Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Манай улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын сарын 25-28-ны өдөр “Буянт Ухаа” спортын цогцолборт болохоор товлогдсон юм.
Тэмцээнд 14 орны өсвөрийн бөхчүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирэх аж. Мөн тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо ФИЛА -гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Товчооны гишүүн Наталья Ярыгина нар ирэх бол техникийн зааварлагчаар Ким Ик Жонг, Сайто нар ажиллахаар уригджээ. Тэмцээний бэлгэ тэмдгээр манай орноос өөр хаана ч байдаггүй, устан үгүй болох аюул нүүрлээд буй говийн нэн ховор амьтан мазаалайг сонгожээ. Чөлөөт бөхийн холбоо энэ шийдвэрийг талархан хүлээн авч, дэмжиж ажиллахаар болсон байна.