөл заримдаа
Хөсөр хаягдах мөч байдаг
Гэвч хүн гэгч этгээд түүнээс
Холдож зугтаж хэзээ ч чаддаггүй/
       Спорт тэр тусмаа бөхөд хөл “дүрэх” нь Намшир хүүд эхэндээ их хэцүү байлаа. Нийслэлд ирээд олон шинэ зүйлийг сурч мэдэхийн зэрэгцээ нөгөө л тамирчин болох тэр тусмаа бөх болох мөрөөдлөө хоромхон зуурч орхиогүй гэнэ. Ийнхүү нэг л мэдэхэд наймдугаар анги төгсөх болжээ. Байгалиас заяасан унаган авьяас билэг нь түүнийг чиглүүлэв үү эсвэл “Хувьсгалын тохироо” гээч нь бүрдсэн үү, ямартай ч хүсэл мөрөөдлөө биелүүлэх аз завшаан гарч ирэв. Наймдугаар анги төсөөд тэр үеийн Пионерийн ордон одоогийн “Хүүхдийн ордон”-д бөхийн секц хичээллэдэг тухай сонсоод шалгуулах санаатай очин багшид нь учраа хэлж зөвшөөрөл авчээ. Түүнийг хүүхдүүдтэй барилдуулж, гадаад төрхийг нь нэлээд шинжсэн багш нь  “Чи биеэр жижиг бөхийн спортод тохирохгүй нөхөр байна, тэнцэхгүй” гэсэн хариу сонсгох нь тэр.
      Эхний даваагаа давж чадаагүй ч шантралгүй дахин барилдах хүсэл нь улам бүр оволзов. Анх удаа Өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болох тухай сураг дуулаад барилдаж үзэхээр зориг шулуудлаа. Тэмцээнд Х.Намшир эхлээд 16-гаас доош насны хүүхдийн барилдаанд оролцохоор болжээ. Түүний өрсөлдөгчид нь өдөр, шөнөгүй багш дасгалжуулагчаар заалгаж, бэлтгэлээ базааж байв. Ийнхүү тэмцээн ч эхэлж, үе тэнгийнхнээ ээлж дараалан өвдөг шороодуулсаар тэмцээний дүн гарахад гуравдугаар байранд орчихож. Өөрөө ч түүндээ ихээхэн урамшив.
          Хэний ч танихгүй хүүхэд, одгоороор бол тооцоо судалгаанд нь байгаагүй, чухам яаж барилддаг онцлогтой гэдгийг ч мэдэхгүй тэр жижиг биетэй хүү ийм амжилт үзүүлсэнд тухайн үеийн багш нар гайхсан биз. Тэмцээний дараа түүнээс идэрчүүдийн барилдаанд орох эсэхийг нь зохион байгуулагчид асуухад барилдаж болмоор санагдсан уу, гуравдугаар байранд орсондоо зориг орсон уу саналыг шуудхан л зөвшөөрчих нь тэр. Барилдаан ч эхэлж манай хүн мөн л учраа бүрээ өвдөглүүлсээр аваргын алтан медаль хүртэв. Гэнэт ийм амжилт гаргасандаа өөртөө ч итгэж чадахгүй байсан түүнийг голоод буцаасан багш нь секцэндээ авах санал тавьснаар хүүхэд насныхаа хамгийн үнэ цэнэтэй хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Тэр л үеэс хойш одоог хүртэл 60 гаруй жил бөхтэй нэр холбогдсоор яваа буянтай буурай.

Насаараа биелүүлж яваа гурван даалгавар

/Асар том бүтээл, алдар нэрийг амжилт гэх биш
Харин амжилт гэдэг нь өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм/
Хелен Келлер
       Х.Намшир багш надад “Ах нь энэ насандаа гуравхан даалгавар биелүүлэх гэж хичээж  яваа хүн. Түүнийхээ төлөө нэг насны амьдралаа зориулж яваа хүн байна даа” гэж билээ. Өдөр хоногууд өнгөрсөөр нэг л мэдэхэд сургуулиа төгсөх болж залуу хүү инженер болохоор шийдэв. Инженерийн сургуулийн шалгалтад заавал тэнцэх нь түүний анхны том даалгавар байлаа. Өдөр бүр бэлтгэл сургуулилалт гээд хичээлээ олигтойхон хийж чадахгүй явсан түүнд яггүй даваа байсан гэдэг. Харин сайн нөхдийн тусламж, өөрийнх нь хичээл зүтгэлийн ачаар торох зүйлгүйгээр хүссэн инженерийнхээ үнэмлэхийг авч. Ингээд эхний даалгавраа онц дүнтэй гүйцэтгэлээ. Тухайн үеийн салбарын сайд нь байсан Дамдин “Хөнгөн аж үйлдвэрийн комбинатыг сайн бөхтэй болгоорой” гэсэн хоёр дахь бөгөөд хамгийн хэцүү үүргийг түүнд хариуцуулжээ. Энэхүү чухал үүргийг тэр 60 гаруй жилийн турш нэр төртэй гүйцэтгэж яваа хүн. Ганц үйлдвэр ч гэлтгүй Монгол Улсад олон гайхалтай бөх бэлтгэж өгсөн ачтан. Удаах даалгавар нь түүний мэргэжилтэй холбоотой байсан гэдэг. Шинэхэн инженер ажилтайгаа танилцаж буй эхний өдөр тухайн үеийн Хөнгөн аж үйлдвэрийн дарга Дангаа “За, нөхөр минь битгий тэр бөхөө хөөгөөд явчихаарай. Ажлаа сайн хийнэ шүү” гэж үүрэгдэж. Үүнийг сонссон тэрээр өглөө болгон эртлэн босч, үйлдвэрүүдээ эргэж тойрно... “Тэрхүү хичээл зүтгэл нь ч үр дүнд хүрч оны тэргүүний ажилтан цол тэмдгээр олонтаа шагнуулсандаа” хэмээн дурсаж сууна. Ийн өгүүлэх буурайг хараад аливаа хүн хэт өндөр алдрын төлөө хэний ч дааж давшгүй ажил хийх гэж зүтгэх биш, харин өөрт оногдсон ажлаа үнэн сэтгэлээсээ хийвэл түүн шиг амттай бас үр дүнтэй нь үгүй гэдгийг ухаарч сууснаа нуух юун.

Хөдөлмөрийн баатраас эхлээд олон арван гавьяатыг тэр бэлтгэсэн
/Хүн болгон алдаа хийдэг
Зөвхөн агуу хүмүүс л алдаагаа ухаардаг/

          Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Цэрэнтогтох түүний хамгийн хүндтэй шавийнх нь нэг. Тэрээр төрийн наадмын дэвжээнээ дөрвөнтөө ес даван түрүүлсэн хүчтэн билээ. Монголын XX зууны манлай бөх, дэлхийн хошой аварга (1974, 1975), Монреалын олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Зэвгийн Ойдов гуай мөн л Х.Намшир багшийн гарын шавь. Тэрээр шавийнхаа тухай “Манай Ойдов ясны бөх хүн. Бэлтгэл сургуулилалтаа нарийн чанд хийдэг. Ш.Чанравтай барилдахад бараг бүх төрөлд нь Ойдов маань ялчих гээд байсан. Тэгтэл Чанрав маань ч төд удалгүй Дэлхийн аварга болчихдог юм байна. Тэгсэн Ойдов “Багшаа би Дэлхийн аварга болмоор байна, та тусла” гэсэн. Би ч үүн дээр нь дөрөөлөөд Ойдовыгоо нэлээд хурцлаад тавьчихлаа. Бид хоёр бүтэн жилийн турш хамгийн түрүүнд бэлтгэлдээ ирж, хамгийн сүүлд нь дуусгадаг байлаа. Ингээд хүссэн амжилтадаа ч хүрч Ойдов маань хоёр жил дараалан Дэлхийн аварга болсон. Энэ бол спортын гэнэн цагаахан атаархал юм. Түүнээс биш муу муухай атаархал огт биш” хэмээн өгүүлэв. Түүгээр ч барахгүй Ойдовт дахиад алтан медаль авах байсан юм. “Би Ойдовынхоо барилдаанд алдаа гаргасан. Хэдэн жилийн өмнө Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос “Ойдов мэх” гэж зүйлийг баталсаныг та бүхэн мэдэж байгаа. Тэр мэхээ хийхдээ солгой гараа унжуулж байгаад хийж буйг нь анзаарахгүйгээр за наад суйлаа чинь болж байна гээд хөөрцөглөж байж. Тэгтэл өрсөлдөгч нь тэр алдаан дээр нь ажиллаад цэвэр ялчихсан. Тэмцээн дууссаны дараа ямар шалтгаанаас болж ялагдсан талаар бодтол солгой гар нь гол алдаа болж таарав. Багш хүн үүнийг л анзаарах ёстой байж. Тэгэхээр яах аргагүй буруутан нь би юм” гэж өөрийгөө буруутган үнэн сэтгэлээсээ шүүрс алдана. Тэр энэ алдааг дахиж хэзээ ч гаргахгүйн төлөө зүтгэсэн гэдгийг туулж өнгөрүүлсэн амьдрал нь гэрчлэх биз. Гэхдээ хүн өөрийнхөө алдаа эндэгдлийг янзаарч, түүнийгээ зоригтойгоор өгүүлдэг байх нь аливаа хүний нэн чухал зан чанар. Х.Намшир багш хоёр Хөдөлмөрийн баатар, 20 гаруй гавьяат тамирчинг Монголын бөхийн спортод бэлтгэж чадсан ачтан. Сайн уяач шандаст хүлгээ хараад л таньдаг гэдэг. Түүнтэй адил сайн багш ясны тамирчинг хараад л таньдаг ажээ. Чухам яагаад ийн өгүүлж байна вэ гэвэл одоогийн УИХ гишүүн Х.Баттулгын тухай нэгэн сонирхолтой зүйлийг хуучилсан юм. Х.Баттулга өөрийн дүү Х.Баттуултайгаа хамт Х.Намшир багшийн бөхийн секцэд явдаг байж. “Тэр хоёр их сайн тамирчин болох гээд байдаг, гэтэл хоёулаа нэг жинд барилддаг. Надад аль нэгийг нь жүдо руу оруулах шаардлага тулгарав. Би бодож, бодож Х.Баттулгыг жүдогийн секцэнд оруулчихлаа. Харин тэгтэл мань эр аав дээрээ уйлчихсан “Энэ Намшир чинь намайг чөлөөт бөхөөс хасчихлаа гэж оччихоод, дараа нь Дэлхийн аварга болсон хойноо багшийн зөв байжээ гэж аав дээрээ очсон” гэсэн. Яалт ч үгүй Х.Баттулга мэхэндээ даацтай, хатуу чанга биетэй жүдод тохирох юм шиг санагдсан юм л даа” гээд инээх нь багш хүний ухааныг харуулж байгаагийн илрэл юм..

Эцгийн захиаст хожмын учиг нуугдаж байжээ
/Энэ ертөнц дээрх эцгийн үргэлжлэл бол хүү нь/

“Аав маань бурхан болохдоо миний хүү дахиж битгий барилдаарай” гэж дахин дахин захисаар өөд болсон юм. Түүний дараа наадмын дэвжээнд гараад цолоо дуудуулаад зогсч байтал гэнэт аавын минь хэлсэн үг сонсогдох шиг болоод  надад дахиж барилдах хүчгүй болчих шиг санагдсан. “Түүнээс хойш дахиж барилдаагүй ээ. Анх хөдөө гэрийн гадаа сумын заан цолтой гурван бөх барилдаж байхыг хараад тэдэн шиг эр чадалтай сайхан бөх болохыг хүссэн юмсан”... Ингээд ах нь барилдахаа болиод дасгалжуулагч болсон. Гэхдээ би мэргэжлийн сургууль төгссөн багш хүн биш” гэхэд нь та өөрийгөө голоод байна уу даа хэмээхэд “хаанаас даа” гээд инээмсэглэх буурал хэтэрхий даруу нэгэн гэлтэй.
       Гэхдээ тэрээр өөрөө барилдахгүй байсан ч чөлөөт бөх, жүдо, самбо гээд олон спортын шилдэг тамирчдыг дасгалжуулж, хүмүүжүүлж чадсан. Магад, миний бодлоор энэ их ач гавьяаг л биелүүлэх гэж түүний аав зорьсон ч юм билүү. Х.Намшир хэмээх энэ буурай Монголынхоо хойч ирээдүйн тамирчдыг алдрын замд нь ахин дахин хөтлөхөөр “Аварга” сургуулийг зүгт гаргасан жимээрээ өдөр бүр алхаж явна....

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
iim saihan humuusiinhee ugiig sonsch, uilsiig ni dursaj ybah yumsan ard tumen mini
хийсэн юмтай догь эр шүү
Хамгийн их уншсан