Монголын хөл бөмбөгийн холбооноос “Ахмадын цом-2013” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг тус холбооны зохион байгуулах комисс удирдаж, FIFA-гийн тоглолтын дүрмээр явуулна. Өөрөөр хэлбэл, тэмцээний хасагдах болон төгсгөлийн тоглолтуудын тооны харьцаа үндсэн цагт тэнцвэл 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулна гэсэн үг. Тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 21-нд бүртгэж, техникийн зөвлөлгөөны хурлыг 24-нд хийх аж.
Тоглолтын хуваарийг сугалаагаар шийдэх бол багийн дасгалжуулагчид тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд оролцох багууд 40-45, 46-50, 51-55, 56-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөх бол багийн бүрэлдэхүүн нь тамирчдын насны ангиллаас хамаарч өөр байх юм. Тэмцээний аварга баг шилжин явах цом, алтан медал, 300 мянган төгрөг гардана. Харин дэд байрт орсон баг мөнгөн медал 200 мянган төгрөг хүртэх бол удаах байр хүрэл медал, 100 мянган төгрөгөөр шагнуулах аж. Тэмцээн МХБХ-ны талбайд энэ сарын 27-30-ны өдөр болно.