1970-аад оны дундуур хятадын эрх баригчид хүн ам нь хэмээс хэтэрхий өсч, тун удахгүй нөөц баялаг нь хүн амаа тэжээж хүрэлцэхгүйд хүрнэ гэдгийг ухамсарлах нь тэр. Ингээд л “нэг гэр бүл, нэг хүүхэд” гэдэг хууль гаргаадахлаа. Цөөхөн тохиолдолд 2-3 хүүхэдтэй байхыг зөвшөөрнө. Энэ хуулийг зөрчих юм бол бараг нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний торгууль төлөх болно.
Эндээс л хүүхдийн наймаа эхэлсэн болов уу. Нэгэнт өөрөс гарсан юм болохоор төлөвлөгөөнөөс гадуур ч гэлээ хүүхдээ юу гэж алах вэ дээ, харин аль аль талдаа ашигтайгаар шийдээд худалдчих гэсэн санаа төрсөн байх. Ийм наймаа хятадад хэдэн арван жил үргэлжилж өнөө ч байсаар байна.
Ийм наймаа цэцэглэх улс төрийн ч , эдийн засгийн ч нөхцөл байгаа л даа. Ядуурал их байгаа, нөгөө талд нь гэмт хэргийн бүлэглэлүүд цэцэглэж байна. Төрийн байгууллагын бүхий л түвшинд авлига байгаа болохоор гэмт хэргийн бүлэглэлүүдэд таатай байгаа нь мэдээж. Тэгээд хятадад гэмт хэргийн Триад бүлэглэл бүр сүлжээ болчихсон газар.
Шаньдун мужийн Линьи хотын Ли овогт эмэгтэй 2005 оноос өөрийн гэсэн “жижиг бизнес” эрхэлж эхэлжээ. Тэр 16 насанд нь төрсөн анхны хүүхдээ Триадын дээрэмчдэд 16 мянган юань буюу хоёр мянга орчим ам.доллараар худалдсан байна. Үүндээ амташсан тэр хоёр дахь хүүхдээ төрүүлж өмнөхөөсөө ч илүү үнэд хүргэн 6000 доллараар заржээ. Гурав дахь хүүхдээ арай л худалдаж амжсангүй, хуулийнхны хараанд өртөж гэр бүлийн нь бизнес хаагдах нь тэр. Эхнэр нөхөр хоёрыг чанга дэглэмтэй хориход долоон жил суулгахаар илгээснээр энэ түүх өндөрлөсөн байна.
НҮБ-ын тооцоогоор сүүлийн хоёр жилд Хятадын хүчний байгууллага, Интерполтой хамтран хүүхэд хулгайлсан 10 мянган тохиолдлыг илрүүлжээ. Дээр нь бас 20 мянган эмэгтэйг улс дотроо болон гадаад оронд бэлгийн боол болгон явуулж байгааг ч тогтоож.
Бээжингийн албан ёсны мэдээгээр энэ хоёр жилд эмэгтэйчүүдийг хулгайлсан 10 мянган тохиолдол, хүүхэд худалдаалсан 6000 орчим гэмт хэрэг гарсан байдаг. Цагдаагийнхан гэмт хэргийн бүлэглэлийнхэн, дээрэмчдийн гараас 9300 хүүхэд, 18 мянган эмэгтэйг аварлаа гэсэн тоо ч бас байна.
Ер нь хятадад ийм чиглэлээр гэмт хэргийн 3,5 мянга орчим бүлэглэл ажиллаж байгаагийн 22 мянга орчим хүнийг барьж эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэхдээ энэ чинь 1,5 тэрбум хүнтэй улс шүү дээ. Ер нь Хятадад нэг жилд дунджаар 30-60 мянган хүүхэд худалдаалдаг гэсэн багцаа тоо байна.
Энэ бүхний хамгийн гол эх үүсвэр нь ядуурал. Төрөхийг хязгаарлаад байхад айлд охин төрвөл сүйрэл л гэсэн үг. Хятадууд хүүг эрхэмлэж өв залгамжлуулахыг боддог ард түмэн.
Харин хүүгийнхээ төлөө яахаас ч буцахгүй явна. Ийм нэгэн түүх байна. Нэгэн чинээлэг айлын хүүг хулгайлж. Хүүгийн эцэг бараг бүх хятадаар эрэн сурвалжилж, нэгэн тоосгоны үйлдвэрт боол шиг ажиллаж байхыг нь олж. Тэр цагдаагийнханд баталгаа нотолгоо үзүүлж байж хүүгээ авах болсон чинь өөрийн нь тосгоны бас нэг хүүхэд тэнд байна гэнэ. Түүнийг авах гэтэл цагдаагийнхан өөрийнхөө хүүг л ав, бусдыг нь бүү оролд гэжээ. Ингээд аргагүй болж тэр хүүхдийн төлөө мөнгө төлж байж авсан гэнэ. Эндээс төрийн албаныхан, цагдаагийнхан ч гэсэн дээрэмчидтэй хамтардаг, тэднээс хувь авдаг нь харагдаж байна.
Гуйчжоу мужид түшмэлүүд хүүхэдгүй гэр бүлд хүүхэд худалдсан явдал ч бий.
Хүүхдийн наймаа багагүй орлоготой бизнес. Бас тийм ч их эрсдэлтэй биш. Охин хүүхдийг бол зүгээр л гудамжинд хаячихаж болдог болохоор сайндаа л 500 доллар хүрэх бол хөвгүүд 5-6 мянган доллар хүрнэ.
Их хүнд үед охин төрөхөд ч хэцүү л дээ. Иднэ шүү дээ. Үнэхээр хамгийн ядуу бүс нутагт хүний мах идэх явдал бий гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байна.
Энэ бүхнээс хэрхэн гарах вэ гэдэг л асуудал болж байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд хүний наймаа эрхэлсээр байгаа ч эрх баригчид үүнтэй хатуу ширүүн тэмцэл хийхийг нэг их эрмэлзэхгүй байгаа юм. Яагаад гэвэл ийм байдлаар хүн амын тоог хязгаарлаж болж байгаа учраас тэр. Хэцүү дээ.