Монголын толгой баячуудын нэг "Мон-Уран"-ы Б.Наранхүүгийн хөрөнгийн талаар олон домог мэт яриа байдаг. Дүнжингарав гэх үйлчлүүлэгч хийгээд түрээслэгчдийнхээ эрүүл ахуй, тав тухыг бодсон орчин цагийн зах барин нээлтээ хийсэн нь саяхан. Сайн мориор гангарч өөр хоорондоо панз үсэргэдэг болсон өнөө цагийн ноёдоос мань эрхэм арай өөр сонирхолтой гэхэд болно. Тэр бол сайн төмөр хүлэг. Ноён Б.Наранхүү сайхан унаанд гар татдаггүй нэгэн ямар сайндаа л түүний автомашины цуглуулгыг 10 тэрбум хол давахаар үнэлэгдэнэ гэж юм үзэж нүд тайлсан дээдсийнхэн дунд яригддаг. 8668 дугаараар гангарах дуртай түүний гурван хөвгүүн нь алдарт Rolls Royce-оор гангарч их хотын баячуудын нүдийг унагааж явдаг. Тэдний гэр бүлд бүр дөрвийн дөрвөн Rolls Royce бий гэдэг.
Хөвгүүд нь аавынхаа чихнээс хонх уяж элдэв хэрэг төвөгт орлоо гэж яригдах нь үгүй. Өнөө цагийн нялх баячуудыг бодвол хүмүүжилтэй гэж ойр дотныхон нь үнэлдэг.
Дээдсийнхний гангараа болсон энэ төмөр хүлэг чамгүй үнэтэй. "Алтай констракшн"-ы босс Х.Бат-Эрдэнэ мөн 0666 УБА улсын дугаартай саарал Rolls Royce-оо 680 мянган доллараар авч байсан гэдэг.
Арван жил төгсөнгүүтээ л мөнгөлөг саарал Rolls Royce-оо өмчлөх эрхээр шагнуулсан түүний дунд хүү Н.Эрдэнэ Дүнжингарав худалдааны төвийн нээлтэн дээр үнэтэй хөлгөөрөө гангарч бас ч үгүй найз охиноо дагуулж яваа харагдсан. Наранхүү ноёнтон ч 17 насандаа эхнэр Л.Чимгээтэйгээ нэг гэрт орсон болохоор хүүгээ нялх гэж хориглохгүй байгаа гэдэг. Тэгээд ч эртхэн гэр бүл зохиосон эр хүн гэр бүлийн хариуцлагатай болж гадуур дотуур тэнэж хэрэг төвөгт орооцолдохгүй амар гэж харин ч дуртай байгаа сурагтай. Дээдсийн хүүхдүүдийн цугларалт болсон "American School"-д боловсрол эзэмшсэн Н.Эрдэнэ сурагчийн ширээнээс салангуутаа л ийм тансаг хүлэгтэй болсонд үе тэнгийхэн нь битүүхэн атаархдаг гэсэн шүү.