Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Цогтбаяр: Санхүүгийн эргэлтийн ганцхан хувь нь хөрөнгийн зах зээлд харьяалагддаг

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Цогтбаяртай уулзлаа. Бидний яриа хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны тухай шинэчилсэн хуулийн хүрээнд өрнөсөн юм.

-Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд багагүй хугацааг үдлээ. Харин саяхан хуулиа шинэчлэн баталлаа. Хуулийг шинэчлэх урьдчилсан нөхцөл нь юу байсан бэ?
-Үнэт цаасны зах зээл хөгжөөд 23 дахь жилдээ орлоо. Анх байгуулагдсан хувьчлалын гэх үүргээ гүйцэтгэчихсэн учраас эдийн засгийн дахин хуваарилалтыг шударга болгох, ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө босгох боломж бололцооныхоо шинэ системд одоо л хөл тавьж байна. Системээ 2005-2008 онд боловсруулсан. Яагаад гэвэл, энэ үед ДНБ өндөр өсөлттэй, эдийн засаг тогтворжиж, хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн бий болгосон юм. Гэвч эрх зүйн орчин нь үнэхээр дутмаг, хөрөнгийн бирж, хадгаламж, брокер, диллерийн систем олон улсын электрон орчинд ороогүй байлаа. Энэ бүхний дараа бүтээгдэхүүн үйлчилгээ ярьдаг юм гэдэг үүднээс эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага гарч ирсэн. Тэгээд 2008 оноос хойш ажлын хэсэг гарч, Үнэт цаасны хууль, Компанийн хуулиа шинэчлэхээр болсон юм. 2011 оноос хойш мөрдөж эхэлсэн Компанийн тухай хууль маш сайн боловсруулсан хууль. Засаглал болон хэм хэмжээ, хөрөнгө оруулагчдын оролцоог тодорхой тусгаж өгсөн. Дараагийн шат болох Үнэт цаасны тухай хууль гарчихлаа. Цаашид бид сангийн хууль, хөрөнгө оруулалтын менежмент хийх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сангийн мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлдэж, бүтээн байгуулалтад оролцох ёстой. Гэтэл өнөөдөр нэг ч удаа ороогүй. Тиймээс хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай юм.
-Шинэчилсэн хууль зах зээлийн оролцогч талуудад ач холбогдолтой олон зүйл нэмэгдсэн. Эдгээр эерэг үр дүн юу байх бол?
-Энэ хуулиар мэдээж шинэ зохицуулалт, өөрчлөлт хийж чадсан. Нэгдүгээрт, үнэт цаасны бүтээгдэхүүний нэр төрөл олширсон. Урьд нь, хувьцаа, бонд, сангийн хувьцаа, оопшинс, фьючерз гээд ярьдаг байсан бол өнөөдөр хадгаламжийн сертификат, үнэт цаас худалдан авах эрхийн бичиг, сангийн хувьцаа, бидний хамгийн сайн мэдэх моргейжийн үнэт цаас орж ирнэ. Мөн таваар буюу арьс шир, төмс үр тарианы үүсмэл үнэт цаасны тодорхойлолтын ойлголт орж ирлээ. Хоёрдугаарт, үнэт цаасны зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байдлыг халах давхар бүртгэлийн асуудал. Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хэрнээ Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн үнэт цаасыг дотоодын бирж дээр арилжаалж болно. Эсрэгээрээ дотоодын биржид арилжаалагддаг бол гадаадад гарах боломж ч мөн хангагдсан. Гуравдугаарт, гадаадаас Монгол Улсын бирж дээр хөрөнгө оруулалт хийе гэвэл тэд кастодиан банк зайлшгүй шаарддаг. Үүнтэй холбоотой асуудал, эрх зүйн зохицуулалтыг хийж өглөө. Дөрөвт, зохицуулах ажиллагааг 100 хувь төрөөс хариуцан удирддаг байсан бол үүнийг шинэчилсэн. Хөрөнгийн бирж, клирингийн байгууллага, арилжаа эрхлэгчдийн холбоо гэх нэгжүүд гишүүдийнхээ нийтлэг эрх ашигт үйлчилдэг, сургалт сурталчилгаа хийж, сертификат олгох боломжоор хан­гаад байгаа.
-Үнэт цаасны тухай шинэчилсэн хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүртэл бэлтгэл ажил хангах шаардлагатай байна. Бэлтгэлийг хангахад зургаан сарын хугацаа хангалттай юу?
-Бэлтгэл ажил гэж хийх зүйл их байна. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд гэхэд л өчнөөн төрлийн өөрчлөлт, нэмэлт дүрэм, журам боловсруулах, тогтолцоог шинэчлэх шаардлага үүснэ. Хадгаламжийн сертификат гэдэг үнэт цаасны тухай журам, тодорхойлолт боловсруулна. Хоёрт, мэдээллийг ил тод болгохтой холбоотойгоор яаж гэсэн асуулт ургана. Ямар системээр, яаж мэдээллээ ил танилцуулдаг байх вэ. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хамтран боловсруулна. Нөгөө талаас манай холбоогоор жишээ авч үзье. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо сүүлийн хоёр жил сургалт зохион байгуулж ирсэн. Тэгвэл цаашид ямар зохион байгуулалттай, яаж ажиллах, ямар дүрэмтэй байхыг нарийн зохицуулж, тодорхойлно. Мөн хөрөнгийн биржүүд цог­цоороо дүрэм журмаа батлаад түүнээсээ салбарлаад, нарийсч болох юм. Дээрээс нь Санхүүгийн зохицуулах хороо дэргэдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Маргаан таслах зөвлөл байгуулсан. Энэ нэгж нь ямар бүрэлдэхүүн, дүрэм журамтай байх ёстойг хэн ч мэдэхгүй тул үүнийг  шийдэх ёстой.
Сурталчилгааны хугацаанд Үнэт цаасны тухай хуулийг иргэд, олон нийтэд маш сайн таниулах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос төсвийг нь гаргаад, маш өндөр торгууль оноочихсон. Жишээ нь, хөдөлмөрийн хөлсний хэмжээг доод тал нь 50, дээд талдаа 100, 250 нугалж торгох хуультай. Хариуцлага нэмэгдүүлээд сайхан болчихлоо гэж байгаа ч цаанаа нийгэмд буруу ойлголт төрүүлэх, магадгүй хямрал үүсгэх хэмжээнд ч хүрч болох. Тиймээс үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагч нарт хуулиа сурталчлах зайлшгүй шаардлагатай. Зургаан сарын хугацаа хангалтгүй ч байж мэдэх юм. Ганц, хоёр удаа ярилцлага өгөөд болчих зүйл биш. Системтэй сургалт, мэдээллийн хөтөлбөр боловсруулж, тал талдаа хамтран ажиллаад ярьж буй зүйлийг бүгд л ойлгодог болох хэрэгтэй.
-Таны яриаг Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын мэдлэг, ойлголт дулимаг байна гэж дүгнэж болох юм. Тэгвэл та шинэ заалт, нэршилээс заримыг нь тодорхой тайлбарлахгүй юү?
-Үнэхээр ойлголт маш бага шүү. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос төрийн өндөрлөгүүдэд яг л үүнтэй холбоотой зүйл хэлж, санал тавьдаг. Тавантолгой, томоохон уурхайн хувьцаа гаргалаа гэхэд мэдэх, ашиглах хүн маш цөөн. Бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэж байгаа бол хүн амын тоотой харьцуулахад дор хаяж 300-400 мянган хүн зах зээлийг мэддэг байх ёстой. Өнөөдөр данстай хүний тоо гэвэл 760 мянган хүний тоо гарна. Гэтэл тэдний дунд идэвхтэй оролцдог нь 35-40 мянга л хүрдэг. Бүр үүнээс цааш 3-4 мянган хүний нэр дээр дийлэнх хувьцаа төвлөрчихсөн байна шүү дээ. Тэгэхээр олон нийтийг мэдлэгтэй болгохын тулд гадаадын туршлагатай хөрөнгө оруулагчдаар сургалт хийж, мэдлэг заалгаж болно. Шинэ хуулинд ч тусгасан нь бий.
Шинэ нэр томъёоны тухайд маш олон төрлийн ойлголтыг таниулж, ялгаж тайлбарлах хэрэгтэй. Зөвхөн кастодиан банк л гэхэд арилжааны банкнаас шал өөр. Нэгдүгээрт, үнэт цаасыг хадгалж, хамгаалж байдаг. Хоёрдугаарт, үнэт цаасны төлбөр тооцоо хийдэг юм. Яагаад арилжааны банкаар дамжуулж хийх ёстой вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсад ирж суухгүй шүү дээ. Харин төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгээ свип буюу захиалгат мөнгөн шилжүүлгээр хийнэ. Бид ч гадаадад суудаг хүүхдэдээ ийм үйлчилгээгээр мөнгө явуулдаг шүү дээ. Свипээр мөнгө явуулж болдог бол үнэт цаас шилжүүлж бас болно гэсэн үг. Энэ төлбөр тооцооны системийн функцээр ялгаатай. Хоёрдугаарт, гадаадад сууж байгаа хүн манай хүнсний компанид хөрөнгө оруулалт хийхдээ хангалттай мэдээлэл авч чадахгүй. Мөн ногдол ашгаа авахын төлөө наашаа нисч ирэх нь утгагүй шүү дээ. Тэгвэл кастодиан банк тэр хүний өмнөөс энд ажиллаж ногдол ашиг, хуваарилалт хийх, компанитай холбоотой мэдээлэл, хурлын материалыг илгээж байдаг юм. Ийм үндсэн ялгаатай. Мөн хадгаламжийн сертификат гэж бий. Олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгой нэрээр хувь­цаа зарагдахгүй. Харин багцалсан хувьцаануудыг зарахыг хэлээд байгаа юм. Багц дотор нь Тавантолгойн хэдэн ч хувьцаа байж болох ч тэр нь хөрөнгийн бирж дээр онц ач холбогдолтой биш. Тэр хадгаламжийн эрхийг сая хэлсэн кастодиан банк, томоохон хөрөнгө оруулагч банкууд гаргадаг юм. Энэ банкны мэдээллээс хадгаламжийн сертификат дотор хэчнээн хүний, хэдэн ширхэг хувьцаа байгааг харж болно. Ийм л ялгаатай зүйлс орж ирж байгаа.
-Компанийн өөрийгөө удирдах, зохицуулах эрхийг шинэчилсэн хуульд тусгасан гэж хэллээ. Сүүлийн үед хөрөнгийн бирж төрд байх, хувийн хэвшилд байх тухай маргаан гарах боллоо. Энэ тухайд таны байр суурь юу вэ?
-Манай Санхүүгийн зохицуулах хороо бол 130-140 орон гишүүнээр элсүүлсэн олон улсын үнэт цаасны хороодын нэгдсэн байгууллага ISCO гэдэгт гишүүнчлэлтэй. Энэ байгууллагаас гишүүн орнууддаа тодорхой шаардлага тавьдаг юм. Үүний нэг бол хөрөнгийн бирж нь паблик статустай буюу олон нийтийн, нээлттэй байна гэдэг. Тодруулбал, зөвхөн гишүүдэд ч биш олон нийтэд нээлттэй хувьцаат компани байна аа гээд заачихсан. Ийм шаардлагын дагуу манай хөрөнгийн бирж хувьцаат компани болчихсон хэдий ч бодлогыг 100 хувь төр мэддэг. Тэгэхээр төр хуулийнхаа орчинд, олон улсын шаардлага зарчмын хүрээнд хөрөнгийн биржээ хувьчлах хэрэгтэй гэж үзэж байна.
Ер нь, хөрөнгийн бирж өөрөө мэдээллээ шударга, үнэн зөв, нээлттэй өгдөг байж зөв жишиг тогтоох боломж бүрдэнэ. Өөрсдөө мэдээллээ хангалттай өгдөггүй байж бусад хувьцаат компани руу мэдээллээ өг, нээлттэй болго гэж шаардах нь байж боломгүй юм. Бүх улсад бирж нь хувьчлагдах хандлагатай болчихсон. Төрийн мэдэлд байдаг жишиг байгаа боловч нээлттэй, мэдээлэл нь ил тод байдгийг санах хэрэгтэй.
-Дараагийн зургаан сард хууль сурталчлах ажил өрнөнө. Үүнд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо ямар үүрэгтэй оролцохоор төлөвлөж байгаа бол?
-Өнгөрсөн хоёр жилийн турш бид Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч сургалт явууллаа. Нийтдээ 1000 гаруй хүн хамрагдаад байгаа. Хөрөнгийн зах зээл дээр 1100-гаад хүн тусгай зөвшөөрөл авчихаад ажиллаж байна. Цаашид бид сургалт, сурталчилгааг эдгээр гишүүнээрээ дамжуулан явуулах юм. Үүнээс гадна олон нийтэд мэдээлэл хүргэхэд төсөв мөнгө үнэхээр их хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Бид санал, санаачилга боловсруулаад төрийн байгууллагууддаа тавих юм. Доод тал нь 100 сая төгрөг хэрэгтэй, сурталчилгааны материал гаргах, гадаадад туршлага судлах, ойр ойрхон сургалт зохион байгуулах шаардлагатай гэдгийг төрийн байгууллагуудад илэрхийлсэн.
-Хөрөнгийн бирж гэдэг нэртэй ягаан байшин Сүхбаатарын талбайн баруун талд байгаад байдаг. Үүнийг хүмүүс мэдэх ч улс орны хөгжилд чухам ямар ач холбогдолтойг төдийлөн мэддэггүй учраас анхаардаггүй юм шиг санагддаг?
-Тийм ээ, хөрөнгийн зах зээлийг хүмүүс хөрөнгийн биржээр төсөөлөх явдал нийтлэг болчихоод байна. Үнэт цаасны зах зээл маань маш олон мэргэжлийн оролцогч, зохицуулах байгууллагатай. Эдгээр оролцогчийн төвшин ямар байгаагаар хөгжлийг тодорхойлж болох юм. Манай улсад одоо л нэг оролцогчийн төвшингөө тодорхойлох шатанд яваа шүү дээ. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл эдийн засагт хамгийн чухал үүрэг, ач холбогдолтой байдаг. Америк, Солонгос, Япон, Хонгконг гээд аль ч өндөр хөгжилтэй орныг авч үзвэл хөрөнгийн зах зээл сайн хөгжсөнийг харж болно. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг улс л буурай хөгжилтэй байгаа юм. Тиймээс энэ төрлийн зах зээлээ маш сайн хөгжүүлэх, тордох хэрэгтэй.
Энэ дунд мэдээж хөрөнгийн бирж маш чухал. Төлбөр тооцоо, хадгаламж, арилжааны систем, зах зээлийн шударга ажиллагаа, үр ашигтай байх нөхцөл цөм бүрдсэн байх ёстой. Өөрөө мэдээллийг ил тод өгдөг системтэй, дотоод удирдлага нь паблик байх шаардлагатай. Одоо дөнгөж техникийн шинэчлэл, хуулийн анхан шатны өөрчлөлт болж байна гэж болохгүй л дээ. Мөн зөвхөн хөрөнгийн биржээр төсөөлөхгүй гишүүн байгууллагуудыг ч онцлох, чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй. Учиргүй олон брокер, диллерийн компани байх шаардлага алга. Хуучин хуулиар брокер, диллерийг хамтад нь ойлгож байсан бол одоо тусдаа болсон. 100 брокерийн компани байж болох хэдий ч диллерийн байгууллага дээд тал нь 20 байх хэрэгтэй. Ингэж байж дараа дараагийн алхам гарч ирэх юм.
-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг та онц, сайн, дунд, муу гэх үнэлгээний алинд тохирно гэж үзэх бол. Шинэчилсэн хуулийн нааштай үр дүн хэдийгээр гарах вэ?
-Үнэлгээний хувьд би маш муу гэж хэлэх байна. Дор хаяж засаглал, дотоод менежментийн хувьд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Аргацаах төдий дүрэм журам гаргаад түүнийгээ ч бүрэн гүйцэд мөрдүүлж чадахгүй байгаа шүү дээ. Яагаад маш муу гэж хэлэв гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөг хүрчихлээ. Үүнээс санхүүгийн хэсэгт нийт 11 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүний дөнгөж нэг хувь нь хөрөнгийн зах зээл дээр байгаа юм. Харин 95-96 хувь нь банк, 3-4 хувь нь банк бус, даатгалын байгууллагад харьяалагддаг. Тэгэхээр ямар байдалтайгаа мэдэхийн тулд хөгжилтэй орнуудыг харъя. Хөрөнгийн зах зээл 50 хувь, бусад нь 50 хувиар явж байна шүү дээ. Бид ийм харьцаа руу тэмүүлэх ёстой, ядаж 10 хувьтай болчихоод одоо боломжийн шүү гэж хэлье. Гэтэл ганцхан хувьтай сууж байгаа мөртлөө “сайхан даа” гэж боломгүй юм. Өдөрт 40-50 компанийн хувьцаа зардаг биржийнхээ ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 328 гэсэн тоо ярьдаг боловч 200 нь зарагддаггүй, идэвхгүй, хаалттай байдаг. Эдгээрийг цэгцэлж, цэвэрлээд, бүртгэлээ сайжруулъя гэсэн шат дараатай арга хэмжээгээ авах хэрэгтэй байна. Ингээд бодохоор нааштай үр дүн нэг жилийн хойно л гарч ирэх байх. Хурдтай ажиллаад, өөдрөгөөр үзвэл 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгийн зах зээлд нэг шат ахицгаая гэж бодож сууна даа.

Б.БИЛЭГТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан