УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Манай улсын барилгын салбарын үйл ажиллагаа нь импортоос хамааралтай, улирлын шинж чанартай, ажиллах хүчин дутагдалтай, барилгын ажлын санхүүжилтийн ихэнх хувийг банкны богино, дунд хугацаатай зээлээр бүрдүүлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг зэргээс шалтгаалан олон хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг” гэдгийг онцлов.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ салбарт цөөнгүй ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Хамгийн сүүлд гэхэд л иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журмыг Засгийн газар баталсан нь олон хүний анхаарлын төвд байна.
Энэ журамд тусгаснаар барилга угсралтын ажлын 100 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад орсон болон ашиглаж байгаа 80 ам.метр хүртэл талбайтай орон сууц худалдан авахад жилийн 8±1 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай, 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй зээлийг тогтмол орлоготой, зээлийн шалгуур хангасан иргэдэд банкуудаар дамжуулан олгох юм. Иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгохтой холбоотой асуудлыг хэзээнээс, хэрхэн яаж олгох вэ гэдгээ энэ долоо хоногт холбогдох албаныхан дахин хэлэлцэхээр болжээ.
Ерөнхий сайдын мэдээлснээр барилга, хот байгуулалтын салбарт зургаан томоохон ажил хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Засгийн газар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм батлан мөрдүүлсэн.
Энэ дүрмээр барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг МХЕГ хоёр үе шаттай зохион байгуулж байсныг өөрчилж, салбарын төрийн захиргааны төв байгууллага, салбарын орон нутгийн засаг захиргааны байгууллага нэг үе шаттай зохион байгуулахаар болгожээ. Өмнө нь ижил үүрэгтэй хоёр комисс ажиллаж, 120 орчим хүний гарын үсэг цуглуулахад 208 хоног шаарддаг байсныг халж, 55-59 хоногт багтааж “Нэг цонх”-ны үйлчилгээгээр үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Цаашид үүнийг Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж мөрдүүлэх аж. Мөн хуульд барилгын компаниудын хүчин чадал, чадавхийг стандартчилж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг онлайн хэлбэрээр ажиллуулахыг тусгана. Энэ мэдээллийн санд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа болон баригдсан барилга байгууламжийн хувийн хэрэг, тоо бүртгэлийг бүрэн хамруулж, олон нийтэд нээлттэй мэдээллийн тогтолцоог бий болгох юм байна.
Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх ажлын хүрээнд хяналт удирдлагын тогтолцоо, холбогдох стандарт, дүрэм, заавруудыг шинэчлэх, сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахаар “Цэнхэр карт” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Ингэснээр барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, чадвартай инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулж, учирч болох осол, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
Барилгын материалын хангалтыг сайжруулах зорилгоор эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилт дэвшүүлэн “Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” боловсруулан Засгийн газар тогтоол батлан барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1-ийг сэргээж жилд 5000 айлын орон сууц барих хүчин чадал бүхий угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн төсөлд “Чингис бонд”-оос 30 хувийн санхүүжилт буюу 14 сая ам.долларын зээл олгохоор болсон.
Дэд хөтөлбөрийн хүрээнд “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 379 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олгох асуудлыг шийдвэрлэжээ. Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгж, байгууллагад 57.6 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал /цемент, арматур/-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 46 аж ахуйн нэгж, байгууллагад 114.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Ерөнхий сайд энэ мэт олон ажлыг барилгын салбарт хийж байгааг мэдээлсэн. Харин УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний мэдээлэлд дүгнэлт хийснээ ч танилцуулав. Мэдээж, тэдний амнаас энэ салбарт хийж буй ажлуудыг сайшаасан тухай нэг ч үг, өгүүлбэр унасангүй. Дээрх болгоныг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан байлаа. Тухайлбал, “Цэнхэр карт” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийсэн нь тодорхойгүй. Орон сууцны нийлүүлтийг дэмжих зорилгоор 380 тэрбум төгрөг банкуудад байршуулсан нь буруу. Найман хувийн хүүтэй зээлийг зөвхөн банкуудад даатгаж орхисон нь орон сууцны салбарын талаар бодлого, хөтөлбөр байхгүй байгааг харууллаа гэж дүгнэж байв.
Ингээд УИХ дахь сөрөг хүчний зарим гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн М.Энхболд: -Шинэчлэлийн Засгийн газар зөв бодлого гаргалаа гэж тодорхойлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай их ярьж байна. Энэ нь хэзээ ажил болох юм бэ. Хэдэн иргэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах вэ. Баригдаж буй орон сууцны барилгуудын зарим нь чанарын өндөр шаардлага хангадаггүй. Өмнө нь манай нам засаг барьж байхдаа барилгын чанарт их анхаардаг байсан. Шинэчлэлийн Засгийн газар нийлүүлэлтээ дэмжихэд анхаарч байна. Барилгын компаниудыг нийтэд нь дэмжиж байх шиг. Чанар муутай барилга барьсан бол хэн хариуцлага хүлээх вэ?
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: -Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэдийн тоог хязгаарлахгүйгээр хамруулна. Урт хугацаатай энэ зээлд арилжааны бүх банк оролцоно. Хамгийн гол нь иргэдийн орох орон сууц нь зээлийн баталгаа, барьцаа болно. Тиймээс иргэдээс илүү зүйл шаардахгүй. Зээлийн ерөнхий журмаа баталлаа. Ирэх /энэ/ долоо хоногоос хэлэлцүүлэх ажилдаа орно. Мэдээж, орон сууцны чанарт анхаарал тавьж байна. Иргэд ч амьдрах гэж буй орон сууцныхаа чанарт анхаарах ёстой. Үүнээс гадна мэргэжлийн хяналт байгууллага ч хяналт тавьж ажиллах юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Найман хувийн хүүтэй зээлээ дундаж амьдралтай өрхийн орлоготой уялдуулан тооцсон уу. Энэ чинь нэг байртайг нь хоёр, хоёр байртайг нь гурав болгох чинээлэг иргэдийг дэмжих бодлого юм биш үү. Хоёрдугаарт, зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг асуудлыг яаж цэгцлэх вэ?
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: -Найман хувийн хүүтэй моргейжийн зээлийг хэрэгжүүлэх нь зөвхөн энэ Засгийн газрын үүрэг биш. Энэ зээлийг гаргахын тулд олон талаас нь нягталсан. Арилжааны банкууд болон Монголбанкныхан, барилгын салбарынхан гээд холбогдох бүх албаныхантай ярилцаж байж шийдвэрлэсэн. Зөвшөөрөлгүй барилга барьдаг явдлыг таслан зогсоохын тулд манай яам хүнд суртлыг багасгах, барилгын ажил эхлэхээс өмнө холбогдох тусгай зөвшөөрлүүдийг нь олгох гэх мэт тодорхой ажлууд хийж байна.