Сөөнгө хоолой, цагаан толгойгоороо имижээ хийсэн Ардчиллын алтан хараацайн нэг Э.Бат-Үүлийн хүүхдүүд хэдийнээ ардчиллын буяныг хүртэж тус тусдаа бизнест амжилттай яваа.
Хүү Б.Чулуудай нь "Сонор рекордс" компанийнхаа үйл ажиллагааг удирдан явуулж байгаа. Зангаргатай эцгийн буянаар Сонорынхон үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөн барилга бүтээн байгуулалтын чиглэлээр түлхүү ажиллах болсон.
Том охин Б.Хулан нь сэтгүүл зүйн чиглэлээр гадаад дотоодод мэргэжил эзэмшсэн бөгөөд өдгөө нөхөр охины хамт амьдардаг. Буурал аавын баруун гар гэгддэг охин нь "Сонор рекордс" компанийн томоохон бүтээн байгуулалтын нэг өвөөгийнхөө нэрийг бэлгэдэж өгсөн "Эрдэнийн төгөл" хотхны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Баячуудын хороолол гэх уг хотхныг хэрийн хүнд олдохооргүй гадарт Үүл баатар эрх мэдлээ ашиглан газар авч өгсөн хэмээн хэсэгтээ л хэвлэлээр "од" болсон ч энэ хэрэг нь тэгсхийгээд намжсан. Ажил эхлүүлбэл эцсийг нь үзэх хүртлээ шаргуу зүтгэдэг хувьсгалч эцгийгээ дуурайсан Б.Хулан охин монголдоо л дээгүүрт ордог тансаг хохтонуудаас хэд дахин илүү чанартай барилга бариулахаар шамдан ажиллаж байгаа. Тус бүр нь 600 саяас эхлэх эл хотхонд ямар зэрэг зиндааны улс амьдрах нь нэгэнт тодорхой болсон гэнэ шүү.