Эрчим хүчний салбарын чанарын удирдлагыг дэд бүтцийн хүрээнд хөгжүүлэх ажилд манай улс германчуудтай хамтрахаар боллоо. ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайдын орлогч К.Вэнделбэргер ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар дээрх ажлыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэжээ. Мөн төсөлд хамтрах Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Т.Энхтайван гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
Дээрх төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлт болон хэмжил зүйн лабораторуудын үйл ажиллагааг олон улсын шаардлагад нийцүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх ажил хэрэгжих ажээ. 2013 оны нэгдүгээр сараас эхлэн “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн уулзалт хийсэн байна. Мөн талууд гэрээнд тусгасан асуудлын хүрээнд сургалт семинар зохион байгуулжээ. Урьд нь Монгол, Герман орны хооронд ашигт малтмалын тогтвортой менежмент, эрчим хүчний үр ашгийг дэмжихэд хамтран ажиллахаар Засгийн газрын төвшинд хэлэлцэн тохирсон удаатай. Төслийн үйл ажиллагаа тун удахгүй үр дүнд хүрэх юм.