Ази тивийн байт харваачид манай оронд чуулж, цэц мэргэнээ сорьж дууслаа.
Энэ оны Азийн хоёрдахь удаагийн гранпри тэмцээнд БНСУ-ын баг шилдгээ баталж, манайхныг нутгийн дэвжээ түшлээ. Сүүлийн өдрийн харваанаас медалийн өнгө тодорч, монголын баг тамирчид алт, мөнгөн медалийг хүртсэн юм. ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Б.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг маань алтан медалийн эзэд болов.
ОХУ-ын багтай финалд харвасан манай баг эхний хоёр ч харвааны дараахь байдлаар дөрвөн онооны зөрүүтэй явсаар төгсгөл рүү оноо тэнцэж, шийдвэрлэх харваанд 210:209 буюу ганцхан онооны илүүгээр аваргын алтан медалийг авах эрхтэй болсон.
Харин холимог багийн төрөлд Лондонгийн олимпод цэц мэргэнээ сорьсон ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг нар БНСУ-ын багтай өрсөлдөж 149:144 гэсэн онооны зөрүүтэй мөнгөн медаль хүртлээ. Ингээд медаль хүртсэн баг тамирчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Хос медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Манай эрчүүд ОХУ-ын багаас ганцхан онооны зөрүүгээр алтан медаль хүртлээ шүү дээ?
-Хүчтэй өрсөлдөөн боллоо. Хамгийн гол нь өмнөх тойргуудад Тайвань, Энэтхэг, БНСУ-ын хүчтэй багуудыг хожиж чадсан болохоор баяртай байна. Манай Ган-Эрдэнэ, Долгорсүрэн хоёр маань үнэхээр сайн харвалаа.
-Азийн Гран при наадам бол чансаа ахиулах боломжийг өгдөг. Манайхны энэ удаагийн тэмцээнд авсан медалийн өнгө чансаанд нөлөөлөх үү?
-Дэлхийд 8-9 дүгээр байрт бичигдэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд түрүүлснээр чансаа урагшлах байх. Хамгийн гол нь түрүүлсэн гээд хэдэн оноо нэмж өгөхийг мэдэхгүй байна. Тэмцээний дараа Азийн байт харвааны холбооноос шийднэ.
-Холимог багийн төрөлд ОУХМ Б.Урантунгалагтай хамт харваж мөнгөн медаль хүртлээ?
-Тийм ээ. Тогтмол бэлтгэлтэй байсан минь амжилтад нөлөөллөө. Бид хамтдаа дэлхийн цом, улсын аварга, хотуудын тэмцээнд олон удаа оролцож байсан.
-Үүний дараа Монголын баг тамирчид ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн, есдүгээр сарын сүүлчээр дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цом гээд томоохон тэмцээнүүд байгаа.
-Холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Эх орондоо анх удаа зохиогдож буй Азийн “Гранпри”-гаас мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.
-Алтан медаль ч ойрхон байлаа шүү?
-Тийм ээ. Миний хувьд гэхэд тактикийн алдаа гаргачихлаа гэж бодож байна.
-Аваа өгөөтэй л харвалаа шүү дээ. Өрсөлдөгчдийн хувьд...?
-Хүчтэй байна. Эхний тойрогтоо Энэтхэгийн багтай таарч ганцхан онооны илүүгээр хожсон. Хагас шигшээд Тайваны багтай зургаан онооны зөрүүтэй явж байгаад сүүлийн зогсоолдоо барьж чадсан. БНСУ-ын баг аргагүй сайн сайсан. Тэд дэлхийд хүчтэй өрсөлдөгч л дөө.
БНСУ-ын баг тэмцээний сүүлийн өдөр зургаан медаль авснаас дөрөв нь алтан медаль байв. Энэ удаагийн гранпри наадам compound буюу олимпод ордог сонгодог, recurve гэсэн хоёр төрлөөр тус тус ганцаарчилсан болон эрэгтэй, эмэгтэй, холимог баг харвасан. ОХУ-ын эмэгтэй харваач шилдгээ баталж сүүлийн өдөр compound-ийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд Тухалова Занна алтан медаль хүртсэн бол Хонг Конг, БНСУ-ын баг удаах байруудад шалгарсан. 19 тамирчин өрсөлдсөн энэ төрөлд манай тамирчин Э.Болормаа долдугаар байрт шалгарсан бол Х.Эрдэнэчимэг 11-т жагслаа.
Харин compound-ийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд монголын шигшээ багийн тамирчин Л.Мөнхөө хүрэл медалийн төлөө харвасан ч Энэтхэгийн тамирчинд ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан. Харин recurve-ийн эмэгтэй багийн төрөлд найман баг харваснаас манай хоёр баг зургаа, наймдугаарт жагссан нь хамгийн тааруу үзүүлэлт байлаа.
Гранпри наадмын нээлт болон хаалтын үеэр нэгэн үзэгч хамгийн их хараа татсан нь “Иргэдийн альяанс“ төвийн захирал Ж.Занаа байлаа. Тэрээр 1970-80 онд Монгол Улсын байт харвааны шигшээ багийн тамирчин байсан аж. Тухайн үедээ 50 метрийн харвааны хоёр ч дээд амжилтыг эзэмшдэг байсан талаараа ярьсан юм. Мөн тэрээр “1980 оны сүүл үеэс эхлээд Ардчилал гарч, урлаг, спортын салбар орхигдсон шүү дээ. Тэр үеийг бодвол манай оронд Азийн наадам зохион байгуулагдаж байгаа нь сайхан хэрэг. Анх модон нумаар харвадаг байсан. Одоо угсардаг нумтай болж...” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм. Ахмад тамирчны хувьд манай оронд Азийн наадам зохион байгуулагдсан нь бахархмаар зүйл учраас тэмцээний таван өдрийн гуравт нь тамирчидтайгаа хамт байж, хөгжөөн дэмжжээ. Түүний ажсанаар манай тамирчид өөртөө итгэлгүй байгаа харагдсан гэсэн. Гэхдээ нутгийн дэвжээ учраас амжилтаа ахиулах боломж байсныг ч дурьдаж байна билээ.