Энэ жил дөрвөн аймаг түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж энэ сарын 27-29 өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Тухайлбал, Хэнтий, Төв, Завхан, Архангай аймгийн баяр наадмууд үлдээд байгаа бол Дорноговь аймгийнхан Говийн догшин хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойн баяр наадмыг мөн л 27-29-нд тэмдэглэхээр зэхээд байна. Харин Баян-Өлгий аймгийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчний улмаас төрийнхөө их баяр наадмын тэмлэлгүй түр хойшлуулаад байгаа билээ.
Тэгвэл наадмууд нь болсон аймгуудын бөхийн үзүүр түрүүг танилцуулъя.
Анхдагчийн өлгий Булган аймагт энэ жил 128 бөх барилджээ. Энэ нь цөөн бөгөөд чанартай байлгах үүднээс цөөн бөх барилдуулсан аж. Булганы наадамд Бүрэгхангай сумын харьяат аймгийн начин Д.Тамир түрүүлж арслан цол хүртсэн бол Сайхан сумын уугуул аймгийн харцага Б.Амбасэлмаа үзүүрлэж цолоо ахиулан заан болсон байна.
Баянхонгорт тус аймгийн Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан цолтойгоор барилдахаар болжээ. Харин үзүүр бөхөөр заал танхимын барилдаанд сайн барилддаг шилдэг сумын заануудын нэг Н.Золбоо шалгарч аймгийн заан цол хүртсэн байна.
Энэ жилийн наадмаар хамгийн их хэрүүл маргаан, хэл ам дагуулж, “наадмаа хийж чаддаггүй” гэх тодотгол зүүсэн аймаг бол Говьсүмбэр аймаг шалгарав. Тус аймгийн наадамд үзүүр түрүүнд үлдсэн хоёр бөх гурав барилджээ. Ингээд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн харцага Г.Баасандорж сумын заан Гончигтавхайг гурав дараалан орхиж түрүүлсэн байна. Мөн тус аймгийн бөхийн барилдааны дөрвийн давааны оноолтыг бөхчүүдийн эрэмбээр бус үзэмжээр нь шууд тулгасан гээд хэл ам багагүй дагуулж байна.
Говь-Алтай аймгийн баяр наадамд цэргийн харцага Балганы Хишигбаатар түрүүлж аймгийн арслан болов. Үзүүрт Бугат сумын харьяат Цогбадрахын Бямба-Очир харцага шалгарч аймгийн заан цолтой боллоо.
Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Н.Эрдэнэчулуун түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Үзүүрт аймгийн харцага С.Ерөөлт шалгарсан байна.
Дундговь аймгийн өнөө жилийн наадамд 256 бөх зодогложээ. Үүнээс аймгийн заан цолтойгоор олон жил зодоглосон Т.Занданбат түрүүлж арслан цол хүртсэн байна. Харин аймгийн заан цолыг Б.Бат-Эрдэнэ хүртжээ.
Дорнод аймгийн баяр наадамд хурц арслан төржээ. Тус аймгийн наадамд аймгийн арслан Г.Отгонбаатар түрүүлж хурц арслан цолны болзол хангасан бол Х.Алтансүх үзүүрт үлдэж аймгийн заан цолонд хүрсэн.
Орхон аймгийн наадамд Завхан аймгийн харьяат аймгийн начин Б.Уртбаяр түрүүлж арслан цол хүртсэн байна. Харин заан цолны эзнээр Булган аймгийн харцага Б.Гантөмөр шалгарч, наадмын үзүүр бөх болжээ.
Увс аймгийн наадмыг улсын цолтой бөхийн тоогоороо тэргүүлдэг Тэс сумынхан хүртжээ. Тойргийн барилдаанд түрүүлж байсан сумын заан Х.Оргилболд түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн заан Л.Цээсүрэн үзүүрлэж цолоо баталлаа.
Өмнөговь аймгийн наадамд аймгийн начин Б.Мижидсүрэн түрүүлж арслан цол хүртсэн бол үзүүр бөхөөр аймгийн харцага Э.Нямаа шалгарсан байна.
Өвөрхангай аймгийн наадамд 256 бөх барилдаж Хужирт сумын харьяат аймгийн заан Д.Цэвэлсодном түрүүлжээ. Харин Бүрд сумын харьяат сумын заан М.Даваасүрэн үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна.
Ховд аймгийн наадамд аймгийн заан О.Хангай түрүүлжээ. Аймгийн начин Д.Бадамгарав заан хүртсэн байна.
Сэлэнгэ аймгийн баяр наадамд Улсы начин Нэгдэлийн хүү Жаргалбаяр найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүрт аймгийн заан Б. Эрдэнэбаяр дахин шалгарав.
Сүхбаатар аймгийн наадам аймгийн заан Б.Сэнгэдорж түрүүлжээ. Үзүүр бөхөөр аймгийн харцага Аварга дээд сургуулийн оюутан Б.Номиндалай шалгарч цолоо ахиулжээ.
Хөвсгөл аймгийн наадамд Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням дахин үзүүрлэж, эрэмбээ дээшлүүлсэн байна.