Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төв “чихцэлдэх” хүрээлэн


Жилийн жилд наадам дөхөхөөр төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон үй олон асуудал сөхөгддөг. Нүглийн нүдийг гурилаар хуурах төдий домноод орхидог засвар үйлчилгээ, авто машины зогсоолын хүрэлцээ, тасалбарын үнэ тариф, хувьчлал, зарагдсан тасалбараасаа цөөн суудал гээд л цэнгэлдэх тойрсон болж бүтэхгүй асуудал цөөнгүй ээ. Худалч хүнд бараг жил бүр наадамд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийн тэн хагас нь цэнгэлдэхийн засвар үйлчилгээнд зориулагддаг гэхэд буруудахгүй.
 
Цор ганц хэмээх цол гуншинтай төв цэнгэлдэх наадмын өдрүүдэд төв “чихцэлдэх” хүрээлэн болж хувирдаг нь нууц биш. Наадамчин олны үзэж сонирхох гол зүйл нь наадмын нээлтийн үйл ажиллагаа. “Энэ жил наадмын нээлт ямар болох бол” хэмээн хүлээх хүн олон ч, биеэр очиж цэнгэлдэхэд тухлан сууж үзэх нь цөөн. Мөн бөхийн хорхойтнууд цэнгэлдэхийн ойр орчмоор тайлбарыг нь сонсч, наадамлах нь энгийн үзэгдэл. Хотын захиргаанд танилтай нэг нь олдоц муутай наадмын тасалбарыг бөөндөж аваад хэд хэд нугалан шагладаг нь наадамчин олныг түрүүвчнийх нь нимгэн, зузаанаар даажигнах шиг.

Зай завсаргүй овоорсон авто машин, худалдаа үйл­чилгээ явуулж буй иргэдийн лангуу, элдвийн тоглоом наадгай гээд л наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэн гаднаа ч тэр, дотроо ч бөгс эргэх зайгүй болдог. Үүний дээр ойр орчмын газарт нь сүндэрлэх орон сууцны барилгууд дарин дээр давс гэлтэй. Тэртээ 1950 онд Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж бразилчууд 200 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэн байгуулсан жишээ ч байдаг. Гэтэл техник технологи өндөр хөгжсөн 21 дүгээр зуунд 20 мянга хүрэхгүй суудалтай цэнгэлдэхдээ багталцаж ядан баяр наадмаа хийдэг манайх шиг улс дэлхийд өөр байхгүй биз. Дэлхийн стандартад нийцсэнийг нь барьж бай­гуулж чаддаггүй юм гэхэд ядаж байгаа ганцыгаа өөд татах чадалгүй төр засаг 2040 онд олимп зохион байгуулна гэж ярих нь ёстой мөрөөдөл.

Дахиад л хувьчлал...

Тэртээ 1958 онд ашиглалтад орсон төв цэнгэлдэх хүрээлэнг 1993 онд төр 51 хувийг нь эзэмших байдлаар хувьчилсан ч, хожим 49 хувь болсон маргаантай, маапаантай асуудал шат шатны шүүхийн хаалга татсаар 2010 онд эцэслэн шийдэгдэж, 51 хувь нь хувийн өмчийн мэдэлд хэвээр үлдсэн. Товчхондоо, нийт ашиг орлогын 51 хувь нь нэг хүний халаасанд орж байна гэсэн үг. Улсдаа ганц, төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувийн болгосон тэр сүйхээтэй эрийг Т.Нямдаваа гэх ажээ. Сэлэнгэ аймагт томоохон тариалангийн газар эзэмшдэг энэ эрхмийн гар чамгүй хол сунадаг бололтой юм. Жил бүрийн наадам болоход төрөөс цэнгэлдэхийн засварыг хийдэг ч ногдох ашгийнх нь дийлэнхийг мань хүн хүртдэг нь хойноос ирээд хот минийх гэгч л болсон мэт. Наадмын үеэр тасалбарын үнэ, газрын түрээс, авто машины зөвшөөрлийн орлого болон сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэн, гадаадын зурагчдын мандат гээд багагүй мөнгийг зүгээр суугаад  халаасладаг нь эмгэнэлтэй гэмээр.  Наадам зохион байгуулах өөр цэнгэлдэхгүй болохоор улсаас урсгал засварыг нь хийхээс өөр аргагүй. Жил бүр наадмаа хийхээр хэдэн тэрбумаар нь төсөвлөх татварын орлогын мөнгөний хугасаар цэнгэлдэх хүрээлэнг засварлаж байгаа нь буруу хувьчлалын балаг гэлтэй. Энэ мэтээр хувьчлалын цоорхойг ашиглан хэтэвчээ зузаалагсад цөөнгүй ээ. Хувьчлалын далимаар хөлжиж буй эрхмүүдийн аяыг хэдий болтол харж суух юм бол...

Наадам нэртэй наран шарлага

Ээж, дүү хоёр маань жил бүр наадмын нээлт үзэхээр цэнгэлдэх хүрээлэнг зорьдог сон. Өглөө эртлэн гэрээс гарсан хоёр үдийн халуун нарнаас зугтан хэдэн хуушуур барьсаар орж ирэхдээ “Цэнгэлдэхэд бөгс эргэх зай алга” хэмээн үглэнэ. Өнгөрсөн жилээс манай хоёр “Наадам үзэх гэж наранд цохиулж байснаас гэртээ зурагтаа үзсэн нь дээр” гэдэг болсон. Тэр нь ч зөв биз.
Уг нь, 2013 оны хотын төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн Засаг даргын ажлын мөрийн хөтөлбөрт цэнгэлдэхийн дээврийг битүүлэх тухай тусгасан ч ажил хэрэг бололгүй цаасан дээр үлдсэн. Бодвол энэ жилдээ амжаагүй байх л даа. Гэвч цэнгэлдэхийн сүүдрэвчтэй, сүүдрэвчгүйгээсээ шалтгаалан харилцан адилгүй үнэтэй тасалбар хэдий болтол мөрдөгдөх вэ гэж асуумаар санагдана. Тэгээд ч нийт суудлынх нь 50 хувийг эзлэх сүүдрэвчтэй нь сүүдрэвчгүй хэсгээсээ даруй хоёр дахин үнэтэй гэдэг. Зардлаа нөхөх гэсэндээ суудалд нь сүүдэр туссан үгүйгээс хамаарч үнийг нь ялгаатай тогтоож болно. Гэхдээ суудлынхаа тоогоор тасалбараа борлуулж бас болмоор. 2011 оны засварын ажлын хүрээнд цэнгэлдэхийн нийт суудлыг дугаарлахад 12 мянга 377 суудалтай гэж гарсан гэдэг. Гэтэл наадмаар суудал нь дүүрч, тасалбартай ч орж чадаагүй түүх бий. Нэгэнт суудал байхгүйтэй эвлэрсэн наадамчид цэнгэлдэхийн гаднах дэлгэцээр бөх, нээлтийн үйл ажиллагааг үзэх нь хэвийн зүйл мэт болж. Үнэндээ шинээр барьж дийлдэггүй юм аа гэхэд дээвэртэй болгоё гэж хэдэн жил ч ярив даа. Хүнээр бол 55 насыг зооглож буй цэнгэлдэх шинэ дээврээ хүлээсээр байгаад “нүд аничих” вий дээ.

Үндэсний баяр наадамгүй улс орон гэж үгүй. Манайхан шиг 50 гаруй жил ганц цэнгэлдэх хүрээлэндээ наадаж цэнгэдэг улс орныг би л хувьдаа мэдэхгүй юм. Төрөөс бодлогын түвшинд нэн даруй хийх бүтээн байгуулалтын нэг нь нар салхи, бороо шорооноос тусгаарласан цэнгэлдэх хүрээлэнтэй болбол үндэсний баяр наадмыг үзэж сонирхохоор ирсэн жуулчдад эх орны нүүр царай, өнгө төрхийг илтгэх болов уу.

Хэл ам, хэрүүл шуугиантайгаар нэг юм наадаж дуусахад “Дараа жилийн наадам даан ч хол байна” гэсэн  шиг өнөөх цэнгэлдэхийн асуудлыг ч умартан маргааш, маргааш гэж хойшлуулсаар ирэх жилтэйгээ золгосоор байх уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан