Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Рио” –гийн дэвжээнд манай жүдочид хүч үзнэ


Зун налгар өдрүүд гадаа үргэлжилж, ихэнхи хүмүүсийн амралт эхэлсэн энэ үед хамгийн завгүй яваа хүмүүсээр тамирчдыг нэрлэж болно. Учир нь энэ жил дэлхийн хэмжээний томоохон спортын төрлүүдийн  ДАШТ болохоор товлогдсон юм. Энэ тэмцээнүүдийн нэг болох жүдо бөхийн ДАШТ энэ сарын 26 –наас Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдана. Таван тивийн жүдогийн хүчтэнүүд “Рио” –гийн дэвжээнээ зургаан өдрийн турш хуран цуглана. Тус тэмцээнд манай орноос 18 шилдэг жүдоч өрсөлдөхөөр болжээ. Олимпын наадмын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн спортын төрөл бол жүдо юм. Мөн жил бүр зохиогддог томоохон тэмцээнүүдээс алт, мөнгө гээд ямар л бол ямар медалийг манай тамирчид авч чаддаг шилдэг төрөл билээ. Тэр чинээгээр дэлхий нийт манай жүдочдыг ямар хүчтэй ч мэднэ. Бүр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр гадны шилдэг тамирчид манай багаас хамгийн их айн, бэргэж буйгаа нуулгүй өгүүлсэн байдаг нь бахархууштай. Тийм ч учраас уг дэлхийн аваргад бид шилдэг тамирчиддаа ихээхэн найдлага хүлээлгэж, чих тавьж суух нь лавтай. Жүдо бөхийн дэлхийн аваргаас манайх мөнгө, хүрэл медаль олон хүртэж байсан хэдий ч ганцхан алт авсан түүхтэй. Одоогийн байдлаар аваад буй тэр цорын ганц алтыг 2007 онд эрэгтэйчүүдийн 66 кг –ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Нидерландын Роттердамын татамигаас хүртсэн билээ. Манай улс үүнээс хойш амжилтаа хараахан ахиулж чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ удаагийн дэлхийн аваргад оролцох тамирчдын нэрсийг ажиглахад жүдочдоос маань хэн нь ч, ямар ч медаль авч чадахуйц, нөгөө спортын хэллэгээр “Торгон ирэн дээрээ яваа тамирчдаа илгээж байна”.  ДАШТ –д оролцох Монголын баг тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, ерөнхий дасгалжуулагчаар О.Балжинням, дасгалжуулагчдаар олимпын аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвлээ нар ажиллахаар болжээ.

Энэ жил нэг биш нэлээд хэдэн алт авах боломж бий

Ийнхүү хэлж байгаа минь цаанаа учиртай. Манай эрэгтэйчүүд хөнгөн жингийн барилдаанууд бидэнд энэ боломжийг олгох хамгийн магадлалтай. 66 кг –ын жинд барилдах ОУХМ С.Мияарагчаа ДАШТ –д явах эсэх нь нэлээд хугацаанд тодорхойгүй байж байгаад сүүлийн мөчид барилдах эрхтэй болсон. Тэрээр сүүлд “Улаанбаатар” Гран При тэмцээнээс алтан медаль хүртсэнийхээ дараа “Одоо миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах л хамгийн чухал зорилго болоод байна. Гагц медаль аваад зогсохгүй алтан медаль авахын төлөө бэлтгэл сургуулилалтаа хийнэ” гэж байсан. Түүнийг монголчууд эгэл даруухан хэрнээ ясны бөх гэж үнэлдэг. Харин дэлхий нийт “Аюултай Монгол” гэж нэрлэдэг. С.Мияарагчаа дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг 16 жүдочдийн оролцдог “World Masters” –д сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн. Тэгэхдээ бүр өрсөлдөгч бүрээ цэвэр ялж, сүүлийн хоёр жилийн турш энэ жинд босоо байгаа гэхэд хилэсдэхгүй. Магадгүй энэ түүний сүүлийн тэмцээн уралдаан байж ч болох талтай юм. 66 кг –ын бас нэг шилдэг бөх нь ОУХМ Д.Төмөрхүлэг юм. Тэрээр чансаагаар жингээ тэргүүлж байгаа. ДАШТ –ын 66 кг –ын жингийн гол барилдаануудыг энэ хоёр маань хийх боломжтой.

Дараагийн буюу алт авах хамгийн өндөр магадлалтай гэж тооцоолж буй жин бол эрэгтэйчүүдийн 73 кг. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өнгөрсөн олимпоос хойш жин өгсөж барилдаж чансаагаар зургаад эрэмбэлэгдэж байгаа. 73 кг –ыг чансаагаараа тэргүүлж яваа бөх нь олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням – Очир. Хэрэв сугалаа манай хоёрт ээлтэй таарвал аваргын төлөө хоорондоо барилдах ч боломжтой. Гэхдээ мэдээж дэлхийн шилдэг тамирчид тэднийг хүлээж байгаа гэдгийг мартах ёсгүй. Ямартаа ч миний дүгнэж байгаагаар медаль авах нь гарцаагүй болов уу. Бусад тамирчид маань ч гэсэн шилдэг жүдочид. Хэн нь ч медалийн төлөө гараад ирэхэд гайхаад байх зүйл үгүй. Эмэгтэйчүүд ч гэсэн медаль авах бүрэн дүүрэн боломжтой. ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Д.Сумъяа гээд сүүлийн жилүүдэд амжилт нь эрс ахиж яваа сайн тамирчид барилдах гэж байгаа. Нэг харамсалтай зүйл нь сая “Универсиад” наадмаас алтан медаль авсан Б.Сугаржаргал зөвхөн багийн барилдаанд барилдах болсон юм. Учир нь IJP буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос ДАШТ –д орох тамирчдын тоонд өөрчлөлт оруулсан байна. Урд нь нэг жинд тухайн улсаас хоёр тамирчин орох эрх өгдөг байсныг эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин орохоор шийдсэнтэй холбоотой аж. Одоо монголчууд эрч хүч, авьяас чадвараараа шалгарсан шилдэг 18 тамирчныхаа дээлний захыг мушгиад хүлээж суух л үлдлээ.


И.Отгонбаяр: Бэлтгэл хангагдаж байна

ДАШТ –ний талаар Монголын жүдо бөхийн холбооны менежер И.Отгонбаяраас тодруулсан юм.

-Удахгүй эхлэх ДАШТ –ны талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Бразилын ДАШТ –д манайх эрэгтэй ес, эмэгтэй ес гээд нийтдээ 18 тамирчин оролцохоор болсон. Тэмцээн энэ сарын 26 –нд эхлэнэ. Тэмцээнд оролцох бэлтгэл ажил эхнээсээ хангагдаад явж байна даа.

-Саяхан гаргасан ДАШТ –д орох тамирчдын нэрс бага зэрэг өөрчлөгдсөн юм аа даа?
-Урд нь дэлхийн аваргад жин бүрт хоёр тамирчин оролцуулдаг байсан юм. Харин энэ жил IJP –ээс нэг улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оруулах шийдвэр гаргасан.

-Жүдочдоо яаж сонгож авсан юм бол. ОУХМ Б.Сугаржаргал ДАШТ –д барилдахгүй гэсэн мэдээлэл гарсан байна?
-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон бусад дасгалжуулагчтайгаа зөвшилцөж байгаад тамирчдаа сонгож авсан. Мөн өөрсдийнх нь дэлхийн чансааг үндэслэж сонгосон. Б.Сугаржаргалын хувьд багийн барилдаанд барилдана.

-Манайхан бэлтгэл сургуулилалтаа хаана базааж байна?
-Үндэсний шигшээ багийхан бэлтгэлдээ гарчихсан. Одоогоор хотод байхгүй байгаа. Хөдөө “Говь ресорт” гэдэг спорт цогцолборт бэлтгэлээ хийж байна.


Ингээд та бүхэнд дэлхийн аваргад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

Эрэгтэй баг:
60 кг–д ОУХМ Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг–д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг–д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар,
Гавьяат С.Ням-Очир
81 кг –д ОУХМ О.Ууганбаяр
90 кг –д ОУХМ Х.Цогтгэрэл
-100 кг –д ОУХМ Б.Тэмүүлэн
+100 кг –д Б.Сугаржаргал

Эмэгтэй баг:
48 кг –д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг –д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг –д ОУХМ Д.Сумъя
63 кг –д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг –д ОУХМ Ц.Наранжаргал
78 кг –д ОУХМ Т.Мөнхтуяа нар юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан