Манай улсад анх удаа “Чингис Хаан” гран при олон улсын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 13, 14-нд болох гэж байна. Монголын жүдо бөхийн спортод гарсан томоохон өөрчлөлт, ахиц дэвшлүүдийн нэг нь цомын ангилалд хамрагддаг тус тэмцээн зэрэглэл ахин “гран при” болсон явдал билээ. Гран при ангилалд олон улсын чанартай, нэр хүнд бүхий тэмцээнүүд орохын дээр тогтмол болдгоороо онцлог. Дэлхийн аваргатай дүйцэхүйц нэр хүндтэй энэ тэмцээнд 100 гаруй улс орны 700 орчим тамирчин оролцох бөгөөд 160 оронд цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах аж.
Энэ нь, манай улсын спорт болоод нийгэм улс орны хөгжилд чамгүй эерэг нөлөө үзүүлэх юм. Мэргэжилтнүүдийн зүгээс Монголын жүдо бөхийн хөгжил дэвшил нэг шат алгаслаа хэмээн ам сайтай байгаа. Дэлхийн чансаагаар дээгүүр ордог тив дэлхийн шилдгийн шилдэг тамирчид Монголын цэлмэг хөх тэнгэрийн дор хуран чуулах тус тэмцээн ойртсоор. Манай баг тамирчид ч хэдийнэ бэлтгэлдээ гарч. Энэ тухай сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сум орох замд байрлах “Говь” амралтыг зорьсон юм.
Өнгөрөгч сарын 20-ноос эхлэн бэлтгэл сургуулилтаа базааж буй манай баг тамирчдыг багш дасгалжуулагч нийлсэн 60 орчим хүн бүрдүүлж буй. Биднийг очих үеэр жүдогийн цагаан цэнхэр өмсгөл бүхий тамирчдын цуваа амралтын газрын зах, уулын бэлд байрлах спорт цогцолборын зүг чиглэж байв. Бид тамирчдын араас явсаар дасгалжуулагчийг нь сураглавал үүдэнд сууж байсан эмэгтэй жүдочид “Багш ойрхон гарсан удалгүй ирэх байх” гэв. Хүлээх зуураа ойр орчмын байгалийн сайхныг бахдан, ойн захаар идээшлэх адуун сүргийг ажин зогстол тээр дээд талын жижигхэн байшингаас бэлтгэлийн өмд цамцтай, мөрөндөө цагаан өнгийн алчуур унжуулан тохсон нь харваас спортын гэмээр хүн явган хүний зам даган зөөлөн шогшсоор ирэв. Өөрийгөө дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Баттулга хэмээн танилцуулж дотогш ор хэмээн эелдэгээр урилаа. Биднийг очих үед Израйлийн баг тамирчид ирчихсэн хамтарсан бэлтгэл хийж байсан юм.
Цэлгэр уужим спорт заалны шалыг цэнхэр, улаан өнгийн жүдогийн татамигаар хулдсан нь цаанаа л нэг дулаахан хийгээд өнгөний хослол нь төрийн далбааг санагдуулах аж. Заалны хоймор голлож залсан алтан соёмбот туг тэрхүү дэвжээтэй хорших нь улам ч өнгө нэмсэн гэлтэй. Алдар цуутай тамирчдын бяр хүч тэрхүү зааланд багтаж ядах мэт бэлтгэл сургуулилтын их дуу чимээ эргэн тойрон нүргэлнэ. Хоёр, хоёроороо хослон үүрэх, ачих мэхийг нэг хүн адил зэрэг хийж буй 50 гаруй тамирчдын бие халаалт эхэлж буй нь энэ ажээ. Бидэнтэй танилцаж аян замын амар мэнд мэндэлцсэн дасгалжуулагч дэвжээний голд очин тамирчдыг цуглар хэмээн дуудвал тушаал сонссон цэргийн адилаар мөнөөх тамирчид дөрвөн эгнээ болон ар араасаа цуван зогслоо. Багш нь нам хэр нь захирангуй өнгө аястай дуугаар зөвлөмж өгөх аж. Бие халаалтаас хоцорсон ганц нэг жүдоч зааланд орж ирээд багшаасаа уучлалт гуйх бөгөөд бүгд дэвжээнд гарахын өмнө хүндэтгэл үзүүлэн ёслох аж. Хөндлөнгөөс ажихад бахдам, бахархам тэрхүү үг яриа, үйл хөдлөлүүдээс маш их хүндэтгэл, дэг журам, эмх цэгц мэдрэгдэх нь сайхан.
Тамирчид эргэн бэлтгэлээ хийж эхлэхэд Д.Баттулга дасгалжуулагчтай хэсэг ярилцсан юм.
-Манай улсад анх удаа болох гэж буй гран при тэмцээний тухай уншигчид, спорт сонирхогчид төдийлөн мэдээлэлгүй байгаа болов уу?
-Зэрэглэлийн хувьд олимп, дэлхийн аварга, “Гранд мастерс”, “Гранд слам” гран при гэх зэрэг олон улс, тив дэлхийн чанартай тэмцээний дараа ордог Олон улсын жүдо бөхийн холбооны “А” зэрэглэлд багтдаг томоохон тэмцээн юм. Ийм тэмцээнийг зохион байгуулах эрх авна гэдэг нь манай улсын жүдо бөхийн спорт, жүдо бөхийн холбоо хэр нэр хүндтэйг илтгэж буй хэрэг. Мөн гадаад харилцаа сайн байгааг харуулж, цаашид өөр улс орнуудтай харилцаа холбоо тогтоох өндөр ач холбогдолтой. Энэ тэмцээний эрхийг авахын тулд эл спортод элэгтэй олон ч хүн дор бүрнээ хичээн ажилласан. Эдгээрээс Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэсэн үүрэг их. Манай тамирчид гадагшаа явалгүйгээр эх орондоо дэлхийн чансааны тамирчидтай нутгийнхаа дэвжээнд зодоглоно гэдэг маш их ач холбогдолтой. Өмнөх дөрвөн жил цомын байсан энэ тэмцээн зэрэглэл ахиулан гран при болгоход чамгүй бодлого, гадаад харилцааны асуудал нөлөөлсөн.
-Нэг жинд дөрвөн тамирчин оролцоно гэсэн. Жин нэмэх, хасах тамирчдын тухайд?
-Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч сорино. Нийтдээ 56 тамирчин оролцоно гэсэн үг. Нэг жинд дөрвөн хүн орно гэдэг нь манай чансаа өндөр байгаа бүх тамирчин хамрагдах бүрэн боломжтой. 60, 66 килограммын жинд илүү өрсөлдөөнтэй. Учир нь, манайхаас дээрх хоёр жингийн амжилт үзүүлэх магадлалтай тамирчид цөөнгүй байгаа болохоор хэн, хэнийг нь оруулах талаар хараахан шийдээгүй л байна. Цагаанбаатарын хувьд өнгөрсөн олимпод 66 килограммд барилдсан бол энэ тэмцээнд жин өгсч 73 болсон, Төмөрхүлгийн хувьд 60 кг байсан бол мөн жин өгсч 66 килограммд чансаагаар нэгд бичигдэн зодоглоно. Бусад тамирчин өөр өөрийн жиндээ оролцоно.
-Израйлын долоон тамирчин ирсэн гэсэн. Өөр улс орны тамирчид ирсэн үү?
-Саяхан ОХУ-ын Эрхүү мужийн баг манай тамирчидтай бэлтгэл хийж байгаад буцсан. Ерөнхийдөө 20 гаруй баг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэ тэмцээний дараа ОУЖБХ-ноос гаргадаг календарьчилсан бэлтгэлийн хуваарийн дагуу дөрөв хоног хамтарсан бэлтгэл хийнэ.
-Энэ жилийн улсын баяр наадамд танай жүдочдоос зодоглоно гэсэн яриа байсан?
-Наадамд барилдах бөхчүүд байгаа. Гэхдээ жүдо, үндэсний бөх нь бөхийн төрөл ч гэлээ барилдааны үед олон мэх, барьц гэх мэт ялгаатай зүйл бий. Үүнээс болоод гэмтэж бэртэх магадлал өндөр, нөгөөтэйгүүр, энэ тэмцээн наадмын араас залгах болохоор тамирчид ядарч сульдах асуудал гарч магадгүй. Гэвч цөөхөн тамирчдад хувийн онцлогоос шалтгаалан зохидог тал бий. Манайхнаас -100 килограммын Э.Энхбат, Г.Пүрэвдорж, Д.Сугар гэх мэт голцуу хүнд жингийн тамирчид наадмын бэлтгэлд гарчихсан байгаа.
Бахдаж сүрдэм дуу шуутай жүдогийн тамирчдын бэлтгэлийг хэсэг ажин суувал Д.Төмөрхүлэг болон С.Мияарагчаа нарын барилдаан ихэд үзүүштэй болсон юм. Сурвалжлага хийхээр очсон бид гэлтгүй бусад тамирчин ч тэр хоёрын барилдааныг анхааралтай гэгч нь харж суув. Хэн, хэн нь 66 килограммын жинд хүч үзэх дээрх хоёр дэлхийн чансаанд эхний аравт багтсан хүч тэнцүүхэн өрсөлдөгчид билээ. Д.Төмөрхүлэгийн хувьд дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа. Гурван ч удаа өрсөн хоёр тамирчны булуу халсан гэлтэй угсраа мэхүүдийг хийн барилдсаар нэг нэгийн харьцаатай болов. Хайнаа салгах гурав дахь барилдаан эхлэхэд тамирчдын хөлс нь зогсолтгүй асгарах бөгөөд хэн хэн нь шийдсэн юм хийлгүй анаж хүлээх мэт бие биенээ ажина. Удалгүй золгож, Д.Төмөрхүлэг хөлд нь сууж давхар хамахад нь С.Мяарагчаа давуулж унан цэвэр ялсан. Энэ барилдааныг хөндлөнгөөс ажихад манай тамирчдын бэлтгэл сайн байгаа нь харагдсаныг нуух юун.
-Бэлтгэл сургуулилт хэр хангаж байна даа?
-Бэлтгэл сайн байгаа. Манайхан энэ амралтын газарт алдар цуутай багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ хангаад барилдахад бэлэн болоод байна.
-Өөрийн чинь өрсөлдөх 66 килограммд барилдах олон тамирчин байгаа гэсэн. Их өрсөлдөөнтэй болох нь дээ?
-Сайн мэдэхгүй байгаа ч миний хувьд оролцох байх. Өмнө нь, хоёр удаа финальд үлдэн мөнгөн медаль авч байсан болохоор энэ жил амжилтаа ахиулан сайн барилдана гэж бодож байна.
-20 гаруй орны баг тамирчдын мэдүүлэг ирсэн гэсэн. Энэ жинд хүндхэн өрсөлдөгч хэн байх бол?
-Ер нь, сайн сайн тамирчид ирнэ. Хөнгөн жинд өрсөлдөөн их байдаг. Жишээ нь, одоо ирчихсэн байгаа Израйлийн тамирчин Г.Поллак гэх мэт чансаа дээгүүр тамирчид цөөнгүй байгаа. Тэмцээний дараа дөрөв хоног хамтарсан бэлтгэл хийж туршлага солилцох учраас олон сайн баг ирнэ.
-Цомын тэмцээнээс гран при болж нэг шат ахисан шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ийм том тэмцээнийг улс, эх орондоо зохион байгуулж байгаад тамирчин хүний хувьд баяртай байна. Энэ эрхийг авахад их үүрэг гүйцэтгэсэн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ахдаа баярлалаа, холбооныхоо ажилтан, багш нартаа баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Бидний яриа ийн өндөрлөхөд тэрээр эргэн бэлтгэлдээ орсон юм. Аливаа улс орны спортын хөгжилд багагүй хөрөнгө мөнгө, төр засгийн бодлого нөлөөлдөг болохоор олимп, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд тамирчид маань амжилтаа ахиулна биз ээ. Манай жүдочид, жүдо бөхийн холбооныхон гран при тэмцээний эрх авна гэдэг нь тус спортын хөгжил өөд тэмүүлж буй өндөр шалгууртай шатны нэг гишгүүрийг алгассантай адил юм. Азийн цээжинд цохилох дэлхийн зүрх болсон хөх тэнгэрийн орон Монголынхоо, алтан соёмбот далбааг дэлхийн дээвэрт мандуулж, аялгуу сайхан төрийн дууллаа ертөнцийн чихэнд сонордуулдаг идтэй хавтай, эрхийдээ чацтай тамирчиддаа дэлхий дахины дэвжээнд босоо бичиг шигээ ганхашгүй, гунхашгүй олон ялалт байгуулахыг хүсэн ерөөе.