Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жишиг үнэ дагасан жижиг улс төр


Сайн зүйлийг сааруулах садаа мундахгүй, амь бөхтэй оршсоор. Төдий хэрээр сайхан үйл хэрэг хэрэгжүүлж эхлэх нь хэчнээн хэцүү гэдгийг тодотгоно. Гэвч хийж чадахгүй, мэдлэггүй, хөрөнгөгүйн хэцүү биш хэл ам, хэрүүл тэмцлээр ажлын эрч сулруулахын хэцүүг онцолж буй юм. Өрх бүрт орон сууц олгох боломжтой хөтөлбөр энэ долоо хоногт шан татан эхэллээ. Төслийн тухай яриа гарч эхлэхэд л өөнтөглөхүйн мастерууд өчнөөн олон аргументаар нийгэмд мэдээлэл цацав. Мэдлэгтэй, мэргэжлийн, магистраас дээш эрдмийн зэрэгтэй гэх цол гуншингаар түрий барьж тийнхүү олон нийт рүү уулгалахыг үзвээс харуусал төрнө. Зарим үед мэддэг гэсэн сүрээрээ далайлгаж мэдлэггүй эгэл ардынхаа дунд бужигнаан үүсгэх нь биед зугаатай, сэтгэлд таашаалтай санагддаг биз гэх бодол зурсхийнэ. Мэргэжлийнхэн тэгж хэллээ гэж тодотгосон баримтад нийгмийн олонх нь шууд итгэдэг гэдгийг мэргэжлийнхэн тогтоосон байдаг хойно.

Мөнгөө хураасаар 20 жилийн хойно сая орон сууцтай болдог байсан нь түүх болж иргэд сонгосон байрныхаа урьдчилгааг төлөөд л нүүгээд орчихдог зээлийн тогтолцоо бодит утгаараа Монголд суурьшлаа. Гэвч цаг үе нь улс төрийн сонгуультай давхацсаныг улс төрч, өөнтөглөгчид үмхэж аваад байна. Хоёр чухал үйл явдлын давхацлыг олзлон авагсад жижиг улс төрөө хэрэгжүүлж эхлэв.
Жаран жил байтугай зуун дамнан тасралтгүй үр­гэл­жил­нэ гэж буй орон сууц­ны хөтөлбөрийг бүхэлд нь бүр­хэг­дүүлэх тэдний хувьд хял­бархан. Эдийн за­сагч мэргэжил­тэй, эдийн зас­гийн сур­гуульд багшилдаг эрх­мүү­дийг нэгэн дор цуглуулаад өө­­лүү­лэх нь энүүхэнд. Эдийн засгийг туйлдуулна, бондын хөрөн­гөө төсвөөс гадуур зарлаа, хариуцлагаас мултрах гэж байна, орон сууцны үнэ ханшийг өсгөнө, иргэдийн давашгүй шаардлага, шалгуур тогтоолоо гэхчлэн үгэн сумнууд шунгиналдаж эхэллээ. Хамгийн хорлонтой нь энэ үг иргэдийг “онохдоо” амин тус газар нь буюу шууд итгүүлж чадаж буй юм. Саяхан тэд “Хөтөлбөрт жишиг үнэ тогтоогоогүй нь хамгийн буруу” гэх мессеж галын шугамаас хөдөлгөв. Орон сууцны ам.метрийн ханшийг хязгаарлахгүй бол орон сууцны үнэ ханш алхам алхмаар биш автомашины хурдаар нисч одох гэнэ. Ахиад байр авах хүн олдохоо байж, эдийн засагт хүнд цохилт болоод, бараг л Монгол орон дампуурахдаа тулах бололтой. Үнэндээ орон сууцны зах зээлд үнийн жишиг гаргах шаардлагагүй. Хэд хэдэн шалтгаанаар түүнээс татгалзах учиртай юм.

Чанар-аюулгүйн баталгаа суларна

Иргэдэд зээл олгохдоо ам.метр талбайн үнийг 1.2 сая төгрөгөөр хатуу тогтоолоо гэж үзье. Мэдээж бага, дунд орлоготой иргэдэд тохирсон боломжийн үнэ. Ам.метр тал­байн өртөгт цемент, арматур, ажилтны хөлс, ашигласан технологийн зардал, хүлээлт, зах зээлийн өрсөлдөөн, зээл, инфляц, барилгачдын ашиг зэрэг олон зүйл тооцогдон шингэдэг. Бүгдээрээ нийлээд бидний жишгээс 300-400 мянган төгрөгөөр илүү гарчихвал яах билээ. Барилгачид, хувийн компаниуд буян үйлдэх бус ашиг олж, амьдралаа залгуулахын төлөө ажилладаг. Бусдын хоолыг булааж, жишиг үнээ барьж алдагдал хүлээ хэмээн тулган шаардах эрх хэнд ч үгүй. Гэлээ ч компаниуд жишиг үнээс ч ашиг олж чаддаг. Яаж. Хамгийн хөнгөхөн, хямдхан барилгын материалаар яг өнөөдрийнх шиг орон сууц босгох ажиллагааг эхлүүлнэ. Харахад гоё, хүрэхэд хямд. Нэгэнт бага орлоготой иргэдийн хүсээд буй үнээр, орон сууц гэх нэртэй барилга босчихсон тул бүгдээрээ нүүгээд л орчихно. Яг энэ үед газар хөдөлж, гамшиг нүүрлэвэл, гал гарвал, галав юүлбэл хэрхэх нь тийм ч чухал биш. Ирээдүйд үнэ цэнээ хадгалж, эргүүлээд зарах боломжтой эсэхийг ч тоохгүй. Өдөр бүр асууж байдаг “Амьд явах баталгаа” гэгчээ эргэцүүлэх сөхөөгүй шинэ барилгадаа орно. Жишиг үнэ тогтоо гэх шаардлага нь жирийн иргэдээ байнгын сонор сэрэмж, бэлэн байдал, түгшүүр рүү түлх гэсэн үг ажээ.

Муу нь завшиж, сайн нь сөхөрнө

Түүнчлэн үнийг хэдэн ч төгрөгөөр тогтоосон барилгач­дад, өрсөлдөөнд шууд нө­лөөл­нө. Өнгөрсөн оны 100 мянган орон сууцны хөтөлбөрт 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно гэх хязгаарлал тавьсан. Унтаад сэрэхэд л 40 сая төгрөгийн нэг өрөө байр 50-60 сая хүрчихсэн. Бодит ханш тийнхүү “боссон” хэрэг. Улс төрийн зорилготой жишиг үнийн мөрөөр иргэдийн халааснаас гарах 50 төгрөг 80 болж өсөх аюултай. Нөгөөтэйгүүр сайхан орчинтой, эрүүл, цэвэр агаартай, өндөр чанарын цемент, арматур, дулаалга болон дэд бүтцийн технологи шингээсэн орон сууцны эрэлтэд саад учруулна. Чансаагаа дагасан өндөр үнэтэй байрны эрэлт тодорхой хэмжээгээр буурах юм. Эсвэл зах зээлийн ханшаа дагаж улам нэмэгдэж, мөн л борлуулалт саарах эрсдэлтэй.

Далд хуйвалдаан, хууль бус тохироо үүсгэнэ

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт жишиг үнэ тогтоож үзсэн байдаг. Хөтөлбөр хэрэгжүүлэгч ам.метрийн үнийг 600 мянган төгрөгөөр зааглалаа. 4000 мянган хүн хамрагдах хязгаартай хөтөлбөрийн цаагуур бусдаас нуусан харилцаа, тохиролцоо үүссэн гэдэг. Орон сууц хомсхон ч зээл авах сайхан нөхцөл зарласан учраас барилгачид иргэдийг шахаж шавдуулаад эхэлжээ. “Одоо ав, үгүй бол дараагийн төрийн албан хаагчид өгчихнө шүү...” гэж иргэдэд байраа тулгаж, зөвшөөрүүлсэн. Тэд банкнаас зээл авах гэрээгээ 600 мянгаар жишиглэсэн хэрнээ далдуур ам.метрийг сая төгрөг хүртэл өсгөж борлуулсан нь бий гэнэ. Жишиг үнээс далдуур энэ мэт завхрал хавчуулагддаг байх нь.

Ер нь, чөлөөт зах зээл дээрх үнийг хатуу тогтоож, барих боломжгүй. Эс тэгвэл чөлөөт гэх тодотголоо алдчихна. Харин нийлүүлэлт, эрэлтийн харьцааг механизм болгон ашиглаж үнэд нөлөөлөх боломжтой гэж Монголбанк тайлбарлаж бай­гаа юм. Худлаа гэвэл үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг нь хайж олоод харж болно шүү дээ. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах, Өргөн хэрэг­лээ­ний импортын бараа, бүтээг­дэхүү­ний өртөг бууруулах дэд хөтөлбөр хэрэгжиж, одоогоор инфляц 8.4 хувьтай байгаа. Энэ цаг үед Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ тогт­воржуулах хөтөлбөр ид хэрэг­жиж буй. Энэ мэтээр үнэ хан­шид нөлөөлж, эдийн засгаа эм­нэх боломжийг Монголбанк тас­ралтгүй хэрэгжүүлж байна. Түү­ний нэг нь жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээл билээ.

Жирийн халамжлуулагч жилийн дараа хэн болно гээч

Шинэ хөтөлбөрийг Монгол­банк Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа. Нэг нь улс орны хувь заяаг атгаж, нөгөө нь эх орныхоо эдийн засгийг чиглүүлнэ. Аль нэг нь үгүй бол одоогийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй, хамтран ажиллаж буй хоёр субъект. Гэтэл хөтөлбөрийг зөвхөн Зас­гийн газраар төлөөлүүлж, эрх баригч намын ааш авир, ашиг сонирхол хэмээн муш­гин харлуулж, муйхарлах хүн олон байна. Зохиомол улс төрөөс шинэ зээлээ хам­гаалж чадвал жижигхэн улс төр­­чид л гишгэх газаргүй хо­цор­но, харин зорилготой улс төрийн гороор хөтөлбөр бүдэрвэл жирийн монголчууд бүгдээрээ хохирно. Ухаанаа “борлуулсан” мэргэжлийн хү­мүү­сээр иргэнийхээ нүдийг дарж, чихийг таглаж, амыг барьж, айлгаж-сэхээрүүлэх нь тэдэнд ямар ач холбогдолтой вэ. Нийгэмд зориулагдсан хө­төл­бөрийн хүлээн авагч иргэд зээл авахаар банк руу яаран очоод 30 хувийн урьдчилгааг дуулаад уйлах шахаж байна. “Үүнийгээ багасгаач, арай багахан тогтоогооч, надад тийм мөнгө байхгүй шүү дээ” гэж Монголбанк руу утасдах хүн ч тасарсангүй. Халамж, халамж бас дахин халамж буюу бэлэнчлэл, бэлэнчлэл дахин дахин бэлэнчлэлээр олон нийт нэгэнт өвчилжээ. Энэ зуур завсарлага болгож гуталны түүхийг өгүүлсү.
Бурхан хүнийг бүтээчихээд дэлхийд буулгав. Тэр хорвоо дэлхийгээр явахад хөл нь өвдөөд хэцүү байжээ. Өргөс хатгаж, чулуунд цохиж, түлэгдэж, хөлдөөд болдоггүй гэнэ. “Эрхлэхүйн гайхамшиг” хүн гуай бүтээгч бурхандаа хандаж “Энэ муухай дэлхийн чинь гадарга намайг өвтгөөд байна. Бүгдийг нь зөөлөн торгоор бүрхэж өг” гэх санал илэрхийлжээ. Хүсэлтийн хариу ч дорхноо ирж бурхан “Хорвоог бүхэлд нь зөөлөн бөсөөр бүрэхийн оронд өчүүхэн хоёр хөлийг чинь хамгаалалттай болгох нь хялбар биз ээ” гээд гуталтай болгосон гэдэг. Өнөөдөр монголчууд эдийн засаг гэдэг бартаатай дэлхийд хөл нүцгэн газардсанаас ялгаагүй байна. Би л энэ хөтөлбөрт чинь тэнцэхгүй байна, намайг л ялгаад үлдээчихлээ гэж үглэх нь бүх ертөнцийг өөрийн хүсэлд нийцүүлэх гэсэнтэй агаар нэг юм. Яг энэ хүлээлтийн дагуу мэргэжилтэн гэх нэртэй мэдлэг, үзэл бодлоо мөнгөөр арилждаг эрдэмтэд “хүссэн” үгийг нь сонгож, хэвлэлээр хэлсээр байна. Яг л асах гэж ядах нурман дээр архи асгаж байгаа мэт.2.7 сая монгол иргэний 70 хувьд зориулагдсан, нийгмийг хамарсан хөтөлбөрийг нэг хүний амьжиргаанд нийцүүлж өөрчлөх үү, халамжинд дассан иргэн та өөрийн хүчээр амьдарч эхлэх үү гэх сонголтын өмнө ирлээ. Яах хэрэгтэй вэ. Ядууст, нийгмийн эмзэг бүлэгт зориулсан тэтгэлэг, тэтгэмж, халамж, үйлчилгээний төлөө нийгмийн даатгалаас зугатаж байсан бол түүнийгээ та хүлээн зөвшөөр. Яг одоо ажил олгогчоосоо нийгмийн даатгалтай болгохыг шаардах хэрэгтэй. Сар бүрийн тогтмол орлогыг тань албан ёсоор баталгаажуулж, бүртэх цор ганц бичиг баримт нь даатгалын дэвтэр юм.

Хэрэв таны сонгосон хоёр өрөө байрны урьдчилгаанд цуглуулсан мөнгө тань хүрэхгүй байвал томхон нэг өрөө болгож сонголтоо бууруулж болох юм. Эсвэл арай хямдхан өөр орон сууцнаас авах нөхцөл бүрдсэнийг мартаж болохгүй. Танд хуримтлал байдаггүй бол үүнийг уншиж дуусмагцаа мөнгөө хурааж эхлэхийг зөвлөе. Өдөр бүрийн хэрэгцээ, үр ашиггүй хэрэглээ, үрэлгэн байдлаа тавин хувь хязгаарлахад хэчнээн төгрөг цугларах бол, тооцож үзээрэй. Залуухан гэр бүлийн сарын цэвэр орлого нэг сая төгрөг гэж бодоход жилдээ 12 сая төгрөг байх нь. Мэдээж энэ орлогоосоо сар бүр нийгмийн даатгал төлж явснаар танай гэр бүл 12 сарын турш санхүүгийн орлогын түүхтэй болчихно. Өнөөдөр ядуу өрхөд бүртгэлтэй байж болох ч хойтон жил орон сууцны урьдчилгаатай, тогтмол орлоготой дундаж давхаргын иргэн болох боломж бий. Дундаж давхаргаас халширч, ядуу нэрэндээ дурлаж явдаг цаг үе өөрчлөгдөж байна. Харах бүртээ “Хөөх!” гэж уулга алд­даг хөгжсөн орнуудын жи­шиг хөтөлбөр монголчуудад үү­дээ нээлээ. Үнэн худал нь мэ­дэг­дэхгүй үнэ ханшаар тог­ло­сон “ухаантай” хүмүүст сай­хан амьдралын баталгаагаа сүй­рүүлэх боломжийг бүү олго. Муу үгийг үл тоон сайн амьдралын төлөө бүгдээрээ зүтгэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан