Сүүлийн үед зурагт асаах болгонд л нэг л хүний тоголсон кино, реклам гардаг болсон гэхэд хилсдэхгүй. "Хэцүү анги" кинонд тоглсноор олны танил болсон МУСТА жүжигчин Б.Навчааг найман настай балчраас наян настай буурай хүртэл андахгүй болсон. Хар яр хийсэн ширүүн авир гаргах түүнийг чамгүй сайн жүжигчин болохыг нь сүүлд тоглосон "Лардьма" киноны дүрээс нь харж болно. Эрчүүдэд ухаарал хайрлах эл киноны агуулга түүний туулж өнгөрүүлсэн амьдралтай их төстэй болоод ч тэр үү өөрийнх нь амьдралаас сэдвэлсэн гэх нэгэн ч бий. Гэхдээ тэрээр эрс үгүйсгэдэг.
Б.Навчаа өдгөө нөхрөөсөө салж охиноо өсгөх гэж зүтгэж яваа нэгэн. 29 насандаа үеийнхнээсээ хожуухан нөхөрт гарсан ч амьдралын аз жаргал амсалгүй хоёр тийшээ болсон байдаг. Тэрээр хань ижил бол дутууг дүүргэж дундуурыг нөхөх гэснээс биш тэвчээрийн хязгаарыг үзэх гэсэн үйлдэл биш болох тухай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Түүний амьдралын хамгийн хатуу ширүүн үе нь гэр бүлтэй байсан үе нь гэхэд болно.
Багадаа хойд эцгийн гар харж өссөн тэрээр хүүхэд насны баяр баясгаланг бусдаас арай л дутуу мэдэрсэн гэдэг. Төрсөн эцэг нь биш гэдэгтээ ч тэр үү загнаж зэмлэх нь энүүхэнд байжээ. Бүр гар хүрч байдаг байж. Насанд хүрсэн Навчаа одоо л өөрийн гал голомтыг үүсгэж сайхан амьдрах нь дээ гэтэл санснаар нь болсонгүй. Түүний нөхөр бас л дарангуйлагч байсан гэдэг. 2009 онд охиноо дагуулан нөхрөөсөө салсан ч хартай нөхөр нь одоо хүртэл хараалын үгтэй мессэж, элдэв заналхийлэлээс салгадаггүй гэнэ. Ямар сайндаа л "Үүнийг зохицуулах хууль байдаггүй, шүүх гэр бүлийг нь цуцалсан ч дараагийн хүндрэлүүдийг нь хариуцахгүй байдаг. Заналхийлэлд өртөж явсаар нэг л өдөр хүний гард амиа алдвал яах вэ" хэмээн ярьж байхав дээ.
Юутай ч түүний тоглосон "Лардьма" кино нь өнөөдөр хоригдож нөхөрөө санаатайгаар хөнөөсөн 160 орчим эмэгтэйн дааж давашгүй дарамттай амьдралын нэгээхэн хэсгийг дэлгэцнээ амилуулсан гэдгээрээ үзэгч олныг шуугиулаад байгаа юм. Сонирхуулахад түүний бяцхан охин ч эл кинонд дүр бүтээсэн юм.