Туркменийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовийн төрсөн өдрийн ёслолын ажиллагаанд оролцон дуулсан Холливудын од Женнифер Лопес нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Зүгээр ч нэг өртсөнгүй Хятадын гадаад бодлоготой холбогдуулан нэлээд том дуулиан үүсгэлээ. “The Wall Street Journal” сонинынхон Женнифер Лопесийг Азийн төдийгүй дэлхийн хамгийн харгис дарангуйлагч гэгддэг Бердымухамедовын төрсөн өдөрт оролцон дуу дуулах мөнгөний дийлэнхийг газрын тос, шатдаг хий олборлолтоороо Хятадад тэргүүлдэг “China National Petroleum Corporation” компани гаргасан гэж мэдэгдэж байна. Хятад нь Туркменээс асар их хэмжээний шатдаг хий экспортлон авч ашигладаг. Улмаар тус улсад байгаа газрын тос, шатдаг хийн шинэ орд газруудыг ашиглах ихээхэн ирээдүйтэй гэрээ байгуулахын тулд Жей Ло-г хөлслөн авчир дуулуулсан болж таарлаа.
Хэрэв үнэхээр тэгсэн үнэхээр нүдээ олсон, алсын хараатай хөрөнгө оруулалт болж таарч байна. Учир нь хэр баргийн хүний төрсөн өдөр дээр Женнифер Лопес очиж “Happy Birthday” гэж дуулаад байдаггүй. Тиймээс Туркменийн Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байсан нь гарцаагүй болохоор манай урд хөршийн компани тун удалгүй маш ашигтай гэрээ байгуулах нь бараг гарцаагүй гэж болно.
Шүүмжлэлийн бай болсон Лопес хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж Бердымухамедов хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, дарангуйлагч мөн гэдгийг баталсан бодит мэдээлэл байсан бол хэзээ ч төрсөн өдрөөр нь очиж дуулахгүй байсан гэж мэдэгджээ. Дээр нь оролцсон арга хэмжээ нь улс төрийн ямар нэг суртал ухуулгын шинжтэй байгаагүй бөгөөд Туркменийн төрөөс нэг ч төгрөг аваагүй гэсэн аж. Жей Ло төрсөн өдрийн баяр хүргэж дуу дуулаад 1,5 сая ам.доллар авсан юм гэнэ.
Америкийн урлаг соёлын одуудад энэ мэт дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч гэгдсэн хүмүүсийн төрсөн өдөр зэрэг арга хэмжээнд оролцох нь цөөнгүй.
Жишээлэхэд, хэрцгийгээр алуулсан Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафийн төрсөн өдөр дээр Бейонсе, Нелли Фуртадо, Мэрайя Кери, 50 Cent, Лайонел Ричи, Ашер гэх мэт одууд очиж дуулж байсан удаатай. Харин олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл эхэлсний дараагаар бараг бүгд шахуу Каддафийгаас авсан мөнгө буяны байгууллагуудын данс руу шилжүүлж “нүглээ” цайруулж байсан түүхтэй.
Холливудын од Стивен Сигал, Ван Дамм нарыг Оросын Ерөнхийлөгч Путин, Чечений Ерөнхийлөгч Кадыровтой уулзаж хүний эрхийг зөрчигч нарыг дэмжлээ гэж өрнөдийн хэвлэлүүд буруутган ихээхэн шүүмжлэл өрнүүлж байсан удаатай.