Алтайн уулсыг тойрсон Монгол, Орос, Казахстан, Хятад орны иргэдийн дунд байгальд ээлтэй спортын их наадам зохион байгуулах гэж байна. Энэ сарын 6-ны өдөр эхлэх анхны наадмын талаар ССАЖЯ-ны мэргэжилтэн Х.Бакытжанаас тодрууллаа.
-Урьд нь болж байгаагүй спортын их наадмыг монголчууд зохион байгуулахаар болжээ. Наадмын зорилго, ач холбогдол болон онцлогийг танилцуулахгүй юу?
-Тийм ээ, зохион байгуулагчид наадмаа эко орчинд тулгуурласан спортын наадам хэлбэрээр зохион байгуулахаар ярилцаж тохирсон. Өөрөөр хэлбэл, ямар нэг спортын төрөлд зориулсан заал, танхим болон тусгай талбай шаардахгүй. Авто-ралли, морин спорт, хийлдэг завь гээд унаган байгальдаа тулгуурласан спортын төрлүүдээр оролцогчид өрсөлдөх ёстой.
-Тэмцээнд оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ, хэр олон хүн хамрагдах бол. Хэрхэн дүгнэх вэ?
-Оролцогчдын тухайд нэг улсаас хэдэн ч баг оролцож болно. Удирдамжид заасан спортын 12 төрлөөс зургаа нь тэмцээн хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд, мэргэжлийн спорт гэдэг утгаараа тодорхой шаардлага хангасан хүмүүс өрсөлдөх юм. Загасчлал, авто-мото спорт, дугуй, хаданд авирах зэрэг төрлөөр тодорхой дадлагатай тамирчдыг оролцуулна. Харин нөгөө хэсэгт, нийтийг хамарсан фестиваль болж олс таталт, явган аялал, морин аялал зэргийг багтааж байгаа. Нэг улсаас хэдэн ч баг оролцож болох хэдий ч дүн гаргахдаа хамгийн сайн үзүүлэлттэй багаар тодруулна. Жишээ нь, Монголоос 10 баг оролцоод тэдний дундаас шилдгээр шалгарсан нь дөрвөн улсын хэмжээнд шилдгийн төлөө өрсөлдөнө гэсэн үг.
-Олон улсын спортын наадамд оролцъё гэвэл хаана, яаж бүртгүүлэх, мэдээлэл авах бол хэнд хандах хэрэгтэйг уншигчдад маань хэлж өгөөч?
-Тэмцээний ерөнхий зохион байгуулагч ОХУ-ын “Бидний гэр Алтай” байгууллагын “GreatAltai.com вэб” сайтаар оролцох багуудын бүртгэлийг авч байгаа. Мэдээж хамрах хүрээ нь Алтайн бүсээр хязгаарлагдахгүй, Улаанбаатараас ч багууд оролцох боломжтой. Тэмцээн энэ сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгаас авто-ралли уралдаанаар эхэлнэ. Гараанаас гараад наашлахдаа Толбо нуурт загасчлалын уралдаан зохион байгуулах юм. Дараа нь, Ховд аймгийн чиглэлд ралли үргэлжлээд 10, 11-ний өдөр фестиваль болон бусад тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Тэмцээн зохион байгуулах санаачилга хаанаас эхлэлтэй вэ. Цаашид хэрхэн үргэлжилж, уламжлагдах юм бол?
-Баян-Өлгий аймгийн Засаг даргатай уулзахад Монголоос гадна Алтайн хязгаарт хамаарах бусад гурван орныг нэгтгэсэн хамтын ажиллагааны зөвлөл байдгийг дуулгасан. 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн ч энэ жилээс Оросын тал санаачилж Алтай уулсаа түшиж амьдардаг дөрвөн улсын дунд спорт наадам зохион байгуулъя гэсэн юм байна. Цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөснөөс анхных нь манай улсад болж байгаа. Шинжаань Уйгар, Казахстан, ОХУ гээд бусад оронд зохион байгуулахдаа болон Азийн бусад орныг хамруулж, хүрээг нь өргөтгөнө гэсэн зорилго тавьсан юм билээ.