Өчигдөр Твиттер ертөнц “Royal Baby” хэмээх үгээр амьсгалж өнжлөө. Нэр ч авч амжаагүй Их Британийн шинэхэн угсаа залгамжлагчийг илэрхийлэх энэхүү үгийг дурдсан хагас сая твийт өчигдөр цацагдсан бөгөөд гүнгийн авхай Кэтерин өвдөж эхэлсэн тухай Твиттерийн мэдээг 487 сая хүн үзсэн байна.
Гүнгийн авхайг амаржсан тухай мэдээг зарласны дараа буюу Лондонгийн цагаас 8:29 минутаас хойшхи хэдхэн хормын дотор Твиттерийн ачаалал огцом нэмэгдэж, шинэ угсаа залгамжлагчийн тухай 500 мянган хүн жиргэсэн байна. Эдгээр жиргээний 41 хувийг нь британичууд, 29 хувийг америкчууд бичсэн бол жиргээчдийн гуравны хоёр нь бүсгүйчүүд байжээ. Мэдээж тэдгээр жиргээчдийн дунд Их Британийн Ерөнхий сайдаас эхлээд урлаг, спортын алдартнууд хэдэн арваараа байжээ.
Өмнө нь зөвхөн албан ёсны мэдэгдлээр л олон нийтэд хүргэдэг байсан шинэ угсаа залгамжлагчийн тухай мэдээг энэ удаа Кларенсын ордноос олон нийтийн сүлжээ сайт Твиттерээр зарласан нь уламжлал эвдсэн шинэ туршлага болж байна. Гүнгийн авхай Кэтерин өвдөж, эмнэлэгт хүргэгдсэнийг баталсан Кларенсын ордны мэдэгдлийг 7000 удаа ретвийт хийсэн байна. Мөн ханхүү мэндэлсэн тухай мэдээг 13 мянган удаа дахин жиргэжээ. Гүнгийн авхай өвдөж эхэлснээс хойш Их Британийн хайлтын системд “royal baby” гэсэн үг хамгийн эрэлттэй байсан бол АНУ-д Кейт Миддлтон гэсэн нэрээр хамгийн их хайлт хийжээ.