Г.Эрхэмбаяр аваргын ээж Т.Даваадулам гуайд Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн өргөмжлөл хүртээлээ. Тэрээр таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөснөөс Эрхэмбаяр төр түмнээ баярлуулсан хүчит аварга болсон билээ.
-Аварга багадаа ямар хүүхэд байв. Та хүүгээ юу гэж сургаж, хүмүүжүүлж өсгөсөн бэ?
-Миний хүү их даруу төлөв хүүхэд байсан. Өөрөө нэг зүйлийг хийнэ гэж зүтгэсэн л бол заавал түүнийгээ биелүүлдэг. Үр дүнг нь заавал үзэх гэж шантрахгүй хичээдэг хүүхэд байлаа. Эрхэмээ маань аав ээжийнхээ үгнээс гардаггүй ажилч хичээнгүй хүүхэд байлаа. Аав нь л түүнийг төрсөн цагаас нь эхлээд л бөх болгоно гэж ярьсаар байгаад хожим аавынхаа хүслийг дагаж бөхийн спорттой холбогдсон хүүхэд.
-Энэ сайхан амжилт гаргахад нь та хүүдээ хэрхэн зөвлөж түшиг болж байв?
-Миний арга ухаан гэж юу байх вэ дээ. Аав нь л хүүгээ бөх болгох гэж их хичээсэн. Тэр хичээл зүтгэл нь ч биеллээ олж аварга хэмээх сайхан цолыг хүртлээ.
-2011 онд арслан цол хүртэхэд, бас энэ жил түрүүлж аварга цол хүртэх тэр мөчид танд ямар сэтгэгдэл төрж байсан бол?
-Гэртээ бөх үзээд сууж байтал хүү маань даваа өгсөөд барилдаж эхэлсэн. Эх хүн болсон хойно түрүүлчихээсэй гэж дотроо битүүхэн горьдож л суулаа. Даваандаа ханаагүй байгаа байх, яаж барилдах юм бол гэж бодож байсан. Би хангай дэлхийдээ залбирч, сүүгээ өргөж л сууулаа.
-Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол авсан Эрхэмбаяр хүүгээрээ бахархах сэтгэгдэл хязгааргүй байгаа байх?
-Сайхан барилдаад түрүүлэх дөхөөд ирэхээр баярлаж, бахархалгүй яах вэ. Одоо ч гэсэн тэр сэтгэл минь дундрахгүй л байна даа. Бас ганц хүүгээрээ бахархах биш түүнд туслаж дэмжиж байдаг багш дасгалжуулагч, нутгийнхан гээд бүх хүнд баярлаж байна.
-Сайхан хүү төрүүлж өсгөсөн учраас нутгийнхаа хүндэт иргэн боллоо?
-Би эгэл жирийн ажилчин ангийн хүн. Ямар ч байсан үүрэгт ажлаа хариуцлагатай хийхийг хичээж явлаа. Эх баригч мэргэжилтэй. Эх үр хоёрыг эсэн мэнд хоёр яс салгах гэж олон жил хичээж явсан. Сайхан хүүгийхээ ачаар Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн болсондоо баяртай байна.