Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Жью Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол эмэгтэй түрүүлж алтан медаль хүртлээ. АНУ-ын баруун эрэг Кальфорни мужийн Лонг Бич хотын Кальфорни их сургуулийн спорт танхимд болсон эл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3000 орчим бөх дөрвөн насны ангиллаар эрэгтэй ес, эмэгтэй долоо нийт 16 жинд хүч сорьсон юм. Аварга бие тамирийн дээд сургуулийн багш Б.Алтанзул нарын тэргүүтэй дасгалжуулагчийн удирдлагаар манай 13 бөх дэлхийн аваргын дэвжээнээ зодоглож, хоёр медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн + 100 килограммын жинд Болдпүрэвийн Сугаржаргал хүрэл, эмэгтэйчүүдийн +74 килограммын жинд Мягмарын Сугар алтан медалийн эзэн болжээ. Төв аймгийн Борнуур сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин М.Сугар 74 кг-ийн жинд хүч үзэн эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо АНУ-ын Atos клубын Tara Whate-ийг ялсан бол гуравдугаар тойрогтоо Valentina Bigman-ийг хожсон юм. Харин шигшээ барилдаандаа Канадын тамирчин Hanna Klara Benedkte Tiblingiig ялснаар аваргаллаа.