Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан Г.Золцэцэг өвөрмөц төрх биеэ авч яваа байдлаараа эрхгүй ялгардаг. Залуу хүний эрч хүч, хөдөлмөрч занг үлгэр жишээ харуулж яваа энэ бүсгүй “Katya Zol” брэндийг хүртэл бий болгож дэлхий дахинд өөрийгөө болоод эх орныхоо нэрийг гаргаж яваа. Нэгэн үе царай зүс бие хаагаараа тун ч адилхан “Киви”-гийн Укатай хамтран ажиллаж байсан тэрээр сүүлийн үед SBN телевизээр гарч буй “Modart” загварын шоуны хөтлөгч, шүүгчээр ажиллаж буй билээ. Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохоор зорин ажиллаж буй энэ үед загвар зохион бүтээгч Катя Зол эх орноо төлөөлөн Олон Улсын “Fashion me” загварын шоунд анх удаагаа оролцохоор зэхэж буй гэнэ.
Дэлхийн 20 гаруй орны шилдэг загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ толилуулах уг арга хэмжээнд тэрээр монгол ноолуурыг сурталчилсан 2 коллекц болон жирийн коллекцуудаараа оролцох аж. Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж буй уг арга хэмжээнд “Киви” хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ Катя Золын загваруудыг өмсөхөөр болсон гэнэ. Уг загварын шоу ирэх сарын 10-16-нд болох юм.