Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стелла Маккартнигийн “ногоон” ертөнц

Домог болсон эцгийнхээ нэрээр гэхээс илүүтэй дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг гэдгээрээ овоглогдож яваа Стелла Маккартни бол хувцас загварын ертөнцөд “ногоон”, “байгаль орчинд ээлтэй” гэх ойлголтын тухай дуугарч, сануулж байгаа бараг цорын ганц идэвхтэн.
Тансаг зэрэглэлийн брэнд ноёлсон барууны хувцас загварын ертөнцөд экологид ээлтэй үйлдвэрлэл, органик материалын тухай “сонин” сэдвийг хөндөж, мэргэжил нэгтнүүдийнхээ гайхширлыг барж буй энэ эмэгтэй ажлын талбар болсон загварын ордондоо ч, ахуй амьдралдаа ч ногоон байх гэж хичээдэг ажээ. 


Стеллагийн албан ёсны цахим хуудсаар нь орвол танил болсон загварын ертөнцийн хээнцэр чамин зурагтай зэрэгцэн цагаан баавгайг хамгаалцгаая, гэрлээ унтрааж, усаа хэмнэе, хэрхэн байгальдаа ээлтэй амьдрах вэ гэсэн уриа, зөвлөмж байх нь сонин.
Хамгийн сүүлийн үеийн моодтой хөл нийлүүлэн алхахыг эрхэм зорилгоо болсон ганган дэгжин бүсгүйчүүдэд гоёхын хажуугаар хэрхэн байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахыг тэр зааж байна. Загвар нь хуучирсан хувцсаа хаяхын оронд бусдад хандивла, дэлгүүр хэсэх бүртээ тор авахын оронд дахин ашигла гэх мэтээр үйлчлүүлэгчдээ ногоон соёлд сургах тэрээр гэртээ хүнсний ногоогоо тарих, хувийн машины оронд нийтийн тээвэр ашиглах гээд өөр бусад зүйлд ч санаа оноогоо нэмэрлэнэ.

Органик торго, органик даавуугаар хийсэн тансаг ганган даашинзаар Камерон Диаз, Кристен Стюарт гээд дэлхийн оддыг гоёдог Стелла ус, эрчим хүч гээд байгалийн нөөц баялгийг байж болох хэмжээгээр хэмнэхийг ажлынхаа нэг хэсэг болгож, ажилтнууддаа зориулсан гарын авлага хүртэл гаргажээ. Түүний оффис, Их Британи дахь нэрийн дэлгүүр нь 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг бол бусад орон дахь салбарт нь 45 хувиар ашигладаг гэнэ. Өнгөрсөн онд тэрээр Итали дахь үйлдвэртээ ус, цахилгааны хэрэглээг бууруулах “Clean by Design” хэмээх хөтөлбөр нэвтрүүлсний зэрэгцээ өөрсдийн хүчээр 34,3 тонн усыг дахин боловсруулж ашиглажээ. Тэд экологид ээлтэй үйл ажиллагааг ийнхүү өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхээс гадна хэрэглэгчийн гар дээр ч жинхэнэ органик бүтээгдэхүүн тавихыг хичээдэг. Өнгөрсөн онд  “Stella McCartney Kids”-ээс гаргасан хүүхдийн хувцас хэрэглэлийн 34-50 хувь нь цэвэр органик даавуугаар хийсэн байсан бол органик даавуу, дахин боловсруулсан метал ашиглаж хийсэн дотуур хувцасны шинэ загвар нь олны таашаалд тун ч нийцжээ.

Стелла Маккартни “Adidas”-тай хамтран ажилладгийг хүмүүс мэднэ. Тэгвэл тэрээр тус брэндийн 2012 оны намар, өвлийн загварт зориулан “DryDye” хэмээх богино ханцуйтай цамц гаргасан юм. Энэ хувцасны материалыг будахад огтхон ч ус ашиглаагүйгээс гадна химийн бодис, эрчим хүчийг 50 хувиар бага ашигладаг “DryDye” хэмээх шинэ технологи ашиглаж хийсэн аж.


Загварын эх орон болсон Миланд шинэ коллекцоо үзүүлэх гэж биш мод тарих гэж очдог тэрээр дэлгүүрийнхээ тавилгыг авахдаа ч нэг бол эртний хуучин эдлэл эсвэл хууль бусаар огтолсон модоор хийгээгүй гэдгийг баталсан бичигтэйг нь сонгодог.
Энэ мэтчилэн ногоон байх нь энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг ажил, амьдралаараа харуулж яваа загвар зохион бүтээгч Стелла Маккартнигийн ярилцлагыг хүргэж байна.


Энэ чинь жинхэнэ үс. Хонгор минь, энэ чинь л хамгийн сайхан нь


-Экологид ээлтэй хувцас загвар гэж таны хувьд юу вэ?
-Би он удаан жил хэрэглэх хувцасны загвар зохион бүтээдэг. Миний бүтээсэн хувцсыг хүн эдлэхээ болиод устгалаа гэхэд хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэдгийг коллекц гаргах бүртээ, хувцас нэг бүрийн загварыг гаргах тоолондоо би боддог.Гэхдээ хувцас загварын ертөнцийг экологид ээлтэй байлгана гэдэг одоо дөнгөж эхэлж буй ажил учраас бид цаашид байнга засч сайжруулж явах ёстой. Бидний гол философи бол юу ч хийхгүй байснаас бага ч гэсэн зүйл хийж, ахиулах ёстой гэдэг санаа. Өнөөдөр загвар зохион бүтээгчид ирэх улирлын загварын коллекц төдий л бодохын оронд толгойгоо эргүүлээд, арай өөр зүйл бодох хэрэгтэй байна. Хувцсаа яаж хийх, хаана үйлдвэрлэх, ямар материал сонгох вэ гээд бодох зүйл их байна.
-Та өөрийн загвартаа амьтны арьс, үс ашигладаггүйгээрээ алдартай. Уг нь, арьс үсийг тансаг хувцас эдлэлийн салшгүй нэг хэсэг мэтээр ихэнх хүн ойлгодог?
-Би хүүхэд ахуй цагаасаа л хөдөөгийн органик фермд өсч, тэр үеэс л цагаан хоолтон болсон. Гэхдээ загвар зохион бүтээхдээ амьтны арьс, үс ашиглахгүй байх зарчим маань үүнтэй холбоотой юм биш л дээ. Мэдээж, жил бүр хэдэн сая мал амьтныг хүнс тэжээлд хэрэглэж байна. Энэ бол тийм ч хүнлэг явдал биш. Гэхдээ миний хувьд амьтны арьс үсийг өөрийн загварт ашиглахгүй гэсэн нь хүнс, махны чиглэлээр мал амьтныг их хэмжээгээр өсгөн үржүүлэх нь өөрөө хүрээлэн буй орчинд асар их хор хохиролтой байдагтай холбоотой. Дэлхийн дулаарал, хөрсний шим алдагдах, агаар усны бохирдол гээд олон асуудал бэрхшээлийн нэг гол шалтгаан нь энэ шүү дээ.
-Экологид ээлтэйгээр тансаг зэрэглэлийн хувцас загвар бүтээхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Бид өөрсдөө материалаа үйлдвэрлэдэггүй учраас зах зээлд байгаа түүхий эдийг л ашиглана гэсэн үг. Гэтэл одоо зах зээлд байгаа органик материал өнгө болоод материалын төрөл зүйлийн хувьд тун сонголт муутай. Түүхий эд, материалын зах зээл маань бидний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. 100 хувь органик материалаар тансаг зэрэглэлийн хувцас загвар зохион бүтээвэл хэчнээн сайхан бэ. Гэвч ийм боломж одоогоор бидэнд алга. Одоохондоо бид ядаж л химийн хор багатай будаг ашигласан материал хэрэглэх гэж хичээж байна даа.
- Экологид ээлтэй гэсэн тодотгол зүүчихээр л нэг тийм бүдүүн баараг, загвар муутай байх юм шиг хүмүүс төсөөлдөг. Та энэ ойлголтыг яаж эвдэх вэ?
-“Эко” гэдэг үг хүмүүсийн тархинд буухдаа шууд л загвар муутай,  овор ихтэй юмуу эсвэл байгалийн өнгөтэй байх юм шиг санагддаг гэж би л хувьдаа бодохгүй байна. Миний ажил бол дээд зэрэглэлийн гоё сайхан хувцас зохион бүтээх. Хүмүүс дэлгүүрт маань ирээд чухам ямар материалаар хийснийг нь ч анзааралгүйгээр загварт нь дурлаж авахаар хэмжээд хийхийг би хүсдэг.
-Экологид ээлтэй байх гэсэн ойлголтыг дагаад “загварын ертөнцийн ёс зүй” гэдэг зүйлийг их ярих болжээ. Энэ талаар та бодлоо хуваалцахгүй юу?
-Магадгүй энэ дэлхий дээр ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйлийн талаар хамгийн сүүлд ярьж буй салбар нь хувцас загварын ертөнц байх. Яг үүнээс болоод би хүртэл загварын ертөнцийг заримдаа үзэн ядахад хүрдэг. Ёс суртахууны талаар ярихаар өнөөх дизайнерууд нь өндөр өсгийтөөсөө доошоо гайхаж ядан хараад “Түүнийг чинь чөтгөр аваг. Энэ чинь жинхэнэ үс. Хонгор минь, энэ чинь л хамгийн сайхан нь” гэж хэлдэг дээ.
-Та ажил мэргэжилдээ энэ талаар хангалттай ярьж, өөрөө хэрэгжүүлж байгаа хүн. Харин өдөр тутмын амьдралдаа байгаль орчинд ээлтэй ямар дадал зуршлыг нэвтрүүлсэн бэ?
-Би төгс хүн биш. Бусдын л адил онгоцоор аялдаг, машин унадаг. Гэхдээ дахин боловсруулж болохуйц зүйлс хэрэглэхийг эрхэмлэдэг. Байшин маань салхины эрчим хүчээр цэнэглэгддэг. Өрөөнөөсөө гарахдаа гэрлээ унтраадаг гэх мэтчилэн бага ч гэсэн хувь нэмэр болох зүйлээ хийхийг хичээдэг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан