Сүүлийн жилүүдэд Монголын жүдо хурдацтай хөгжиж дэлхий, олимпын дэвжээнд өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Монголын Жүдо бөхийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирэх сард бие даасан Их дуулгын тэмцээн зохион байгуулахаар ажиллаж байна.
Хэдийгээр Монголд жүдо нь олонд танигдсан, үзэгч олонтой спортын төрөлд ордог ч Монголын жүдо бөхийн холбооноос өсвөрийн жүдочдын хөгжилд анхааран Олон улсын жүдо бөхийн холбооны “Өсвөрийн жүдочдын төлөө” хэмээх хороотой хамтран ажиллахаар тохиролцоод байна. Тус хорооны удирдлага Монгол Улсад хоёр хоногийн айлчлал хийн төрөл бүрийн байгууллагын нөлөө бүхий эрхмүүдтэй уулзсанаас гадна асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагуудтай уулзан дээрх асуудлаар санал солилцсон юм. “Өсвөрийн жүдочдын төлөө” хороо нь ойрын жилүүдэд өсвөр үеийнхний боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэмд эзлэх байр сууриа олоход нь дэмжин ажиллах зорилготой. Дэлхий нийтэд тулгарсан эрүүл мэнд, тэр дундаа илүүдэл жингийн асуудалтай тэмцэхэд олон нийтийн биеийн тамир, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах нь залуу хүмүүсийн дунд урд өмнөхөөс илүү чухал болж байна. Тийм ч учраас Олон улсын жүдо бөхийн холбоо хариуцлагаа ухамсарлан “Хүүхдүүдэд зориулсан жүдо” гэсэн хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж эхлүүлжээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдэд жүдо бөхийг таниулах, жүдогоор хичээллэснээр зөвхөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээд зогсохгүй нийгэмд эзлэх байр суурь, боловсролын түвшингээ дээшлүүлэх, эрүүл амьдрахад тустай гэдгийг ойлгуулахад оршино.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Хүүхдүүдэд зориулсан жүдо” хөтөлбөрийн дээрх санааг бүрэн дэмжин уг хөтөлбөрийн эхний үе шатыг ОУЖБХ-той хамтран энэ оны сүүлчээр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэрээр “Монгол Улсад биеийн тамираар улам их хичээллэх, хичээллэхдээ нийгэм, боловсролын асуудлыг уялдуулах нь нэн чухал байгаа юм” гэв. Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй хийсэн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд Монгол Улсад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх үндэс суурь тавигдсаныг дурдаад ОУЖБХ энэхүү хөтөлбөрөө Монголд хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн ОУЖБХ-ны олон жилийн дадлага туршлага, ноу-хаун дээр түшиглэн тус хөтөлбөрийг Монголд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэйгээ цохон тэмдэглэсэн юм.
Мөн дээрх хоёр хоногийн айлчлалын үеэр дасгалжуулагчдын давтан сургалт зохион байгуулж, 60 орчим дасгалжуулагч хамрагдлаа. “Хүүхдүүдэд зориулсан жүдо” хорооны тэргүүн Зигги Табачник “Хүүхдүүдэд зориулсан жүдо” хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр тус хөтөлбөрийг зөвхөн аливаа нэгэн спортыг сурталчлах хөдөлгөөн хэмээн харж болохгүйг хэлээд өсвөр насныхны цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг уриалсан хөдөлгөөн гэж харах хэрэгтэй гэсэн юм.
Мэдээж, уг хөтөлбөрт хүүхэд залуучууд олноор хамрагдсанаар жүдогийн хөгжилд ач тустай. Дэлхийн хэмжээний жүдоч болох нь 6-12 насанд нь тэр болгон илэрч харагдахгүй Ур чадвар арай хойно илэрдэг спорт хэмээн ойлгож болно. Сургалтын төгсгөлд оролцогч болгонд сертификат олгосон бөгөөд ОУЖБХ-ноос энэ оны эхээр олгосон хүүхдийн жүдогийн хослолыг гардууллаа.