Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зээлийн хүүгээр жигдэрсэн банкуудын нэг өдөр


Сар бүрийн орлогоосоо 45 хувийг зээлд төлж, орон сууцтай болохыг хүссэн иргэд өчигдөр арилжааны банкууд руу хошуурлаа. Арга ч үгүй биз. Нийгэмд хүлээлт үүсгэсэн болохоор. Бага үдийн нар зөөлөн ээхтэй зэрэгцэн ХАС банкны Орон сууцны зээлийн төвөөр оров. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ хэмээсэн том самбараар харилцагчдаа угтаж, гурван эдийн засагч иргэдэд мэдээлэл өгч суув. 12:00 цаг болоогүй байхад олон хүн ирж мэдээлэл аваад явсан гэнэ. Тэдний дундаас сар бүрийн орлогоосоо 45 хувийг зээлийн төлөлтөд өгөх учиртайг бүрэн ойлгоогүй хүн цөөнгүй байсан гэв. Жишээ нь, сүүлийн зургаан жил хувиараа бизнес эрхэлсэн нийгмийн даатгалаа тогтмол төлж буй нэгэн эр хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо тодор­хойлуулахыг хүссэн байна.

Өөр нэг эмэгтэй байраа сонгочихоод эргэж ирнэ гэсээр буцлаа. Тэрээр 40-50 ам.метр талбайтай, хоёр өрөө орон сууцны эрэлд мордож буй аж. Хамгийн бага хүүгээр орон сууцны зээл олгоно гэж өнгөрсөн ням гараг хүртэл сурталчилж, хоорондоо өрсөлдөж байсан арилжааны банкууд 24 цагийн өмнө хүүгээ хоёр дахин буулгалаа. Тэгвэл өндөр хүүгээр зээл авч, сард ойролцоогоор 700-800 мянган төгрөг төлж явсан иргэдэд ч шинэ хөтөлбөр ээлээ өгнө. Хүү шилжүүлэх тухай ХАС банкны Орон сууцны зээлийн төвийн захирал С.Нямсүрэн дараахь тайлбарыг хийсэн юм. “Өндөр хүүгээр зээл авсан иргэдийн гэрээнд өөрчлөлт оруулах юм. Мэдээж, хэдэн мянган харилцагчаа нэг дор шилжүүлнэ гэвэл замбараагүй байдал үүсэх тул бид тодорхой дараалал, зохион байгуулалттайгаар шилжүүлэхээр болсон” гэв. Монголбанк уг хөтөлбөрт зориулж 816 тэрбум төгрөг арилжааны банкуудад хуваарилахдаа найман хувийн хүүгээр зээл олго гэдэг даалгавар өгсөн. Үүний дагуу дээр өгүүлсэн иргэдийн 17-19 хувийн хүү шууд найман болж буураад, цаашид энэ хэмжээндээ тогтмол барих юм. Энэ хооронд хүүний зөрүү буюу 10 орчим хувийн өөрчлөлт гарах ч энэ нь арилжааны банкинд ямар ч хүндрэл, нөлөө учруулахгүй гэдгийг Монголбанк албан ёсоор мэдэгдлээ. ХАС банкны зээлийн төвийн захиралд амжилт хүсээд гарвал Худалдаа хөгжлийн банк сүрлэг ёслол үйлдэж байхтай таарав.

“Найман хувийн хүүтэй зээл” хэмээн олноо танигдсан хөтөлбөр хэрэгжүүлэх эрх авсан тус банк шинэ үйл ажиллагаандаа багагүй ач холбогдол өгчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Д.Гантөгс гээд шинэ хөтөлбөрийн “гол” хүмүүсийг нээлтдээ урьжээ. Тууз хайчлан, зуун жилдээ хэрэгжих зээлийн хөтөлбөр тус банкинд эхэлж, анхны зээлдэгчээр иргэн Д.Дашсүрэн тодорсон юм. “Гэр бүлээрээ хөдөлмөр эрхэлж байгаа учраас зээлийн жилийн найман хувийн хүү тийм ч их дарамт болохгүй. Манайх сард 400 мянган төгрөг төлөх хуваарь гараад байгаа. Анхны зээлдэгч болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Харин өндөр хүүтэй зээлээ найман хувь руу шилжүүлсэн анхны харилцагч нь Б.Ариунболд байсан юм. “Таны орон сууцны зээл найман хувь руу шилжлээ” гэсэн мессеж гар утсанд нь ирсэн гэнэ. Гэр бүлээрээ баяр хөөр болж, нээлтийн дараахан шинэчилсэн гэрээ байгуулжээ. Тэд ийнхүү зээлээ шилжүүлснээр сар бүр төлдөг зээлээс 350 мянган төгрөг хэмнэгдэж, гэр бүлийн эдийн засагт нь нэмэр болох аж.

Зээлийн төвөөр нь зочилсон дараагийн банк маань Улаанбаатар хотоор овоглосон. Шинэ хөтөлбөрийн зээл олгох асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэж эдийн засагчид хэлсэн юм. Улаанбаатар хотын банк “шинэ” зээл олгох ажлынхаа дотоод журам болон бэлтгэл ажлаа хангаж байгаа тул зээлдэгчдээ хүлээж аваагүй гэж байв. Зээл хүсэгч иргэд анхаарах шаардлагатай нэг зүйл нь байнгын харилцагч банкаа сонгох хэрэгтэй гэж ихэнх эдийн засагч зөвлөсөн юм. Жишээ нь, цалингийн, хадгаламжийн болон харилцах данстай банкаараа ипотекийн зээл авах хүсэлт гаргавал ажил бүтэхэд арай дөхөм. Учир нь, тухайн байгууллага таны хувийн мэдээлэл болон санхүүгийн түүхийг мэдэхэд төвөг учрахгүйгээс гадна, эргэлзээтэй асуудлыг тань нухацтайгаар судлах, уян хатан нөхцөл бүрдэх аж. Энэ тухай Хадгаламж банкны төв салбарын эдийн засагчид тайлбарлаж өглөө. “Санхүүгийн ноён нуруу” хэмээх тодотголтой Голомт банк хуучин ипотекийн зээлийн 30 хувийг дангаараа үүрдэг. Тэд орон нутгийн 100 салбараар иргэдэд зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Харин ХААН банкаар орвол иргэдийн бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг баталж, тодорхой мэдээлэл өгч байв. Байраа сонгоод, урьдчилгаа 30 хувиа бэлдээд, шаардлага хангаж байгаа иргэний зээлийг хэр хурдан шийдвэрлэхийг лавлахад 2-3 хоног гэж хариуллаа. Зээл хүсэгч дараахь материал яаралтай бүрдүүлэх шаардлагатай аж. Эхнэр, нөхөр болон хамтран бизнес эрхлэгч зээл эзэмших боломжтой ч бүгдээрээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Мөн нийгмийн даатгалын баталгаажуулсан дэвтэр, ажлын газраас цалингийн тодорхойлолтоо авах хэрэгтэй.

Шүүхийн шийдвэрийн ерөнхий газраас өр төлбөргүйг нотлох баримт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтоос гадна сонгосон орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээ. Гэр бүлээрээ зээл авах бол гэрлэлтийн баталгаа, бизнесийн болон хэрэглээний зээлтэй бол зээлийн гэрээ. Шинэ орон сууц худалдан авах бол захиалгын гэрээг орон сууцны улсын комисс хүлээж авсан актын хамт авч ирэх шаардлага тавьжээ. Энэ мэтээр арилжааны банкууд зээл олгох ажлаа эхлүүлж, зарим нь бэлтгэлээ хангаж дуусаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан