Кристен Стюарт жүжигчний карьер нь ид оргил үедээ яваа ч боловсролоо дээшлүүлэхийг илүүд үзэж, Лос Анжелосын Их сургуульд элсэн оржээ. 23 настай жүжигчин бүсгүй Английн утга зохиолын ангид суралцах юм байна. Кристен өөрөө уран зохиолын хорхойтон учраас хичээл эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Гэхдээ тэрээр ахлах сургуульдаа тийм ч сайн сурагч байгаагүй гэдгээ ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Кинонд тоглоод хичээл хийх завгүй түүнийг багш нар нь ядах юмгүй унагаж орхидог байсан гэнэ. Харин тэрээр их сургуульд бол идэвхтэй оюутан байхыг хүсч байгаа бөгөөд суралцахын хажуугаар кинонд ч тоглох бодолтой байгаа аж. Тэрээр одоогоор “Camp X-Ray” хэмээх кинонд Гуантанамогийн шоронд ажиллахаар ирсэн залуухан цэргийн албан хаагчийн дүрд тоглож байгаа юм байна.
Залуу жүжигчдээс Харри Поттерын Эмма Ватсон Брауны их сургуульд суралцаж байгаа бол Натали Портман Харвардын их сургуулийг төгссөн юм.