Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ЧӨЛӨӨТИЙНХНИЙ НЭР ТӨРД “АМЬ ТАРИА” ХЭРЭГТЭЙ БАЙНА

Чөлөөт бөхийн тамирчид энэ жил тун завгүй өнжих шинжтэй. Уг нь, эхлээд тэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцов. Харамсалтай нь, “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” хоцорсон. Дараа нь, өнгөрсөн долдугаар сард Дэлхийн оюутны зуны XXVII “Универсиад” наадамд эмэгтэй баг  л амжилттай оролцсон. Эрэгтэй багт нь амжилт гэх гялтайлгах зүйл байсангүй. Тиймээс тэдний нэр төрийн төлөөх “амь тариа” нь одоо залуучуудын ДАШТ байж мэдэх юм. Энэ сарын 13-18-ны хооронд Болгарын Софи хотноо Залуучуудын дэлхийн аварга зохиогдох гэж байна. Эндээс л ирээдүйн шилдэг тамирчин төрөх учиртай. Тэмцээн дөрвөн дэвжээнд нэгэн зэрэг үргэлжлэх бөгөөд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид шүүнэ. Монгол Улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллана. Баг тамирчид бэлтгэл сургуулилтаа өнгөрсөн өдрүүдэд “Баян буурал” жуулчны баазад хийсэн бол одоо Спортын төв ордонд дэвжээний бэлтгэлдээ гараад байна. Сүүлийн жилүүдэд Монголын чөлөөт бөхийн спорт уналтад орлоо, үүнээс яаж гарах талаар олонтаа ярьдаг болсон. Гэхдээ олны өмнө ил ганцхан зүйл бол чөлөөтийн эмэгтэй баг олимп, дэлхийн аварга болон бусад томоохон тэмцээнээс хангалттай медаль хүртсэн. Тийм болохоор тэдэнд энэ муу нэр, луу дансыг зүүлгэж, бараанаар будах шаардлага байхгүй. Гагцхүү газарт унаад буй Монголын чөлөөт бөхийн нэр төрийн төлөө залуучууд маань ширүүн өрсөлдөх учиртай. Баг тамирчид маань дасгалжуулагч Ц.Баярсайхан, О.Пүрэвбаатар, Т.Сүхбаатар нарын удирдлага дор залуучуудын дэлхийн аваргад хүч үзэх юм.

О.Пүрэвбаатар: Хэн нь ч, ямар ч медаль авч магадгүй

Бэлтгэлийнх нь үеэр багийн ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатартай уулзаж тэмцээний талаар тодруулсан юм.

-Залуучуудын ДАШТ удахгүй эхлэх гэж байна. Баг бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилт хэр байна даа?
-Ерөнхийдөө дажгүй. Ер нь, манай залуучууд Азийн аваргад тааруу барилдаж, нэг ч медаль аваагүй шүү дээ. Азидаа медаль авч чадаагүй байж залуучуудын ДАШТ-ээс медаль авна гэж хэлэхэд хүнд. Удирдаж буй хүний хувьд энэ удаа хүүхдүүдээ медаль авчих байх гэж найдаж байна. Сая бид Улаанбаатар төмөр замын “Баян буурал” амралтад бэлтгэлээ хийлээ. Бэлтгэл маш сайн болсон. Өчигдрөөс дэвжээний бэлтгэлдээ гарлаа.
-Тэмцээнд оролцох тамирчдаа хэрхэн сонгож авсан бэ. Нийт хэдэн тамирчин оролцох билээ?
-Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчин оролцно. Эмэгтэй баг тусдаа бэлтгэлээ хийж байгаа. Залуучуудын тэмцээнд тамирчид өөрсдөө зардлаа гаргадаг. Яг явах цаг нь тулчихсан байхад зардлаа олоогүй тамирчид ч байна. Миний хариуцаж буй эрэгтэй баг ерөнхийдөө зардлаа олсон.
-Сүүлийн жилүүдэд тамирчид маань томоохон тэм­цээ­нүүдэд амжилттай  орол­цож бай­на. Олон хүн үүнийг төрөөс хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөнтэй холбож үздэг. Чухам яагаад та бүхэнд төр ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй юм бол?
-Насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчдын зардал мөнгийг төрөөс зохицуулдаг. Бидний явах тэмцээн бол залуучуудынх  учраас ямар нэгэн дэмжлэг, энэ тэрийг хараахан авах боломжгүй. Манай эрэгтэй баг ирж, очих унааны зардлаа олсон ч, байр, хоолны мөнгө жаахан асуудалтай байгаа. Гэхдээ тэнд амьдардаг найз нөхдөө тусална гэж найдаж байна. Яахав, танилын нүүр халуун гээд очно доо.
-Багш хүний хувьд тэр л медалийн тавцанд гарах болов уу гэсэн тамирчин байна уу?
-Наадах чинь нууц. Тэгээд ч нэг хүнийг онцлох аргагүй ээ. Хэрвээ ингэвэл бусад нь яах болж байна. Ингэж ярих олон хүнийг сонсч байсан. Надад огт таалагддаггүй. Тэгэхээр хэн нь ч, ямар ч медаль авахыг би таашгүй.
-Чөлөөт бөх сонирхогчид энэ спорт уналтад орлоо. Яаж буцааж дэлхийн хэмжээнд хүргэх вэ гээд л ам уралдан ярих болсон. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Чөлөөт бөхийн спортын уналт олон жилийн өмнөөс эхэлсэн. Нэг хүнийг тахин шүтэх үзлээс болоод өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Б.Наранбаатар, би, П.Сүхбат гэх зэргээр нэг хүнд хэтэрхий анхаарал хандуулж, бусдыг нь хайхардаггүйтэй холбоотой шүү дээ.
-Болгарын дэвжээ танд их ээлтэй ханддаг шүү дээ. Магадгүй, шавь нарт тань ч гэсэн ээлтэй хандах байх аа?
-Тийм шүү, Би Болгарт амжилттай барилддаг байсан. Чиний хэлсэн шиг сайхан бэлгэшээлтэй зүйл болох байх аа.
Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан