Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худалч М.Сономпил

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 91.4 хувийг цахилгаан станц, 0.48 хувийг дизель станц, 7.6 хувийг нь импортоор авдаг гэдэг. Энэ нь, хоёр сая гаруй хүн амтай, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж буй Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дөнгөн данган торгоож байна гэсэн үг. Үнэндээ, салбарынхны хэлснээр эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 813 мВт. Гэвч өдгөө эрчим хүчний эрэлт нь 850 мВт-д хүрч, дээрх тоо 2020 онд 1300, 2025 онд 3000 болж өсөх төлөвтэй хэмээсэн. Айл өрх битгий хэл албан байгууллага, үйлдвэрүүд цахилгааны гачаалд нэрвэгдэн амьдрал зогсох эрсдэл үүсэх нигууртай энэ байдлаас ганц гарах гарц нь дулааны тавдугаар цахилгаан станц гэж арга замаа ч тодорхойлсон.  
Үнэндээ, нийслэлчүүд цахилгааны өлсгөлөнд нэрвэгдэж мэдэх нь гэж аль 10 жилийн өмнөөс л энэ салбарынхан судалгаа, шинжилгээний үндсэн дээр тогтоон яаралтай арга хэмжээ авахыг үе үеийн сайд нартаа дуулгаж байсан. Бүр сануулж байсан гэхэд ч буруудахгүй. 2004 оноос газраа олохгүй мунгинасан сураг нь дуулдаж, алдарсан уг станцын техник судалгааг Азийн хөгжлийн банкны 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийж, байгаль орчны үнэлгээ болон ус нөөцийн тайланг гарган дуусах шатандаа явааг салбарын сайд М.Сономпил дуулгаж байв.  Бүр саяхан сэтгүүлчдэд ажлаа тайлагнах хэвлэлийн хурлын үеэр “Ургах наран хорооллын урд Хөлийн голын хөндий гэдэг газарт тав дахь эх үүсвэрийг барихаар болж, байгаль орчны үнэлгээ хийж өгөхийг БОНХЯ-нд хүсэлтээ өгсөн. Одоо тэр ч болохгүй, энэ ч таарахгүй нь гэж шилж сонгож байх цаг алга. Тавдугаар цахилгаан станцыг хурдан барихгүй бол Улаанбаатар хот эрчим хүчний гачаалд нэрвэгдэх нь. БОНХЯ-ныхан ч байгаль орчны үнэлгээгээ хурдан гаргаж өгнө байх аа” хэмээн өнгөрсөн тавдугаар сарын эхээр мэдэгдсэн.
Гэтэл нийслэлчүүдийн нүдээ ширгэтэл харж буй байгаль орчны үнэлгээг нь яагаад өнөөг хүртэл гаргаж өгөхгүй байгааг БОНХЯ-ны олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодруулбал “Өнгөрсөн тавдугаар  сарын 9-нд Эрчим хүчний сайд М.Сономпилээс дулааны тавдугаар цахилгаан станцын байршил газар дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх тухай албан тоотыг тухайн газрын зураглал, солбилцлын цэгийн хамт манай яаманд ирүүлсэн. Гэхдээ “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.3-т зааснаар  байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхэд шаардагдах баталгаажсан ТЭЗҮ, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлэн ирүүлээгүй. Дээрх  материалыг бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх боломжгүй юм. Тиймээс байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх ажил хойшлогдоод байна” гэлээ.

Тэгэхээр сүртэйхэн зарлагдаад мартагдах шахсан тавдугаар цахилгаан станцын байгаль орчны үнэлгээ хийлгэх хүсэлт албан ёсоор БОНХЯ-нд очоогүй болж таарах нь. Уг нь, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх үүргээ гүйцэтгэхээр сайдыг зорьсон сэтгүүлчдэд тэрээр “Байгаль орчны үнэлгээ хийлгэх материалаа БОНХЯ-нд өгчихсөн. Өнөөг хүртэл гаргаж өгдөггүй. Та бүхэн тус яамнаас л сайн асуугаад өгөөрэй” хэмээн үдсэн сэн. Гэтэл мэдлэггүйгээсээ юу эсвэл яршиг түвэгтэй юм хэмээн үзсэн үү хэдэн сар сэтгүүлчдийг нааш цааш гүйлгэж, чулуу хөөлгөсөн болж таарах нь. Гэхдээ бүр жишим ч үгүй худлаа ярьдаг болж шүү.
Магадгүй, нийслэлчүүдийг халуун хоолтой байх эсэхийг толгойгоороо хариуцаж буй тэрээр нөр их ажлынхаа ачаалалд дарагдан шаардлагатай бичиг баримтыг нь мартсан байж болох. Эсвэл  үнэлгээ хийхэд шаардлагатай бичгийг нь мэдсэнгүй юу. Ямартай ч, ТЭЗҮ болон бусад материал нь бүрдсэн тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хуулийн дагуу ажлын 14 хоног хийж дүгнэлтээ гаргадаг. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх эрх нь үүсдэг байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй сайдаас болж нийслэлчүүдэд хүлээлт үүсгэсэн ТЭЦ-5- ын  байгаль орчны үнэлгээ бас л оройтож мэдэх нь.  Уг нь, ТЭЦ-5 нь нийт 820 МВт цахилгаан, 1101 Гкал/цаг дулаан гаргах хүчин чадалтай, эхний ээлж нь 2015, хоёр дахь ээлж нь 2020 онд ашиглалтад орохоор тооцож байсан. Гэвч анхнаасаа л уг станцын судалгаа шинжилгээ цаашлаад газрын  асуудал нь барцадтай эхэлсэн нь буруу өдөр эхэлсэнтэй холбоотой юу. Тийм бол Гандан хүрээгээр орж,  ажил хурдан бүтээх ном уншуулмаар юм даа, М.Сономпил сайд аа. Тэгвэл ядаж бусдын өмнө бүлтэгнэн худал хэлэх шаардлагагүй болно, станцын ажил ч хурдан урагшлах юм бил үү.
Өнөөдөр Улаанбаатарт бүтээн байгуулалт өрнөн, олон арван барилга байшин дулаан, цахилгаанаа хүлээн сүндэрлэж буй. Гэтэл амин тэжээл болох цахилгаан нийлүүлэх тав дахь эх үүсвэр нь хоёр яамны хооронд шидэлцэх цаасан дээр мөнхрөх нь. Сэтгэл, зүрх гарган нийслэлчүүдийн хоёр дахь мөрөөдөл болох гэж буй ТЭЦ-5-ыг барьж өгөөч...

Т.Баяр

0 Сэтгэгдэл
ulaan abilagchin, xulgaich daa, chono boroonoor gegcheer bolobsrol gej unendee l baixgui xun..
Хамгийн их уншсан