Андрей Дмитриевич Симуков одоогоос 111 жилийн тэртээ мэндэлжээ. Эрдэмт хүн А.Д.Симуков Монголын төлөө ажиллаж амьдарсан ч харамсалтайгаар хэлмэгдэн амь үрэгдсэн юм. Түүний охин Н.А.Симукова нялх багадаа хагацсан эцгийнхээ талаар бичсэнийг Шарайд С. Батбилиг хэвлэлд бэлтгэн орчуулжээ. Энд С.Батбилигийн орчуулгаас түүвэрлэн ихэд товчлов.
Андрей Дмитриевич Симуков нь 1902 оны дөрөвдүгээр сарын 29-нд Петербург хотноо төржээ. Түүний эцэг, Белоруссын хөдөө тосгоноос гаралтай Дмитрий Андреевич Симуков /1862-1922/ нь Петербургийн их сургуулийн түүх, хэл бичгийн факультетыг дүүргээд Сангийн яаманд ажиллаж байжээ. Эх Наталья Яковлевна Симукова Петербург хотноо эмчийн гэр бүлд төрж Бестужевын гэгдэх Эмэгтэйчүүдийн дээд курс дүүргээд хэлний багшаар ажиллаж байжээ. Симуковынх гурван хүүхэдтэйн том нь Андрей юм.
Хожмын амьдралын замналдаа тэрбээр ихэд идэвхийлэн, хичээнгүйлэн бэлтгэж байсны жишээ гэвэл 12-13 настайдаа планшетын энгийн зураглал, ургамлын хатаамлын хийгээд шавж судлалын цуглуулгын арга техникийг хэдийнээ сурчихсан, Петроград хавийн бүх жигүүртэн шувууг андахгүй болсон байжээ. Бие сэтгэлээ хатуужуулж, аян замын хатуу бэрхэд биеэ бэлдэх гэж тэрбээр спортоор хичээллэж бойскаутын эгнээнд ч элсэн оржээ. 1917 оны зун цагаар Андрей тэдэнтэй хээрийн ажлаар Украин руу явсан байдаг.
Түүнээс хойших замналаа Андрей Дмитриевич дурсан: “Элдэв учир шалтгаанаар ажил, амьдралын замнал минь өөр зүгт хандсан юм” гэж бичсэн нь Орос орон дахь Октябрийн хувьсгал, түүнээс хойших Иргэний дайн, өлсгөлөн, үгүйрэл хоосрол зэргийг хэлсэн юмсанж. Симуковынх Оросын тэр олон айл өрхийн адилаар л үгүйрч хоосорсон гэдэг. Аав маань ажилгүй болж, ээжийн маань жаахан хуримтлалаар амь зогооцгоож байжээ.
1923 оны хаврын түрүүчээр Андрей Симуковын замналыг эрс өөрчлөх үйл явдал болсон нь П.К. Козлов хэмээх хүний лекцийн тухай зар сониноос олж уншаад, нэрт жуулчин Монгол-Түвдийн хээрийн хайгуулын анги зохион байгуулж явах гэж буйг мэджээ. Андрей лекцэнд нь яаравчлан очсон нь мэдээж бөгөөд ажилтан хэрэгтэй байгааг нь дуулмагц өргөдлөө өгчээ. Өргөдөл гаргасан хэдэн зуун хүнээс гурвыг л авсны нэг нь Андрей Симуков байв. Монголд, Монголын төлөө ажиллаж эхэлснээ А.Д.Симуков: “Анх 1923 оны есдүгээр сарын 26-ны өдөр, СССР-ийн Ардын Комиссариатын газраас санаачлан санхүүжүүлж П.К. Козловын удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн хээрийн хайгуулын ангийн бүрэлдэхүүнд Монгол Улсын хилийн дээсээр хөл тавьж билээ” хэмээн дурссан байдаг. Техникийн дээд сургуулийн хоёрдугаар дамжаа дүүргээд байсан Симуков дөнгөж 21 настай байжээ.
1926 оны хоёрдугаар сард Симуков ахархан хугацаагаар Москвад ирж Москвагийн их сургуулийн химийн факультетын оюутан охин Алексеенко Милятай гэр бүл болж. Тэр сардаа багтан Симуков хээрийн шинжилгээний ажилдаа эргэн иржээ. Хээрийн шинжилгээний ажил дуусахад 1926 оны намраа Андрей Дмитриевич Симуковыг Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээний Жамсран авхай тус хүрээлэнд ажиллахаар урьжээ.
Ээждээ бичсэн нэгэн захидалдаа Андрей: “Монголд очих л юм бол би эргэж мөд ирэхгүй, тэр тухай бодохын ч хэрэггүй гэж би мэдээд байсан юм” гэж бичиж байжээ.1927 оны нэгдүгээр сараас 24 настай Андрей Симуков Судар бичгийн хүрээлэнгийн музей, зурагзүйн тасгийн даргаар томилогдон ажиллах болж, хуучин Богдын ордонд музей нээхийг даалгасан ёсоор 1927 оны зун гэхэд тэр ажлаа биелүүлсэн ажээ.1927 оноос 1939 оны хооронд А.Д. Симуков хээрийн шинжилгээний 15 томоохон анги, өчнөөн олон аяллын удирдагч, гишүүнээр ажилласан байгаа юм. Монголын нутгаар нийтдээ 70 мянган км хөндлөн гулд аялсан байх юм. 1936 он хүртэлх хээрийн шинжилгээний ангийн ажлын тойм, үр дүнг тэрбээр хоёр томоохон бүтээлдээ нэгтгэн бичсэн ажээ.
А.Д.Симуков анх удаа Монголын, тэр дундаа Хангай, Говийн нутгийн физик-газарзүйн судалгаа хийж газрын зураг дээр анх удаа хэд хэдэн уул нурууг /Монголын Тяньшань уулын отрог буюу хаяа уулс/ тэмдэглэн буулгаж, Монгол нутгийн байгалийн үндсэн бүсүүд, тэдгээрийн хэвтээ босоо шугамын хувиралтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал, амьтныг цогц байдлаар илрүүлэн, ургамал, томоохон хөхтөн амьтны тархац зэргийн газрын зураг гаргасан байна. А.Д.Симуков анх Монголын физик-газарзүйн бүсчлэлийг санал болгосон ажээ. Тэрээр газар зүйн ландшафт нь хүний үйл ажиллагааны талбар тул түүний элементүүдийг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзэж 1930-аад оноос эдийн засгийн газарзүйн асуудлуудад анхаарлаа хандуулах болжээ. Энэ үед А.Д. Симуков Монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж бүтэц, шим тэжээлийг нь газарзүйн байрлалтай нь уялдуулан авч үзсэн байна. А.Д. Симуков Монголын хангай говь нутгийн нүүдлийн хэв маягийг анх удаа илрүүлэн ангилж мал аж ахуй эрхлэх арга барилыг задлан шинжилсэн билээ.
Ийм их хэмжээний хээрийн шинжилгээний ажил гүйцэтгэж чадсан нь дан ганц түүний хичээл зүтгэл, хөдөлмөрч зан, ажилтнуудын ур чадвараас гадна нутгийн ард олны дэмжлэг туслалцаа, Симуков өөрөө тэдний дунд тун ч нэр хүндтэй байсных бизээ. Хэл усыг нь сайн мэдэх нь түүнд их дэм болсноос гадна тайван уужим сэтгэл, нийцтэй алиа хошин зан араншин нь туслахаас гадна Монгол нутгийн хаа ч явсан Симуков хүн ардад хүндтэй хандах нь хүн зоны сэтгэлийг өөрт нь татдаг байжээ. Хамгийн гол нь Симуков Монголд үнэн голоосоо элэгтэй, ард олны дунд орж амьдарч чаддаг, хүмүүсийн зовлон жаргалыг сайн мэдэж мэдэрдэг, тэдний төлөө л ажиллаж амьдарч байжээ. Түүнийг хаа ч явсан өөрийн дотнын хүн мэт угтаж, зөвлөлдөж, гэрийн найр наадамд урьж байсан гэдэг. Улаанбаатар дахь түүний гэр орноор хөдөөнийхөн байнга буудаллаж “Шар, өндөр Дамдинсүрэн” гэдэг байж. 1928 оны хавар төрсөн хүүдээ Алтай гэсэн нэр өгч, охиноо Говь гэж нэрлэх гэсэн боловч эхнэр нь Андрей Дмитриевичийн ээжийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Наталья гэх болсон юм.
1934 онд “БНМАУ-ын газарзүйн атлас” бүтээлээ Симуков орос, монгол хэлээр эмхэтгэн гаргасан нь нийтдээ 18 газрын зураг, картограммтай байжээ. Үүнд, улс орны байгалийн шинж байдал, засаг захиргааны байгуулал, угсаатны зүйн газрын зураг, хүн амын тоо нягтралыг аймаг бүсээр нь тусгаж таван хошуу мал түс бүрээр нь мал аж ахуйн төлөв байдлыг тодорхойлсон байна. Уг атлас нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон юм. Мөн ондоо А.Д.Симуков Монгол орны байгаль, хүн ам, аж ахуйн тухай бүрэн цогц мэдээлэл бүхий “БНМАУ-ын газарзүйн найруулал”-аа эмхэтгэн гаргаж, түүнийгээ хураангуйлан сурах бичиг болгож хоёуланг нь монголоор орчуулжээ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газар Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэсэг ажилтныг төрийн одон медалиар шагнахад А.Д.Симуковын нөр их хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг. Тэр ондоо буюу А.Д. Симуковын хэлсэнчлэн “Шинжлэх ухааны хүрээлэнд ажилласан аравдахь бөгөөд сүүлчийн жилдээ ” Монголд он удаан жил ажиллаж туурвисан эрдэм номын бүтээлүүдийнхээ дийлэнхийг ашиглах, хэвлэхэд бэлэн болгон Шинжлэх ухааны хүрээлэн, СССР-ийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгөхөд бэлтгэжээ.
1939 оны есдүгээр сарын 19-ний өдөр 37 настай А.Д. Симуковыг СССР-ийн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрынхан Улаанбаатараас дайчлан баривчилж “ЗСБНХАУ-ын Эрүүгийн хуулийн 58-1-ийн а-гаар, буюу гадаадын тагнуулын байгууллагад элссэн” гэх боловч “хэргээ хүлээгээгүй, гэм бурууг нь шууд нотлох зүйл олдсонгүй” ажээ. 1940 оны дөрөвдүгээр сарын 22-нд түүнийг Улаанбаатараас тусгайлан харгалзуулж, Улаан-Үдийн шоронд хүргүүлжээ. 1941 оны хоёрдугаар сарын эхээр А.Д.Симуковыг Новосибирск, Архангельскаар өртөөлүүлэн Коми АССР-ийн Печорын хорих лагерьт хүргүүлсэн бөгөөд албан ёсоор мэдэгдсэнээр бол 1942 оны дөрөвдүгээр сарын 15-нд “зүрхний өвчнөөр” нас барсан гэх.
Харин 1941 оны дөрөвдүгээр сарын 24-нд аав минь 39 насныхаа босгон дээр амьд сэрүүн байсан нь лавтай нотолгоотой юм. Энэ өдөр аав минь, баригдсанаас хойш ар гэрийнхэндээ Архангельскээс бичсэн хоёрдахь ил захидалдаа “зүүн хойд зүгт л явж байна даа…” гэж бичсэн нь сүүлчийнх нь байжээ…Түүнээс хойш хоёрхон сар болоод эх орны их дайн эхэлсэн...” –гэж бичсэн байдаг юм... 1956 оны арванхоёрдугаар сард, “хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж А.Д. Симуковыг бүрэн цагаатгасан билээ.
А.Д. Симуковын Монголд олон жил ажиллаж туурвисан бүтээлүүдээс нь амьд сэрүүнд нь “БНМАУ-ын газарзүйн атлас” Улаанбаатарт 1934 онд, Монголд “Симуковын ногоон” гэж олноо алдаршсан “БНМАУ-ын ерөнхий газрын зураг” Улаанбаатарт 1937 онд , “Монголын аж ахуй”, “Орчин цагийн Монгол”, “Шинэ толь”, “Монголын үндэсний соёлын зам” сэтгүүлд 30-аад эрдэм шинжилгээний өгүүллэг нь нийтлэгдсэн байдаг .
А.Д. Симуковын хэвлэлд бэлтгэж байсан зарим зохиол бүтээл нь одоо хэр архивт олдохгүй байгаа ба тухайлбал: “БНМАУ-ын говийн газарзүйн найруулал”, “Хангайн төв нутгийн газарзүй”, “БНМАУ-ын хураангуй газарзүй, 2-р хэсэг”, “1927 онд говиор аялсан шинжилгээний ангийн өдрийн тэмдэглэл”, “Монголын газрын зурагзүй”, “Хүн ам, мал сүргийн нягтшилд газарзүйн орчин нөлөөлөх тухай тэмдэглэл”, “Аргаль” найруулал болон “БНМАУ-ын сүм хийдүүд”, “БНМАУ-ын хөдөө аж ахуйн газрын зураг”, “Баруун говийн газрын зураг” зэрэг газрын зурагзүйн бүтээлүүд нь юм. Бас 1936, 1937, 1938 оны хээрийн судалгааны өдрийн тэмдэглэлүүд, 1937 онд гэхэд 75 хувийг нь бэлэн болгосон “Эдийн засгийн атлас”, газарзүйн нэр томъёо, газарзүйн нэвтэрхий тайлбар толийн хэрэглэгдэхүүн мөн адил олдоогүй билээ.