“Америкийн шүтээн”, “X Factor” зэрэг хөгжмийн шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж алдаршсан продюсер Саймон Ковелл хэзээ ч хүүхэдтэй болохгүй хэмээн өмнө нь хэвлэлээр нэг бус удаа амлаж байсан ч эцэст нь 53 насандаа аав болох нь. Гэхдээ сонирхолтой нь түүний хүүхдийг тээж буй эмэгтэй сайн найз Эндрью Силверманых нь эхнэр Лорен Силверман гэдэг бүсгүй гэнэ. Гэр бүлээрээ сайхан нөхөрлөдөг байсан тэд энэ оны эхнээс нууцаар хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн бололтой гэж Британийн шар хэвлэлүүд бичиж байна.
Лорен Силверманы ойр дотныхон болон Саймоны найз нөхөд энэ мэдээлэл үнэн болохыг баталсан ч чухам энэ хатуу чанга эр яагаад үр хүүхэдтэй болохоор шийдэв, эсвэл энэ санамсаргүй алдаа байв уу гэдгийн учрыг өөрсдөө ч мэдэхгүй байгаа гэнэ. Саймоныг саяхан шууд нэвтрүүлэгт оролцох үеэр энэ тухай ам алдуулах гэж оролдсон ч тэр хариулахаас татгалзжээ.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Лорен хэдэн сарын өмнөөс л Саймоны хүүхдийг төрүүлэхийг хүсч байна гэж ойр тойрондоо ярьдаг болсон гэх. Тэрээр одоо 10 долоо хоногтой бие давхар гэнэ. Гэхдээ олны гайхширлыг хамгийн их төрүүлж буй зүйл бол тэрээр одоогийн нөхрөөсөө гэр бүлээ ч цуцлуулаагүй байж, найзтай нь нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа явдал юм. Гэхдээ Силверманы гэр бүл анхнаасаа нэлээн таарамж муутай байсан бөгөөд өнгөрсөн жилээс гэр бүлээ цуцлуулах тухай ярьж эхэлсэн гэнэ. Гэхдээ Саймон тэр хоёрын явдал тэднийг салахаар шийдсэний дараа болсон уу, түүнээс ч өмнө эхэлсэн байсан уу гэдэг нь нууц хэвээр үлдлээ. Ямартай ч, эхнэр нь нэгэнт найзтай нь амрагийн холбоотой нь илчлэгдсэний дараа ноён Силверман гэр бүлээ албан ёсоор цуцлуулахаар шүүхэд хандсан байна.
Лорены нөхөр Эндрью Силверман бол үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар гаршсан саятан эр. Тэрээр Саймоны сайн найзуудын нэг бөгөөд Лорен гэр бүлээрээ дамжуулан Саймонтой хэдэн жилийн өмнө танилцсан байна. Саятан найзууд үе үе олон хоногоор амралтад явдаг байсан Силверман гэр бүлээрээ, харин Саймон үе үе сольдог найз бүсгүйчүүдээ дагуулан явдаг байж. Олонтаа давтагдсан ийм амралтын үеэр Саймон найзынхаа эхнэртэй учир ургуулсан байх гэж хэвлэлүүд таамаглаж байна. Энэхүү таамгийг нь батлах мэт хачирхалтай паппарац зургуудыг ч “Daily Mail” дэлгэжээ. Нөхрийгөө харсаар байтал найзтай нь илт дотно харилцаж байгааг тэдний 2011, 2012 оны амралтын зургууд харуулна.
Нэг ч удаа гэрлэж байгаагүй, хүүхэдтэй болох тухай дурсаад ч хэрэггүй хэмээн ярьдаг Саймоныг ийнхүү аав болох гэж байгаад түүний найз бүсгүйчүүд их л гайхаж байгаа гэнэ.
Гэр бүлийн найзууд тансаг завиар далайд аялж байхдаа. Саймон найз бүсгүйтэйгээ, харин Лорен нөхөртэйгөө
Бас нэгэн гэр бүлийн найзуудын зугаалга
Тэд найзуудын ёсоор өнгөрсөн онд Лос Анжелост зугаалж байх үеэр
Лорен нөхрөө дэрлэн хэвтэх атлаа Саймоны толгойг илнэ. Харин үүнийг нөхөр нь төдийлэн тоохгүй байгаа бололтой.
Хачирхалтай хайрын гурвалжин
Саймон өмнө нь хамт амьдарч байсан бүсгүйчүүдтэйгээ одоо ч сайн найзууд хэвээрээ үлдсэн. Энд түүний хоёр ч экс найз бүсгүй болон Лорен байна.
Энэ оны эхээр тэд хамтдаа дуранд өртжээ.