Манай баг тамирчид зохион байгуулагч оронд олгогдсон давуу эрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дөрөв, дөрвөн тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн тамирчид, хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжилсэн. Манайхны хувьд томоохон тэмцээн уралдаанаас хамгийн их чих тавьж хүлээдэг -66, -73 кг- ын шилдгүүд болох олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Лондонгийн олимпын хүрэл медальт С.Ням-Очир нар шилдэг барилдаан үзүүлснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Учир нь, тамирчид маань урамтай сайхан барилдаж, эхний өдөр долоон жингийн зургаад нь аваргын алтан медаль хүртэж, ард түмнээ баярлуулсан юм.
Агуу түүхээрээ бахархсан тэмцээний нээлт
Аливаа томоохон спортын тэмцээн, уралдаанаас үзэгчид нээлт, хаалтын ажиллагааг нь ихэд сонирхдог билээ. Хэн гэдэг тамирчин ямар бэлэг барих бол, ямар урлагийн тоглолт сонирхуулах вэ гээд шивнэлдэж суудаг нь дамжигггүй. Тэгвэл манайх ч гэсэн бусад орноос дутахааргүй шинэлэг байдлаар Гран-при тэмцээнээ эхлүүлсэн. Монгол хүн бүрийн цээж дүүрэн омогшил нь болдог эзэн Чингис хаан болон их түүхээ харуулсан үзүүлбэр толилуулсан нь хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын тамирчид, хуран цугларсан үзэгч олонд ихэд таалагдсан.
О.БАЛЖИННЯМ: Манай тамирчид амжилттай барилдаж байна
/Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням/
-“Чингис хаан” гран при тэмцээний талаар сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн жилүүдэд дэлхийн цом нэртэйгээр зохион явуулдаг байсан бол энэ жилээс зэрэглэл ахиж Гран при болж өргөжлөө. Манай тамирчид сайхан барилдаж байна.
-Манайхаас нийт хэдэн тамирчин оролцож байна вэ?
-Нэг жинд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа.
-Хүрэлцэн ирсэн баг тамирчдаас ямар орон хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй байна?
-Ер нь, Өмнөд Солонгос, Япон, Израйлийн багууд дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүнтэйгээ ирсэн. Мөн Молдав хүчтэй багтайгаа ирсэн байна лээ. Тэмцээн дуусангуут гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийх хуваарьтай.
-Энэ тэмцээний дараа үндэсний шигшээ баг ямар уралдааныг зорих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ирэх сарын 26-наас Бразилийн Рио Де Жанеро хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа явна. Энэ сарын 20-ноос бэлтгэлдээ гарна даа.
С.Мияарагчаа дэлхийд данстай бөх болохоо дахин баталлаа
С.Мияарагчаа өөрийгөө хэн болохоо харуулж, эх орондоо зохиогдсон Гран при тэмцээний аварга боллоо. Дэндүү гэхэд дэндүү даруухан түүнээр монголчууд бахархаж, хайрлаж, хүндэтгэж явдаг. Ямаршуухан чансаатай бөх гэдгийг нь ч надаар хэлүүлэлтгүй ард түмэн минь сайн мэднэ. С.Мияарагчааг 66 кг-ын жингийн “Аюултай Монгол” хэмээн хочилдог. Арга ч үгүй биз, ганцхан секундын дотор угсараа гурван мэх хийхээр чинь. Тэрээр учраа таарсан өрсөлдөгч бүрээ төвөггүйхэн ялсаар аваргын алтан медалийн эзэн болсон. Мэдээж, энэ жингийн гол өрсөлдөгч болох Д.Төмөрхүлэгийг зооны аваргын төлөө цэвэр ялж, улмаар олимп, дэлхийн хүрэл медальт Өмнөд Солонгосын тамирчин Чой Жун Хог цаг дуусахаас өмнө цэвэр ялсанаар дэлхийд данстай болохоо дахин нэг батлан харууллаа. Энэ жингийн хамгийн сонирхолтой барилдаан нь Д.Төмөрхүлэг болон С.Мияарагчаа нарын хооронд болсон юм.
С.МИЯАРАГЧАА: Дэлхийн аваргад явах зорилго бий
-Гран при тэмцээний аварга болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа, нийт жүдо сонирхогчдынхоо итгэлийг алдалгүй аваргын алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Би энэ тэмцээнээс өмнө нь хоёр мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа зорилгодоо хүрлээ.
-Та бүгдийг нь цэвэр ялж, их сонирхолтой барилдаан үзүүллээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Урамтай сайхан барилдаж, ялалтуудыг авлаа. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл манай жингийн Д.Төмөрхүлэг дүү маань байсан. Аваргын төлөө барилдсан Өмнөд Солонгос бол дэлхийн цолтой том бөх. -66 кг-ын шилдэг тавд багтдаг тамирчдыг эх орныхоо дэвжээнээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялсандаа баяртай байна.
-Ирэх есдүгээр сард болох дэлхийн аваргад таныг хүч үзэх байх гэсэн хүлээлт бий. Оролцоно биз дээ?
-Дараачийн зорилго гэвээс дэлхийн аваргад амжилттай сайхан оролцож, медальт байранд орох л байна даа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэлдээ орчихсон байгаа. Ерөнхийдөө жигдэрчихсэн. Үүний дараа ямар тэмцээнд хүч үзэхийг Жүдо бөхийн холбооны удирдлагууд л мэдэх байх.
-Баярлалаа, тэмцээн уралдаанд тань амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.
Ц.ЦЭРЭННАДМИД: Өрсөлдөгч нар чанга байлаа
-За, маш их баярлалаа.
-Энэ тэмцээнд өрсөлдсөн тамирчид болон барилдаануудынхаа талаар ярихгүй юү?
-Өрсөлдөгч бөхчүүд их чанга, сайн өрсөлдөгчид. Намайг дэмжсэн багш нар болон хөгжөөн дэмжигч та бүхэнд маш их баярлалаа. Финалын бөх их хүчтэй байлаа.
-Финалд барилдсан Солонгостой хэр хүнд барилдаан хийв. Нэлээд ядарсан харагдаж байна?
-Энэ бөхтэй анх удаа таарч барилдаж байна. Нэлээд хүч шавхаж байж ялалт авч чадлаа. Мэхэндээ даацтай, мэдрэмжтэй сайн бөх байна.
-Дараагийн тэмцээн уралдаанд тань амжилт хүсье?
-Баярлалаа. Удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байна. Амжилттай сайн барилдахыг хичээнэ.
Гран при тэмцээний “гал гарсан финал”
“Чингис хаан” гран при тэмцээний 73 кг-ын жингийн аваргын алтан медалын төлөө Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар болон Лондонгийн олимпын анхны медалийг эх орондоо авч ирсэн С.Ням-Очир хоёрын хооронд өрнөсөн юм. Финалуудаас хамгийн сонирхолтой нь болсон гэхэд болно. Ёстой л гал гарсан сайхан барилдаанаар хоёр бөх маань үзэгчдээ баясгаж чадсан. Энэ жил хоёр удаа таарч барилдахад нэг, нэг ялчихаад байсан юм. Хэн нь ялах вэ гэдэг үзэгчид болон тамирчдын хувьд сонирхолтой байлаа. Үндсэн цаг дуусахаас өмнө С.Ням-Очир давуулж шидэх мэхээр цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн болов. Ингээд Гран при тэмцээнд амжилттай барилдаж, медаль хүртсэн тамирчдынхаа сэтгэгдлийг сонслоо.