Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд бөхчүүд бэлтгэлээ хангаж, уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, харваачид нумаа хөвчлөн татаж Монгол Улс эрийн гурван наадмаар амьсгалж байна. Үндэсний их баяр наадмын салхийг жил бүр сур харваачид хагалдаг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын спортын мастер Д.Эрдэнэзуутай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Бэлтгэл сургуулилтаа хэр базааж байна вэ?
-Сурчид баяр наадмын үндсэн их бэлтгэлд хараахан гараагүй байна. Гэхдээ цуврал харваанууд болж байгаа учраас бэлтгэлээ базааж байна гэсэн үг.
-Таны бодлоор харваачдын энэ жилийн чансаа хэр байх бол. Мөн наадмыг хэн өнгөлнө хэмээн харж байна вэ?
-Наадмын түрүү бөхтэй адил тэр бөх бэлтгэлээ сайн хангасан байна гэж хэлж болдоггүй. Харваачид хэн ухаантай, цэцтэй, нум хэрэглэлээ сайн тааруулсан наадмын одтой аавын хүү л төрүүлнэ дээ. Намайг анх харваж байхад Үндэсний баяр наадамд 60-70 харваач оролцдог байсан. Одоо сурын талбайд 500 гаруй харваачид харваж, зурхайд багтахгүй болчихоод байна шүү дээ. Тэгэхээр тэр төрүүлнэ гэж нэр оноож болохгүй. Ер нь, харваачид залуужиж, мэргэчүүд олноор төрөх болсон.
-Та сурын спортод хөл тавиад хэдэн жилийг үдэж байна?
-Манай харваачдын олонхи нь удамтай харваачид байдаг. Харин миний хувьд тийм юм байхгүй. Эрийн гурван наадмыг хүндэлдэг, дээдэлдэг эр хүнийхээ хувьд аль нэг төрлөөр нь наадмын тоосонд явахсан гэдэг хүсэл мөрөөдөл байсан. Хүсэл мөрөөдөл минь харваач болгосон. Би 37 настайдаа сум тавьж эхэлсэн.
-Ер нь, удам дамжсан, хожим харваач болсон хоёрын хооронд ялгаа бий юү?
-Хэдэн жил харвахаар ялгарах ч юу байх вэ дээ. Гэхдээ хүүхэд байхаасаа харвасан хүн харвааны дэг жаяг, ёс дүрмийг илүү мэддэг болчихсон байдаг. Анх сурын талбайд ирэхэд юу ч мэдэхгүй, хүүхэд шиг л байдаг. Дээр нь, тэд нум сум хэрэгслээ хийдэг болчихсон байсан учраас удам дагасан харваачид биднийг бодвол давуу талтай.
-Нум сумны А үсэг буюу анх нум сум бариулж сургаж байсан багшийнхаа талаар ярихгүй юү?
-Сур яаж харвадаг, хэнээр заалгахаа мэдэхгүй явж байхдаа Төв аймгийн харваач, спортын дэд мастер Жамбалдорж багштай 2000 оны үед таарсан юм. Энэ хүн надад анх нум сум бариулж, зааж өгсөн багш минь. Нум сумтай ч болоод 2001 оноос харваж эхэлсэн дээ. Нум сум бариад сурын талбай дээр ирэхэд харваачид шинэ хүн гээд тусалж дэмжин, зааж өгөөд үнэхээр сайхан хүлээж авсан. Тэгээд урам ороод харваж, гурав дахь жилдээ спортын мастер болсон. Түүнээс хойш нэлээд олон жил харвачихлаа.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн сайхан дурсамжтай тэмцээн гэвэл?
-Олон тэмцээнд оролцож байлаа. Тэмцээн бүр л өөрийн дурсамжтай байдаг. Гэхдээ сэтгэлд хамгийн тод үлдсэн нь 2006 оны баяр наадмын дараа шилдэг 64 харваачдаар Есүнхэй харваа харвуулсан. Шөвгийн дөрөвт үлдэж гуравдугаар байрт орж байсан. Есүнхэй харваа нь их онцлогтой. Үзэгчдэд ойлгомжтой, нээлттэй, богино хугацаанд өрсөлдөөнтэй, ямар ч маргаангүй болдог. Тодруулбал, хоёр харваач найман сумаар халз өрсөлдөж илүү оносон нь даваа ахиж, бага оноо авсан нь хасагддаг. Нэг, дөрвийн даваанд оноолтоороо бусад үед улсын мэргэн цолтонгууд, мастерууд эрэмбээрээ ам авах байдлаар зохион байгуулдаг юм.
-Харваачид нум сумаа хаанаас авдаг юм бэ. Манайд үйлдвэр байдаггүй байх?
-Тийм ээ. Манайд нум сумны үйлдвэр гэж байдаггүй. Улсын хэмжээнд зургаан хүн хийдэг ч, хаанаа ч хүрдэггүй. Гэтэл харвааны дүрэмд Монголд үйлдвэрлэсэн үндэсний нум сумаар харвана гэж заасан байдаг. Гол харваанд ч оруулдаггүй. Хэрэв оруулбал үндэсний гэдэг утгаа алдана л даа. Сурын харваа уртаашаа ухаан, өргөшөө бяр шаарддаг. Тавьсан сум буудсан шиг очоод онохгүй. Салхи, агаарын байдал бүгд нөлөөлж байдаг сонин шүү дээ.
-Анх харваж байхдаа олон нум сум эвдэж байсан уу?
-Одоо надад таван нум бий. Нум тэгж хаягддаг эд биш. Зарим нумыг их халуунд, заримыг нь хавар, намрын сэрүүн цагт барьдаг. Бололцоотой хүнд хэдэн ч нум байж болно.
-Шинэ нуманд дасах тийм ч амар биш байдаг байх. Ер нь, байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг учраас хадгалалт хүнд байдаг гэсэн?
-Ихэнх нь өөрийн биед таарсан нум болохоор гайгүй. Ганц нумаар харваж байхад эвдрэхийг үгүй гэх газаргүй. Хэт халуун байвал амархан зөөлрөхөөргүй хатуу нум хэрэгтэй шүү дээ. Тиймээс л би хэдэн ч нумтай байж болно гэж боддог. Хадгалалтын хувьд хотод амьдардаг болохоор хотын нөхцөлд нум сумаа хадгалдаг. Дээр үеийнх шиг чийгтэй өтөг бууцанд хөлдөөж хадгалах арга одоогийн нөхцөлд байхгүй л дээ. Тиймээс хэт халуун биш, хэт хасах хэмд биш хэвийн нөхцөлд өрөөнд л хадгалдаг. Мурийж хазайлгахгүйн тулд тавих тавиур, өлгөх өлгүүрийг зөв сонгох ёстой. Олон сар гар хүрэхгүй байж болохгүй учраас сар юм уу, 14 хоноод хөвчилж эвшээлгэдэг.
-Харваач бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны хувьд?
-Анх Жамбалдорж багшийнхаа арга барилаар харваж эхэлсэн. Харвах явцад хүн болгон хэлж өгнө, засахыг бодно. Ихэнхдээ Болдбаатар бид хоёр бэлтгэл сургуулилт байнга хамт хийдэг байсан. Бид энэ спортод хамт хөл тавьсан нэг багийнхан. Сураар хичээллэхийн өмнө бүр хүүхэд байхын найзууд. Болдбаатар, Ганбаа нарынхаа зөвлөснөөр нэлээн техник сурсан. Мэдээж, сайн харваачдын арга барилыг хардаг юм. Сурын харваа буудлага шиг тийм, ийм гээд хэлчих нарийн нандин техниктэй биш. Тухайн өдөр хүний биеийн байдал, нар салхи ямар байх вэ гэдгээс их шалтгаалдаг. Хэчнээн олон жил харвачихсан хашир мэргэчүүл, мастерууд ч харвааных нь техник нэг өдөр алдагдана. Нар салхи, агаартай байлддаг спорт учраас өдөр болгон техникээ тооцоолох ёстой.
-Надад сурын спортын хөгжил арай хоцроод байгаа юм шиг санагддаг. Ядаж л харвах талбай нэмж барихгүй байна шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хамгийн түрүүнд, бидэнд талбай, газрын асуудал гэдэг том асуудал байдаг. Намар баяр наадмын хаалтаа хийгээд л таг мартчихдаг. Ганцхан улсын баяраар харваж байгаадаа сэтгэл ханаад суух биш, гадаад, дотоодын жуулчдад бүх төрлийн харваагаа янз бүрийн шоу хэлбэрээр хийж үзүүлж, харуулах хэрэгтэй. Нэг үе наадмын дараа дүүжин харваа гэж бооцоотой сайхан харваа зохион байгуулсан. Дараа нь, түнх харваа гэж боллоо. Сумъяасүхийн санаачилсан “Есүнхэй-335” боломжийн харваа шиг санагдсан. Энэ харваа олонд хүртээл болж чадах харваа гэж боддог.
-Сүүлийн үед харваачид залуужиж байгаа гэсэн. Энэ спортоор хичээллэхийн ач холбогдлын тухай хэлж өгөөч?
-Залуус, хүүхдүүд тархи толгойгоо мансууруулаад ядаргаанд ортол компьютер тоглохын оронд сур харваагаар хичээллэбэл хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, байгальдаа илүү ойртох болно. Чийрэгжүүлэлтийн дасгал бүрэн хийлээ гэсэн үг. Харваачид дунд 92 настай ахмад хүртэл бий. Улсад дөрөв төрүүлсэн. Гэтэл энэ насны зарим хөгшин таяг тулаад явж байхад тэр хүнд ясны сийрэгжилт, хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчин гэж алга. Энэ бол сурын спортоор хичээллэсний л ач тус.