Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехүн Литэй Монгол Улсын болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд хэдэн хувьтай гарна гэж тооцоолж байна вэ?
-Монголын эдийн засаг өнгөрсөн онд нэлээд саарч 12.3 хувийн өсөлттэй гарсан. Уг өсөлт нь хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиглагдсан юм. Харин уул уурхайн салбарын өсөлт буурсан. Энэ он гараад ч уул уурхайн салбарын өсөлт муу байна. Учир нь нүүрсний олборлолт, экспорт саарсантай холбоотой. Нөгөө талаар аж үйлдвэрийн салбарын өсөлт өндөр байна. Үүнд арьс шир боловсруулах, хөнгөн үйлдвэрүүд гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн инфляц анх удаа нэг оронтой тоонд буюу 9.8 хувьд хүрлээ. Инфляц буурхад махны үнэ тогтворжсон нь нөлөөлсөн гэж үзэж байгаа. Инфляцын төвшинг өмнөх оныхтой харьцуулахад эерэг өөрчлөлт гарч байгаа ч цаашид хоёр оронтой тооноос буухгүй байж магадгүй. Яагаад гэвэл мөнгөний бодлогыг сулруулсан, төсвийн зарлага эрчимтэй нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Энэ оны эдийн засгийн өсөлт 13 хувьтай гарах төлөв бий.
-Дэлхийн эдийн засгийн байдал энэ онд ямар байна гэж эдийн засагчид, судлаачид төсөөлж байгаа бол?
-Энэ онд дэлхийн эдийн засгийн байдал тогтворжиж эхэлнэ гэж үзэж байгаа. Гэвч Европын хямрал бүрэн тогтворжиж чадаагүй. Саяхан Кипр хямралд өртөж шинээр асуудал гараад ирлээ. Хятадын эдийн засгийн өсөлт сэргэх хандлагатай болсон. Гэхдээ удаан хугацаанд л өндийх болов уу гэж таамаглаж байна.
-Зэс, алт, нүүрс гээд ашигт малтмалын үнэ ямар байх вэ?
-Түүхий эдийн үнэ ойрын хугацаанд нэг их буурна гэж бид үзэхгүй байгаа. Гэхдээ ашигт малтмалын үнэ савалгаа ихтэй. Яг тэгнэ ингэнэ гэж хэн ч төсөөлж хэлж чадахгүй. Судлаачид энэ жил зэсийн үнэ тогтвортой байна гэж үзэж байна. Дэлхийн эдийн засаг эргээд уналтад орвол ашигт малтмалын унах болно. Хятадын зах зээлээр дамжиж дэлхийн эдийн засгийн хямрал Монголд орж ирж байгаа. Энэ улс түүхий эд бүтээгдэхүүний импортоор дэлхийд тэргүүлдэг. Эдийн засаг нь хурдан сэргэвэл монголын ашигт малтмалын үнэ өснө. Нүүрсний үнэ ойрын хугацаанд төдийлөн өсөхгүй байх. Харин зэсийн үнэ бага зэрэг өснө гэж судлаачид үзсэн. Гэхдээ Монгол Улс зэсийн үнэ өндөр байсан 2011 оны ханшийг баримтлах юм бол алдаа болно.
-Тогтворжуулалтын санд хуримтлагдсан мөнгө 300 тэрбум төгрөг байгаа. Энэ нь ДНБ-ий хоёр хувтэй тэнцэнэ гэдэг. Уг хуримтлал ДНБ-ий хэдэн хувьд хүрвэл Монгол Улс эрсдэлээс сэргийлж чадах вэ?
-Эдийн засгаа тогтвортой байлгах хуримтлал тийм хэмжээнд байвал болно гэсэн алтан дүрэм байдаггүй. Гэхдээ хуримтлал хэдий их байна төдий чинээ хямралын үед эдийн засгаа дэмжиж, хүнд байдалд орохоос сэргийлж чадна.
-Манайхтай адил уул уурхайд түшиглсэн эдийн засагтай Чили, Ботосвана улсын хуримтлал хэдий хэмжээтэй байдаг юм бол. Монгол Улсад хэрэгтэй туршлага юу байна вэ?
-Чили 2007-2008 онд дэлхийн эдийн засаг хямрах үед Төрийн хуримтлалын сандаа ДНБ-ийхээ 70 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгөтэй болж чадсан байсан. Тэгээд хямралын үед төсвийн алдагдлынхаа таван хувийг энэ мөнгөнөөс нөхөж эдийн засгаа дэмжсэн. Монголд тулгарч буй гол асуудал бол төсвийн орлогыг хэт богино хугацаанд тэр чигээр нь үрдэг. Иймд урт хугацаандаа ямар төрлийн төсөл хөтөлбөрүүдийг тэргүүлэх ач холбогдолтой гэж тодорхойлоод санхүүжүүлэх вэ гэдэгт улс төрийн болон нийгмийн хувьд зөвшилцөлд хүрэх ёстой байгаа.
-Хэт богино хугацаанд орлогоо үрлээ гэдгийг ямар үндэслэлээр тодорхойлж байгаа юм бол?
-Монгол Улсын төсвийн орлого зарцуулалтаасаа бага байна. Иймд жилээс жилд төсвийн алдагдал өсч байгаа. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр олноор нэмэгдэх болсон. Ингэж нэмэгдэж байгаа хурд нь Монголын эдийн засгийн үйлдвэрлэлийн чадамжаас давсан. Тэгэхээр олсон орлогоо хэтэрхий хурдан үрээд байна гэж хэлж байгаа юм.